М.Батбаатар: Орон сууцны үнэ ирэх жилээс буурна

Хуучирсан мэдээ: 2012.10.09-нд нийтлэгдсэн

М.Батбаатар: Орон сууцны үнэ ирэх жилээс буурна

“Ярилцах танхим”-ын энэ удаагийн дугаарт Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар оролцож байна. Түүнтэй барилгын салбарт тулгамдаж буй асуудал болон энэ салбарын шинэчлэлийн тухай яриа өрнүүллээ.
-Сүүлийн үед барилгын салбарт ээлж дараалан олон осол гарсан нь барилгачдын нэр хүндэд муугаар нөлөөлж байна. Дахин энэ мэт осол гаргахгүй байж, барилгын салбараа өөд татахын тулд Монголын барилгачдын холбооны зүгээс ямар ажил хийж байна вэ?

-Хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлаа хангаж ажиллаагүйн улмаас олон осол гар­лаа. Тэгэхээр 20 гаруй жилийн түүхтэй, Монголын барилгын салбарын ууган бай­гууллагын хувьд үүнд анхаарлаа хан­дуулах нь зүйн хэрэг. Энэ осол аваарууд юу­наас болж гарч байна вэ гэдэг уг сурвалж, цаа­дах далд шалтгаануудыг нь олж харах хэрэгтэй юм. Монголын барилгачдын хол­боо Итали улсаас “Евро сеф­ти” гэдэг зөв­лөх компани урьж авч­раад дээрх асуудлаар сар гаруйн хугацаанд судалгаа хийж барилгын салбарын тог­тол­цоог сайжруулах са-нал боловсруулсан. Тэгээд боловсруулсан энэ саналаа УИХ-аас томилогдсон ажлын хэсгийн ахлагч Ж.Батзандан, БХБ-ын сайд Ц.Баярсайхан, Хөдөлмөрийн яамны сайд Я.Санжмятав, МХЕГ бо-лон НМХГ, Нийслэлийн удирд­лагуудад хүргүүлээд байна.

Хамгийн түрүүнд газар олголтын асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна. Жишээлбэл, тухайн барилгын талбай дээр кранаа хаана байрлуулах вэ, материалаа хаана хураах вэ, ажилчид нь хаанаа байх юм бэ, хамгаалах тоноглолуудаа хаана байрлуулах гэх мэт асуудлуудаа анх газар олгохдоо л тодорхой заагаад өгчихдөг болъё гэж байгаа. Нэг барилга барихад машин техник явах зай нь нийт талбайн 60-аас доошгүй хувь нь байх ёстой. Гэтэл хааш хаашаа 15 метр газарт 16 давхар байшин барих гээд зүтгээд байна шүү дээ. Тэнд нь хүн, кран барилгын материал гээд бүх юм нь чихэлдчихэж байгаа юм чинь осол гарахгүй гэх баталгаа байхгүй биз дээ. Дараа нь барилгажилтын талбай нь нийтийн эзэмшлийн талбайгаас дор хаяж 10 метр зайтай байдаг. Харин манайхан нийтийн эзэмшлийн талбайг эзлээд барилга барьж байгаагаас осол гарч байна. Нэг барилгын компани 16 давхар байшин барилаа гэхэд талбайгаа ингэж зохицуул, хамгаалалтын бүсээ ингэж тогтоо, энэ бүс дотор аваар осол гарвал танай байгууллага хариуцана гэх мэтээр тодорхой зааж өгөх шаардлагатай юм л даа. Гуравдугаарт барилгын төсөвт өр­төг гэж байдаг. 16 давхар барилга барихад 9,8 тэрбум төгрөг зар­цуулъя гэж бодоход тухайн барил­гын олох ашгийн 20-30 хувь нь хөдөлмөр хамгааллын зардал байх ёстой. Гэтэл хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуульд ашгийн нэг хүртэлх хувийг зарцуулна гэсэн бүдэг бадаг заалт бий. Хуульдаа ингээд заачихсан байдаг болохоор компаниуд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллахад олигтой мөнгө зарцуулахгүй байгаа юм. Тийм болохоор хямдхан каск, хямд тор зэргээр түр аргацааж байна. Бидний боловсруулсан саналд яамд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хан­гахад ямар хэлбэрээр оролцож байх юм бэ, үндсэн хороо нь аль яаманд харьяалагдаж байх юм бэ, нийслэл, аймгуудад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах ямар удирд­лага байх вэ, хяналтыг ямар бай­гууллага тавьж байх вэ зэргийг бүг­дийг нь тодорхой тусгасан байгаа.

-Барилгын салбарын тогтолцоог өөрчлөх энэ саналыг УИХ, Засгийн газар, Нийслэлийн удирд­лагууд хэрхэн хүлээж авч байна вэ?

-Өөрчлөлтийг тогтолцооноос эхэлье гэдэг дээр бүгд санал нэг­дэж байгаа. Саяхан УИХ-ын чуулганы хуралдаан дээр бидний боловсруулсан саналын талаар хэлэлцүүлэг явуулсан. Одоо бүх яаманд хэлэл­цүүлэг хийж байгаа. Энэ санал дэм­жигдвэл барилгын тухай хууль, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль зэрэгт өөрчлөлт оруулна. Дараа нь салбарын хэмжээнд өөрчлөлт хийх ёстой. Ер нь хамгийн түрүүн тогтолцоогоо бүрдүүлчихээд хэн нь, хаана юуг хариуцах вэ гэдэг ажил үүргийн хувиараа тогтоох юм. Хамгийн чухал зүйл бол ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр осол гарсны дараа л хашгичаад байх биш осол болохоос урьдчилан сэргийлэх ёстой юм. Дараа нь хөдөлмөр хам­гааллын сургалтыг үе шаттайгаар явуулна. Үүний тулд хөдөлмөр хам­гааллын чиглэлээр ажиллах яамдын мэргэжилтнүүд, НМХГ-ын байцаагч нарыг сургана. Анхнаасаа газар олголтоос л хариуцлага хүлээж эх­лэх ёстой юм. Яагаад хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг хангаж ажиллах боломжгүй газар барилга барих зөвшөөрөл өгчихсөн юм бэ гэдгээс эхлээд хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Ер нь шат шатандаа шударга байвал л хөдөлмөр хам­гааллын аюулгүй байдал хэвийн хэмжээнд хүрнэ. Түүнээс биш зөвхөн барилгын гүйцэтгэгч компани, ажилчин хоёрт бүх бурууг тохоод өнгөрч болохгүй.

-Хуульд зааснаар бол барилгын компани болгон хөдөлмөр хам­гааллын инженертэй байх ёстой биз дээ. Гэтэл манайд ямар ч ажилчингүй компани тендерт ялчихаад барил­гын бригад ажиллуулаад байдаг жишиг байдаг шүү дээ?

-Тухайн компани барилгын ажил эхлэх зөвшөөрөл авахад л заа­вал хөдөлмөр хамгааллын инженер­тэй байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Манай улсын хөдөл­мөр хамгааллын хууль чанга. Хэрэгжүүлэх дээр л гацчихаад байгаа юм. Дээр нь төсөвт өртөг дотор нь хөдөлмөр хамгааллын зардлыг хангалттай суулгадаггүй.

-Барилга барьж байх явцыг нь хянах тогтолцоог яаж сайжруулах хэрэгтэй юм бол. Одоогийн байдлаар мэргэжлийн хяналтын бай­цаагч нар л энэ ажлыг хий­дэг. Гэхдээ тэдний эрх ч бас хязгаар­лагдмал шүү дээ?

-Бидний боловсруулсан саналаар бол барилга барих явцыг хянах тогтолцоог илүү нарийн болгож байгаа. Мэргэжлийн хяналтын бай­гууллага хяналт тавина. Дээр нь салбарын яамд хянана, түүний дээр улсын хороо хянах гэх мэтчилэнгээр хянах функцийг нь өргөжүүлж өгсөн байгаа.

-Барилга барих зөвшөөрөл авах гэж үйлээ үздэг тухай барилгачид ярьдаг. Хотын удирдлагууд энэ хүндрэлийг арилгахын тулд нэг цонхны үйлчилгээг боловсруулж байгаа. Үүнд Барилгачдын хол­боо­ны зүгээс ямар санал дэвшүүлж байна вэ. Хамтарч ажиллаж байгаа биз дээ?

-Нэг цонхны үйлчилгээг бий болгох талаар ажлын хэсэг гараад ажиллаж байна. Барилга барихын тулд хоёр төрлийн зөвшөөрөл авдаг юм. Нэгдүгээрт барилга барих зөвшөөрөл. Үүнд газрын зөв­шөөрлөөс эхлээд барилгын зургаа батлуулах, ус суваг, дулаан, галын байгууллагуудаас авах зөвшөөрлүүд багтдаг. Энэ төрлийн 110 гаруй зөвшөөрөл байгаа юм. Эдгээрийг яаж цөөлж, хүндрэлгүй болгох тухай нийслэлийн удирдлагуудтай хамтарч ажиллаж байна. Эдгээрийн 60-70-ыг нь хүчингүй болгоно. Дараа нь барилгын салбарт  үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл гэж бай­даг. Зураг төсөл боловсруулах зөв­шөөрөл, өргөх машин механизм ажиллуулах зөвшөөрөл гэх мэт. Мөн л 100 гаруй зөвшөөрөл авах болдог учраас цөөлнө. Монголд байшин барилга барихад маш их хүнд сур­талтай байна гэж гадныхан ярьж байна шүү дээ. Энэ хүнд суртлыг арилгачихвал барилгын салбарт гад­ны хөрөнгө оруулалт орж ирэх боломжтой байгаа.

-Нэг цонхны үйлчилгээг ямар байдлаар зохион байгуулахаар төлөвлөж байгаа вэ?

-Урьд нь иргэд 200 гаруй зөв­шөөрөл авах гэж 200 албан хаагчийн хаалга манаж суудаг байсан. Үүнд бараг нэг жилийг зарцуулдаг. Харин нэг цонхны үйлчилгээг хийснээр иргэд өөрийн материалаа бүрдүүлээд төрийн байгууллагад өгчихнө. Тэр материалыг нь зөвшөөрөл өгдөг хол­богдох албан тушаалтнууд нь хараад зөвшөөрлөө олгоод явна. Ингээд тухайн бүрдүүлсэн материал нь эзэндээ бүх зөвшөөрөлтэйгөө ирнэ гэсэн үг. Тэгэхээр ямар ч асуудал гарахгүй юм. Зөвшөөрөл авах гэж 110 хүний царай харах ч шаардлагагүй болно.

-Энэ системийг хэзээнээс нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа юм бол?

-Энэ сарын 20-нд УИХ-аар хэлэлцүүлнэ. Хүчингүй болгох зөв­шөөрлүүдийг нь хуулийн дагуу хүчингүй болгочихно. Ер нь заавал зөвшөөрлийн тоог цөөлөх нь чухал биш. Гол нь аргачлалыг нь л илүү хялбар болгочихвол асуудалгүй.

-Зөвшөөрөл олгодог албан тушаалтнууд нэг нэгнээ хянах тог­толцоог сайжруулах хэрэгтэй байх. Тухайлбал, газрын зөвшөөрөл хууль бусаар олгосон байвал дараагийн хүн нь цуцалдаг байж болдоггүй юм уу?

-Тийм. Зөвшөөрөл өгч байгаа хүмүүс нэг нэгнээ хянадаггүй учраас алдаа гараад байгаа юм. Газрын албаны зөвшөөрөл олгосон 10 метр квадрат газарт байшин барьж болохгүй гэдгийг архитектор хүн эскиз гаргахдаа батлаад өгчихдөг байх хэрэгтэй. Гэтэл нүдээ аньж байгаад болно гээд зөвшөөрөл олгож байна.

-Тэгэхээр зөвшөөрөл олгодог эрх бүхий хүмүүс хоорондоо хуй­валдаж байна гэсэн үг үү?

-Тэд хууль бус үйл ажиллагаа явуулаад байна л даа. Уг нь барим­талдаг бол манай улсад барилгын норм стандарт хангалттай бий.

-Энэ мэт норм дүрэм зөрчсөн зөвшөөрөл олгож байгаа хүмүүст ямар хариуцлага ногдуулдаг юм бол. Ганцхан барилгын компанийг чичлээд байх биш зөвшөөрөл олгож байгаа хүмүүст үүнээс илүү хариуцлага ногдуулах ёстой биз дээ?

-Албан тушаалтанд хариуцлага ногдуулах систем нь ч хангалтгүй л байна. Барилга дээр осол гарахад барилгын гүйцэтгэгчид л шүүх, цагдаагийн хаалга татаад байж бай­гаа. Гэтэл анх газар олгосон хүнийг хэн ч буруутгахгүй байгаа юм. Тэр хүнийг олж илрүүлэх уялдаа холбоо ч байхгүй. Одооноос эхлээд ийм зүйл гарахгүй. Хэн анх газар олгосон байна вэ. Тэр нөхөртэй л хариуцлага тооцно. Норм стандарт зөрчсөн гэдгийг нь мэдсэн мөртлөө болохгүй гээд гаргахын оронд болно гэж зөвшөөрөл олгосон нөхөр л хариуцлага үүрэх ёстой юм. Энэ тогтолцоог бий болгохын тулд л бид ажиллаж байна. Нийслэлийн удирдлагууд мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудын үгийг анхаарч байгаа нь олзуурхууштай байна.

-Барилгын салбарыг өөрчилье гэж байгаа бол өмнө нь хууль зөр­чиж зөвшөөрөл олгосон хү-мүүс­тэй хариуцлага тооцох хэрэгтэй биш гэж үү?

-Тогтолцоо маань ийм ойл­гомжгүй байгаа учраас эргээд хариуцлага тооцох гэхээр хүрээ нь ч өргөн байна. Дээр нь хуулийн санкц нь тохирох уу гэдгийг мэдэхгүй байна.

-Зөвшөөрөл олгож байгаа албан тушаалтнууд, барилгын гүй­цэтгэгчдээс гадна тухайн барилгыг захиалж байгаа хүмүүсийн хариуцлагыг бас нэмэгдүүлэх ёстой байх?

-Хамгийн чухал нь барилга чанартай л баригдах ёстой. Гэтэл захиалагчид барилгыг аль болох хямд өртгөөр барих сонир­хол­той байдаг. Тэгээд барилга барьж байхад нь ч хүн үхээд байдаг. Баригдсан хойно нь ч хүний амь эрсддэг. Тиймээс захиалагчаас нь л эхэлнэ. Харин захиалагч нь газар авахаас эхлэх ёстой. Монголын барилгачдын холбоо “Евро сефти” компанитай хамтран боловсруулсан бүтцийн тогтолцооны санал өмнөх тогтолцоог хална гэдэгт итгэлтэй байгаа. Яагаад гэвэл бид энэ саналыг боловсруулахын тулд маш их судалгаа хийсэн.

-Засаг дарга Э.Бат-Үүл хотын төвд 1300 гаруй га-д газар олгохгүй байхаар шийдсэн. Энэ шийдвэрийг Барилгачдын холбооны зүгээс яаж хүлээж авч байгаа вэ?

-Энэ шийдвэрийг зөв гэж үзэж байна. Барилгын норм нормативаар бол Улаанбаатар хотын төвд барилга барихад хэцүү болчихсон. Барилга барих боломжгүй ч гэж хэлэхэд болно. Одоо байгаа жаахан газартаа ногоон байгууламж, зам, талбай хиймээр байна. Ганц нэг цэцэрлэг, сургууль барьчихмаар байна шүү дээ. Барилгын компаниудад захын хороололд барилга барих сонирхлыг нь төрүүлэх хэрэгтэй байна. Нийслэл хотоо тэлмээр байна. Хэдий болтол шугам сүлжээгээ бараадаад хотын төвдөө чихэлдээд байх вэ.

-Дэд бүтэц, ус дулааныг хотын зах руу татахад хэдий хэр хугацаа зарцуулах бол?

-Тэлээд зүтгүүлж байтал 2014 он гарах байх. Энэ хооронд тавдугаар цахилгаан станцын асуудал ший­дэгдчих юм бол 2016 он гэхэд бүрэн дуусчих боломжтой. Үүнээс өмнө саваа бэлдэхээр саалиа бэлд гэгчээр орон сууцаа барьж л байх хэрэгтэй. Гэхдээ ганц нэгээр нь биш бүхэл бүтэн хорооллоор нь. Ер нь цаашид барилгын компаниудыг хүчээ нэгтгэж том групп, концерн болгохыг зорьж байна. Тэгж байж үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтыг хийж чадна. Гэр хорооллыг орон сууцны томоохон хороолол болгох боломжтой. Өнөөдөр хоёр сая 800 мянган хүнтэй манай улсад 2500 барилгын компани байна. Гэтэл 80 сая хүнтэй Солонгос улсад 700-хан компани л үйл ажиллагаа явуулж байгаа юм. Ер нь бид барилгын компаниудыг төлөвшүүлэх, их бүтээн байгуулалтыг өрнүүлэхийн тулд л ажиллана.

-Орон сууцны үнэ дийлдэхээ байх нь. Хотын “А” зэрэглэлийн бүсэд барилга бариулахгүй бол­сон нь орон сууцны үнэ өсөхөд нөлөөлсөн гэсэн судалгаа гарсан байна. Ер нь үнийг бууруулахын тулд яах ёстой вэ?

-Орон сууцны үнэ өндөр байгаа нь үнэн. Гэхдээ цаашид үүнээс илүү өсөхгүй. Энэ талаар хийсэн судалгаа ч байгаа. Хотын зах руу дэд бүтцийн шугам татаж, орон сууцны шинэ хорооллууд бариад эхэлбэл энэ үнэ аяндаа л буурна.

-Судалгаа бий гэж хэллээ. Орон сууцны үнэ хэзээнээс буурах төлөвтэй байна вэ?

-Дараа жилээс л буураад эхэлнэ. Энэ жил 100 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд олон барилга баригдаагүй байгаа. Харин дараа жилээс баригдаад дуусчих байх. Дээр нь ШӨХГ-ын дарга О.Магнай энэ үнийг бууруулах асуудлаар барилгын компанийн эзэдтэй уул­захаар төлөвлөж байгаа гэсэн. Зөв­шилцөлд хүрч чадвал үнээ буулгах боломжтой шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.

Н.САНЖААСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж