“Эдийн засгийн бодлогын асуудал” чуулган болно

Хуучирсан мэдээ: 2012.10.09-нд нийтлэгдсэн

“Эдийн засгийн бодлогын асуудал” чуулган болно

Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн өргөн хүрээний асуудлыг хөндсөн бодлогын чуулган тун удахгүй болох гэж байна. Тодруулбал, Эдийн засгийн судалгаа, шинжилгээний хүрээлэн болон МУИС-ийн Эдийн засгийн сургууль хамтран “Монголын эдийн засгийн бодлогын асуудлууд” сэдэвт чуулганыг 10 дугаар сарын 12-нд “Чингис хаан” зочид буудлын хурлын танхимд зохион байгуулахаар болжээ. Энэ үеэр олон нийт, хүрээлэн буй орчин болон улс төр, нийгмийн өргөн хүрээтэй асуудал хөндсөн макро эдийн засгийн бодлогыг хэрхэн тодорхойлох, хэрэгжүүлэх талаарх сүүлийн үеийн судалгааг танилцуулах юм байна. Тухайлбал, C. Даваасүрэн, “Эдийн засгийн өсөлт ба ядуурал” сэдвээр илтгэл хэлэлцүүлэх бол Д. Ган-Очир, “Монголын эдийн засгийн эмзэг байдлын үнэлгээ: Инфляци, эдийн засгийн өсөлтийн хөтөч үзүүлэлтийг тодорхойлох нь”  сэдэвт илтгэл хэлэлцүүлэх ажээ.

Хуралд дотоод, гадаадын эрдэмтэд, судлаачид, Монголбанкны бодлого тодорхойлогчид, Засгийн Газар, агентлагууд, олон улсын санхүүгийн байгууллагуудын холбогдох ажилтнууд оролцох гэнэ. Мөн төрийн ба төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл оролцох хүсэлтээ ирүүлсэн байна.

Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг уул уурхайн салбар голлон хангаж буй бөгөөд энэ өсөлтийг цаашид тогтвортой байлгахын тулд бодлого тодорхойлогчид уул уурхайн орлогын менежмент, макро эдийн засгийн эрсдлийг зөв тооцоолох, нийгмийн халамжийн ашигтай үйлчилгээг бэхжүүлэх талаарх асуудлыг хэлэлцэх юм байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж