Иргэддээ нээлттэй, тунгалаг бодлого явуулж, ард иргэдийнхээ санал бодлыг сонсож, бодлогодоо тусгаж ажиллахаа илэрхийлсэн Шинэчлэлийн Засгийн газар төсвийн ил тод байдлыг хангаж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Төсөв 2013” медиа төслийг “Монгол масс медиа” групп, Мэдээллийн “NEWS” агентлаг буюу NEWS.mn сайт, “EАGLE NEWS” телевиз, “NEWS” продакшнтай хамтран эхлүүлж байгаагаа өнөөдөр мэдээллээ.
УИХ-аар ирэх оны төсвийг баталж алх цохих хүртлэх энэ хоёр сарын хугацаанд иргэд, судлаачдын байр суурийг тусгах, төсөв боловсруулагчид шийдвэр гаргагчдын тайлбарыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэх юм. Мөн төсөв тойрсон асуудлаар цуврал нийтлэл, нэвтрүүлэг, эрэн сурвалжилсан мэдээллийг уншигч, үзэгчдэд хүргэхээр “Төсөв-2013” медиа төслийн багийнхан ажиллаж байна.
Шинэчлэлийн Засгийн газар анхныхаа төсвийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан төсөвтэй холбоотой гажуудлыг арилгах зорилгоор онцгойлон анхаарч эхний ажлуудаа хийж эхэлсэн. Сар бүрийн 2 дахь долоо хоногийн 2 дахь өдрийн 2 цагаас болдог “Шинэчилж шийдье-222” энэ удаагийн нээлттэй хэлэлцүүлэг “Үрэлгэн төсөв, өгөөжгүй хөрөнгө оруулалт” сэдвийн дор 2012 оны 10 дугаар сарын 9-ний мягмар гаригийн 14 цагаас Төрийн ордон дахь Иргэний танхимд болох гэж байна.
Медиа төсөл болоод “Шинэчилж шийдье-222” уулзалт хэлэлцүүлгийн явцад гарсан санал дүгнэлтийг төсвийн хэлэцүүлэг болон хэрэгжүүлэх явцад Монгол Улсын Засгийн газар анхаарч ажиллана гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхтөр мэдэгдлээ.