Тэдгээр амны ихэнх нь цахилгаангүй. Хүмүүс нүүрсээ газрын гүнээс трактороор татаж гаргаж байсан. Нутгийнхан нь л хулгайн ам гэж нэрийддэг болохоос биш үнэндээ Налайхын нүүрстэй газруудыг хүмүүс бүлэглэж хэсэг хэсгээр нь “хувьчлаад” авчихсан байдаг аж. Тэгээд тэрхүү газарт нь дээрх маягаар ам гаргасан нөхдүүдийг “хулгайн амныхан” гэж нэрийдээд тэднээс түрээс авдаг юм билээ. Налайхын нүүрстэй газар гарын арван хуруунд багтах хэдхэн хүний мэдэлд байдаг аж. Тухайлбал, “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван, Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд асан Т.Энхтайван гэсэн хоёр амьдаа эндхийн ихэнх газрыг эзэмшдэг тухай уурхайчид ярьж байсан. Саяхнаас “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайваны эзэмшлээс нүүрс олборлодог хүмүүсийг хөөж гаргаж байгаа юм байна. Учир нь энэхүү газрыг гурван тэрбум төгрөгөөр улсад зарах гэж байгаа тухай уурхайчид ам булаалдан ярьсан юм. Харин Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд асан Т.Энхтайван дүүгийнхээ нэр дээр газраа шилжүүлсэн бөгөөд түрээсийг төрсөн дүү болох Т.Сангаа нь төлбөрийг нь хураадаг гэх. Тэгэхээр хулгайн амныхан бол ердөө л өдрийн бор хоногоо арай ядан аргацаадаг “жижиг гар”-ууд аж. Налайхын уурхайгаас ихэнх нь ийм маягаар олборлолт явуулж байна. Тусгай зөвшөөрөлтэй учир холбогдох албаныхан яаж ч чаддаггүй. Тэдний цаана жинхэнэ “том гар”-ууд нь түрээс авах маягаар мөнгийг хүүдийлсээр байна.
Уурхайчид дулаан орохоор нүүрсний амаа сайтар бэхлээд орхидог ч тэр нь хүйтний улирал хүртэл тэсэхгүй байх тохиолдол маш их гардаг юм байна. Тиймээс дахиад л шинээр нүүрсний ам гаргах замаар ажилласаар олон оныг үджээ. Ингэхдээ хаана ч хамаагүй газар ухна. Газрын эзэд нь энэ бүгдийг чимээгүй ажиглаж байгаад тэднийг нүүрсэндээ хүрээд ашгаа олоод ирэхээр түрээс авна. Сүүлийн үед нүүрсний ам хурдан гаргахын тулд газрыг шууд эгц доош нь ухдаг болсон байна. Ингэх нь аюултай ч нүүрсэнд хурдан хүрэх арга гэнэ. Ийм амыг босоо цооног гэж нэрлэдэг аж. Ингэж ухсан ам нурсан тохиолдолд дотор нь ажиллаж байгаа хүн амьд гарах боломжгүй гэнэ. Учир нь ийм ам нь нүүрсэндээ хүртэл эгц ухагдсан байдаг бөгөөд тэндээсээ хажуу тийшээ салаалсан байдаг гэсэн. Босоо цооногт ажиллаж байгаа хүмүүс том хэмжээний төмөр торхны амсрыг тайраад нүүрсээ хийж дээшээ гаргадаг бол налуу цооногийнхон ковш гэж нэрлэдэг том чарга хэлбэртэй саваар нүүрсээ гаргаж байсан.
Осол их гарахын хэрээр Налайхын уурхайд хяналт, шалгалтын үйл ажиллагаа эрчимжиж, дарамт шахалт ихэсдэг юм байна. Энэ нь хэвийн үзэгдэл шахам болжээ. Үүний хамгийн энгийн жишээ бол цахилгааныг нь таслах арга гэнэ. Энд одоогоор нүүрс олборлож байгаа хүмүүс хамгийн ихдээ 110 метрийн гүнд хүрсэн байдаг аж. Тэгээд цахилгаанаар мотор ажиллуулан газрын гүн рүү хүчилтөрөгч хүргэхийн зэрэгцээ нүүрсээ татаж гаргадаг байна. Харин цахилгааныг нь тасалсан үед ажлаа зогсоох гэхээр мөнгөгүй болчих гээд байдаг учир хулгайн гэж нэрийддэг ам руу нууцаар ордог гэнэ. Хамгийн сонирхолтой нь хятадуудын ажиллуулдаг амны цахилгаан тасарч байхыг хэзээ ч хараагүй гэсэн яриа байсан.
Эндхийн “том гар”-уудын тоонд хятадууд зүй ёсоор ордог. Тэд нүүрсний нөөц, дэд бүтэц сайтай гэсэн газрыг сонгож авсан байдаг. Ингэхдээ монголчуудаас илүүтэй зохион байгуулалтад оржээ. Тухайлбал, Хятадын “Жин шинь тан” хэмээх компани Налайхын их уурхайн газрыг авсан. Үүнийгээ “Цэн урлан” хэмээх охин компанидаа түрээсэлдэг аж. Түрээслэгч компани нь Налайхын их уурхайн дэд бүтэц дээр тулгуурлан жижигхэн хэмжээний уурхай байгуулжээ. Тус компани 24 цаг үйл ажиллагаа явуулж, өдөрт 50 тонн нүүрс гаргадаг. Ирэх жилээс уурхайгаа улам боловсронгуй болгож, Налайхын их уурхайн балгасыг нурааж, тоосго, блокны үйлдвэр байгуулах гэж байгаа талаар тус уурхайн дарга А.Бат-Эрдэнэ ярьж байсан юм.
Үүнээс гадна тоосгоны үйлдвэрийнхээ хажууханд уурхай гаргасан хятадууд ч байдаг юм байна.
Багануур дүүрэгт төвтэй “Хөх дөрвөлжин” хэмээх компани Налайхын уурхайнуудыг бэхэлгээний модоор хангадаг аж. Бэхэлгээ хийхийн тулд нойтон, сайн чанарын мод шаардлагатай байдаг талаар уурхайчид ярьж байсан. Эндхийн жижиг уурхайнууд “Хөх дөрвөлжин” компаниас нэг ширхэг гуалинг 10 мянган төгрөгөөр худалдаж авдаг бол томоохон уурхайнууд нь “Зил 130” машины чиргүүлтэй модыг таван сая төгрөгөөр худалдаж авдаг гэсэн. Эндхийнхэнд мод нийлүүлдэг гэх “Хөх дөрвөлжин” компани нь зөвшөөрөлтэйгөөр мод нийлүүлдэг гэж байсан ч уурхайнуудын гадаа дөнгөж саяхан ойгоос огтолсон болов уу гэмээр шинэхэн, бүдүүн гуалингууд өрөөстэй байсан юм. Энэ талаар бидэнд Налайхын замын цагдаа Э.Гэрэлт-Ирээдүй “Бэхэлгээний моднуудыг дандаа шөнийн цагаар оруулж ирдэг” хэмээсэн. Өвөл болохоор Налайхын энэхүү найраагүй амьдралын тухай амтай болгон л ярьдаг. Гэтэл энд бүх талын сүлжээний бизнес цэцэглэн хөгжчихөөд байгаа аж. Багануур дүүргийн удирдлагууд болон холбогдох албан тушаалтнууд энэ талаар дорвитой хяналт, шалгалт хийж, асуудлыг үндсээр нь тасалж чадахгүй хэвээр байна.