Энэ талаар Зам, тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р.Ононгоос тодрууллаа.
-Одоогийн байдлаар “Нарны гүүр”-ийн барилгын ажил хэдэн хувийн гүйцэтгэлтэй байна вэ?
-“Нарны гүүр”-ийн барилгын ажлыг аравдугаар сарын 17-нд бүрэн дуусгаж, хөдөлгөөнийг нээх ёстой. Өнөөдрийн байдлаар 98 хувийн гүйцэтгэлтэй байна. Зам талбайн цэвэрлэгээ, замын урд, хойд хэсэгт зүлэгжүүлэх буюу тохижуулалтын бага зэрэг ажил л үлдсэн.
-Техникийн комисст хэчнээн хүн багтдаг вэ?
-Өчигдөр “Нарны гүүр”-ийг Техникийн комиссын шалгалтаар орууллаа. Комисст Мэргэжлийн хяналтын байгууллага, Нийслэлийн газрын алба, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас нийт 17 мэргэжилтэн багтсан байгаа.
-Улсын комисс хэзээ хүлээж авах вэ?
-Техникийн комиссоос гаргасан шийдвэрийг Улсын комисст хүлээлгэж өгнө. Тэгэхээр энэ долоо хоногт багтаад Улсын комиссын шалгалтад орно.
-“Нарны гүүр” ашиглалтанд орсноор замын хөдөлгөөний ачаалал хэр буурах бол?
-Одоогоор шалгалтад оруулж, үнэлгээг бүрэн тооцоолоогүй болохоор албан ёсны судалгаа хэлэх боломжгүй байна. Урьдчилсан байдлаар бол нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг 30 хувиар бууруулах магадлалтай гэж үзсэн байгаа.