Дэлхий сүйрэхэд бэлтгэлээ хангасан минь

Хуучирсан мэдээ: 2012.10.09-нд нийтлэгдсэн

Дэлхий сүйрэхэд бэлтгэлээ хангасан минь

Шархүү гуай нь сүүлийн хэд хоног ертөнцийн сүйрэлд бэлтгэв. Эш бошго үзүүлэгч, элдэв мэргэч, төлгөчдийн үгэнд автсан юм биш шүү. Ерөөсөө, цаанаасаа тусгайлан бэлтгэх арга хэмжээнд хамрагдчих шиг боллоо. Шархүү нь Баянхошуунд намаржиж байгаа юм. Тодруулж хэлбэл, Сонгинохайрхан дүүргийн аравдугаар хороонд. Намар налайгаад, тос даасан шар нар ээгээд, хотын төвийн бужигнаан, тоос шорооноос арай зайдуу уг нь тавлаг л намаржиж байлаа. Гэтэл өнгөрсөн амралтын өдрүүдээс эхлээд гэрэл цахилгаан тасарч, юу юугүй нөгөө зөгнөөд байгаа арванхоёрдугаар сарын 21 тулаад ирэв үү гэлтэй юм боллоо шүү.
Бямба гаригийн өглөө сүүжнийхээ чилээг жаахан гаргаж бага үд дөхүүлээд дээшилтэл гэрэл байдаггүй. Гайхаад гараад зогсч байтал нагацын зээ нар гүйлдээд ирлээ. Тэднийх бас тоггүй гэнэ. Юутай ч ханьтай боллоо. Хэдэн минут, ганц хоёр цагаар тог тасрах байдаг л хэрэг болохоор нэг их юм бодсонгүй ээ. Үдээс хойш болов. Хэрэг бишдэх тийшээ хандлаа. Хөршүүдээ сэжиглэж эхлэв. “Эд тогныхоо мөнгийг төлөлгүй хугацааг нь хэтрүүлж байгаад ташраараа салгууллаа даа” гэсэн муу совин татаад ирлээ шүү. Арын айлынхан машинаа задалчихсан оволзож байна. Тэгнэ байхаа та нар. Тэдний хашаанд хэдэн айлын тоолуур хамтдаа байдаг юм. “Хэнийх нь гэрлийнхээ мөнгийг төлөлгүй унжиж хавийн айлыг тоггүй болгоо бол доо” гэсэн хар сэр маягийн юм Шархүүгийн цээжинд оволзоод байгаа юм чинь.

Эрх биш хотын төвийн орон сууцны айл биш гэр хороолол юм хойно  цаас, мод юухан хээхнээр гал түлээд хоол, цайгаа аргалчихлаа. Гадаа дулаахан гал түлмээргүй байвч шалгалт өгч байгаа болохоор ганц нэг хоногийн өмнө ч яамай, Улаанбаатараа утаажуулах ажилд ороод явчихлаа даа. Орой хэрд хог ачих тэрэг ирэв. Баярласан гэж юүхэв. Гэрт байхад ингээд давхиад ирнэ гэдэг ховрын юм болохоор өмбөө цөмбөө хогоо ачуулчихлаа. Хэсгийн ахлагч бүсгүй цахим үнэмлэхийг минь явдал суудалгүй авчраад өгчилөө. Бачийж гялайсандаа болоод хэсгийн ахлагчаас ч, хог ачуулж байгаа айл аймгийн авгай хүүхнүүдээс ч “Тог яасан” гэж асуухаа мартчихаж. Аягүй бол тэр айлууд тогтой байгаад тэгээд асуучихсан бол “Шархүү мөнгөө төлөлгүй гэрлээ таслуулчихаж” гэж жиг жуг болох ч байсан уу, ам ангайгаагүй нь ч зөв болж.

Үдэш боллоо. Хэрэг бишидлээ. Тог байдаггүй хэвээрээ. Тог ч үгүй, зурагт ч үгүй хорвоогоос тасран хэсэг суув. Ядаж байхад iPad-аа асааж чаддаггүй, iPhone ч цэнэггүй таг. Хавийн айлуудын цонх таг харанхуй. Хаа нэг байдаг гудамжны гэрэл ч таг. Хашааныхаа өндөрлөг газар болох дошин дээр гараад харлаа. Манай хороо даяараа тас харанхуй. Манайх ганцаараа биш юм аа. Нийтээрээ түнэр харанхуйд нөмрүүлчихэж. Тэртээ Хан-Уул дүүргийн нутагт гэрэл харагдах нь арай ч нийслэл даяараа тог тасраагүйг гэрчилнэ.

Ингэхэд нээрээ ертөнцийн төгсгөл, дэлхийн сүйрэл, гаригуудын жагсаал, тэнгэрийн заадсын хар нүх рүү дэлхий “Хоп” гээд сорогдох гээд хачин хачин яриа их гараад байгаа. Түүнд ард иргэдээ бэлтгэлтэй байлгахаар зориуд дээрээс хороо, хороогоор нь зохион байгуулж байгаа арга хэмжээ биш байгаа даа гэсэн бодол зурсхийлээ шүү.

Олон гариг эгнэж нарыг хаагаад хэд хоног харанхуй болох юм гэсэн. Тэгэхээр зориуд өглөө нартайгаас эхэлж дасгасаар шөнө харанхуйд наргүй бол ямар байх, яаж амиа аргалахыг шалгаж байгаа юм байна гэж бодогдлоо. Ингээд Шархүү гуай харанхуйд амиа хэрхэн аргалах бэлтгэлдээ орлоо доо. Тэгсэн яасан гээч. Гэрт лаа байтугай өөдөс ч алга. Гадаа тас харанхуй байдаг. Бүх айлын гэрэл тасарчихаар гараад гараад лаа олдох уу. Ядахдаа ойр хавьд ТҮЦ гээч байхгүй. Бүгдээрээ хэдэн жилийн өмнө журамлагдаад хаагдчихсан.

Гэхдээ амьд хүн аргатай, Аранжин чимба тарнитай гэж үг бий дээ. Ерээд оны эхээр гэрэл байнгын тасраастай, лаа шүдэнз ч ховор үед ээж маань өөхөн дэн хийчихдэг байсан юм. Тэр санаанд орлоо. Хийх арга нь амархан л даа. Далим гарсан дээр нь технологийг нь үнэгүй хэлээд өгчихье. Дэлхийн сүйрэл болох үед лаа шүдэнз олдохгүй бол энэ аргыг хэрэглээрэй. Зулын гол шиг нэг сайхан гол имэрчих. Зулынхаас ялгаатай нь маань унших албагүй. Тэгээд томоохон цөгцөнд голоо суулгаад өөхөн тос хайлуулж цутгаад л гүйцээ. Өөхөн тосгүй бол ургамлын тос яг таарна. Тэгээд шүдэнзээр асаагаад л гэрэл гэгээтэй болчихно. Тос дундраад ирэхээр нэмээд байхад хэчнээн ч цаг гэрэлтэй байна гэж мэд. Шүдэнзгүй бол хэт цахиур байхад болно. Ингээд Шархүү гэрэлгүй үед хэрхэн амиа аргалах вэ гэсэн шалгалтыг давгүй өгчихлөө. Хөршүүдээ бас харлаа. Нөгөөдүүлийн бэлтгэл ямар байгаа бол гэж. Айл болгоны цонхны цаана сүүмгэр гэрэл гарч байх юм гээч. Бүгдээрээ амиа аргалчихаж. Нөгөө нөөцөлсөн жаахан лаагаа үрчихээгүй байгаа даа.

Шархүү нэг иймэрхүү байдлаар гурав дахь хоногтоо шалгалт өгч байна. Энэ цахилгаан сүлжээнийхэн Монголынхоо хамгийн олон хүнтэй дүүргийн арваад мянган хүнтэй хороон дээр ертөнцийн төсгөлд амиа хэрхэн аврах туршилтыг анхлан хийдэг мөн ухаантай яа.

Тэгээд юмыг яаж мэдэх вэ гэж цахилгаан түгээгчдээс асууж үзлээ л дээ. “Шугамын шинэчлэлт хийж байгаа юм” гэсэн сэтгэл гонсоймоор хариу өгдөг байна ш дээ. “Дэлхийн сүйрэлд бэлтгэх дадлага хийлгэж байгаа юм” гэхгүй. “Цахилгаан хэрэглэсний төлбөрөө тэдний дотор тушаахгүй бол цахилгаанаар хязгаарлана” энэ тэр гэсэн аймаар мессеж байнга савж, илүү бичилт хийчихээд өршөөлгүй мөнгө татдаг хэрнээ энэ олон өдөр гэрэл таслахаа мэдэгдэхгүй байгаа юм даа. Харихад гэрэл ирсэн байгаасай. Та нарынхаа буянаар ертөнцийн төгсгөл ирэхэд ажрахааргүй бэлтгэлтэй болсон шүү.                                                

                                                                        А.ШАРХҮҮ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж