Т.Солонго “Sweetymotion”-ы ойд оролцох уу?

Хуучирсан мэдээ: 2012.10.08-нд нийтлэгдсэн

Т.Солонго “Sweetymotion”-ы ойд оролцох уу?

Энэ жил 15 жилийн ой нь тохиож буй “Sweetymotion” хамтлагийнхан бие даасан тоглолтоо ирэх арваннэгдүгээр сард хийхээр бэлтгэлдээ оржээ. Тус хамтлагийнхан 15 жилийн ойн тоглолтоо урлагийнхан дундаас анх удаа Яармаг дахь “Буянт-Ухаа” цогцолборт хийхээр болсон байна. Тоглолтын найруулгыг “On&Off” продакшн хийх аж.

“Sweetymotion” хамтлагийнхантай уулзаж, 15 жилийн тоглолтын талаар сонирхлоо.

-Ойн тоглолт бусад тоглолтуудаас юугаараа онцлог болох вэ?

-Шоу тал руугаа илүүтэй хандсан тоглолтыг үзэгчдэдээ толилуулах гэж байна. Дэлгэц, гэрэл хосолсон тийм гоё шоунд умбаад гараасай гэсэн хүсэлтэйгээр бэлтгэл ажлаа хийж байгаа. Залуус барууны тоглолтыг үзэх дуртай байдаг шүү дээ. Тэрний  тэр гоё шоу гэдэг атмосферыг бүрдүүлэх юмсан гэж хичээж байна. Хамтдаа гоё дуулж, бүжиглэн, төрсөн өдрөө нижгэр хийнэ. Хүмүүс төрсөн өдрөө яаж тэмдэглэдэг билээ дээ. Тийм гоё доргио, том төрсөн өдрийг л цугтаа тэмдэглэе.

-Спорт цогцолборт хийхээр хөгжмийн дуугаралт хэр байх бол?

-Ер нь бид нар энд, тэнд янз бүрийн том тоглолтуудыг үзсэн. Жишээ нь, Чикагод “United center” гээд сагсан бөмбөгийн тэмцээн болдог 20 мянган хүний суудалтай стадион байдаг. Хэдийгээр спортын зориулаллттай ч тэнд бүх одууд нь ирж,  тоглолтоо хийдэг. Бид нарын шийдэх зүйл бол зааландаа гол биш. Түүнд суурилуулах яригч, спикер, хөгжмийн тохиргоогоо л маш сайн хийх явдал. Хамгийн сайн гэсэн хөгжим, гэрэл, техникийг  авчирч байгаа. Мөн техникийн хүмүүс дээрээ анхаарч байгаа. Ер нь тоглолтод маань ажиллаж байгаа мэргэжилтэн л сайн байх ёстой гэж бодож байгаа болохоор асуудалгүй байх.  Дээрээс нь Яармагийн спортын ордныхон бид нартай хамтарч ажиллаж байгаа. Өмнө нь тэнд шоу санаанд нь хүртэл гоё дуугарч байгаагүй болохоор тал талаасаа хамтарч ажиллаж байна. Сая спортын ордоныхон акустик талаас нь арга хэмжээ авч, дээвэртээ шилэн хөвөн хийж, шалаа модон болгож шинэчилсэн. Тийм болохоор манай тоглолтод ирэх үзэгч, фенүүд дуугаралтын тал дээр огтхон ч санаа зовох хэрэггүй ээ. Цуурайтаад ая, үг сонсогдохгүй гэсэн асуудал үүсэхгүй.

-“Sweetymotion” өөр хамтлагтай хамтарч дуулах уу?

-Саяхан “Номин талст” хамтлагийн 15 жилийн ойд зориулаад бид хамтран шинэ уран бүтээл гаргасан. “Номин талст 15 жил” тоглолтод анх дуулагдсан дуугаа өөрсдийнхөө тоглолт дээр дуулна. Бид нар 1997 онд дөнгөж хамтлаг байгуулж байхад поп дива Т.Ариунаа эгчийн ард бокал хийж, түүнтэй “Бүжгэнд урья”, “Дурлалын дарс” зэрэг дуунуудыг нь хамтран дуулж байлаа. Манай хамтлагийн 15 жилийн түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн уран бүтээлчид энэ тоглолтод маань оролцоно. 

-Танай хамтлагийн экс гишүүн Т.Солонго  тоглолтод оролцох уу?

-Үгүй гэж хэлэхгүй, бас тийм ч гэж хэлж чадахгүй байна. Манай хамтлагийн бүрэлдэхүүнд байж, түүхийг маань бичилцэж байсан хүн учраас бид байх ёстой гэсэн хүсэлтэй байгаа. Тиймээс Т.Солонгогынхоо цаг завыг харна.

-Саяхан “Хайрын замд” дууны клипээ фенүүддээ хүргэсэн. Тоглолтын өмнө өөр клип гаргах уу?

-Шинэ клип байгаа. Бид нар Н.Жанцанноров гуайн “Аргалд явсан ижий” дуундаа клип хийлгэсэн. Тун удахгүй хүргэнэ. Мөн Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав ахын “Ганц шөнө байгаагүй” дуундаа клипээ хийж байгаа. 

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж