Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарын хөгжлийг дагаад байгалийн нөөц, нөхөн сэргээлтийн асуудал ихээр хөндөгдөх болсон тул энэ байдалд албан ёсны дүн шинжилгээ хийх шаардлага гарчээ .Тиймээс Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс 2011 оноос эхлэн уул уурхайн нөлөөллийн бүс нутаг болох есөн аймгийн 15 суманд ажиллаж, судалгаа хийжээ. Үүнээс үндэслэн ийнхүү олон улсын бага хурлыг зохион байгуулж, асуудлыг өндөр төвшинд авч үзэх болсон тухай албаныхан тайлбарлалаа. “Уул уурхайн бизнес ба хүний эрхийн тулгамдсан асуудал” олон улсын бага хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Засгийн газраас дэмжсэн бөгөөд хуралд Уул уурхайн яам, Хөдөлмөрийн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагын төлөөллүүдээс оролцох юм байна.
Хурлын талаар Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржоос тодрууллаа.
-Уул уурхайн салбарт хурал зөвөлгөөнийг их зохион байгуулдаг шүү дээ. Энэ удаагийнх юугаараа ялгаатай юм бол?
-Монгол Улс уул уурхайн салбараа хөгжүүлээд, нөөц бололцоогоороо олон улсын хараанд өртсөн. Харин хүний эрх талаасаа энэ салбар дахв аюулгүй ажиллагаа, хөдөлмөр, нийгмийн харилцаа гээд дотоод зүйлийг төдийлөн ил гаргахгүй байна. Тиймээс л энэ удаад уул уурхайн бизнес дэх хүний эрхийн асуудлыг голчлон хөндөхөөрөө онцлог олон улсын бага хурал юм.
-Яагаад заавал одоо л энэ салбар дахь хүний эрхийг онцлох болов?
-Говьд хэчнээн хүүхэд амиа алддагийг мэдэх үү? барилгын салбар сүүлийн үед хараанд өртөхөд энэ талаар л шуугиж байна. Тэгэхэд гамшгийн байдалд байна гэдгийг тооцолгүй өнгөрсөн хойно нь л анхаарч байна. Тийм л учраас хүний эрүүл орчинд ажиллаж, амьдрах, хөдөлмөрлөх эрхийг сайтар хангах ёстой уул уурхайн салбарыг онцолж байгаа.
-Хуралд голлох илтгэл юу вэ?
-Хуралд уул уурхайн салбарын бодлого, хэрэгжилтийг зохицуулдаг голлох гурван яамнаас голлох илтгэл гарах болон МУХҮЭК, энэ салбар дахь томоохон компанийг төлөөлж “Рио Тинто” группын орон нутгийн харилцаа хариуцсан захирал Брюс Харви өөрийн группын хүний эрхийн талаарх бодлогоо сонирхуулах юм.