Испанид жагсаал болжээ

Хуучирсан мэдээ: 2012.10.08-нд нийтлэгдсэн

Испанид жагсаал болжээ

Испаний 56 хотод өчигдөр буюу ням гаригт тус улс дахь  сүүлийн гурван жилд эрс нэмэгдсэн ажилгүйдлийн түвшин, төсвийн таналт, нийгмийн халамжийг бууруулсан явдлыг эсэргүүцсэн олон мянган жагсагчдыг хамарсан эсэргүүцлийн жагсаал болжээ. Европын хэд хэдэн орныг хамраад байгаа төсвийн хямралын нэгэн тод жишээ Испанийн өнөөдрийн нөхцөл байдал юм. Испани дотооддоо нүүрлээд байгаа эдийн засгийн энэхүү таагүй үзүүлэлтээрээ  Европтоо толгой цохиж байгаа аж. Нийслэл Мадридад болсон дээрх жагсаалд улс орныхоо  эдийн засгийн таагүй нөхцөл байдал, тэр дундаа ажилгүйдлийн өндөр түвшин, төсвийн таналтын эсэргүүцсэн 150 гаруй  зохион байгуулалттай жижиг бүлэглэлүүд оролцсон байна. Энэ үеэр уг жагсаалд оролцогч нэгэн төлөөлөгч “Бид өөрийн улс оронд нүүрлээд байгаа эдийн засгийн таагүй нөхцөл байдлыг эрх баригчид шиг  зүгээр хараад суухыг хүсэхгүй байна” гэжээ. Түүнчлэн энэ удаагийн жагсаалд жагсагчид Засгийн газраасаа ажилгүйдлийн түвшинг одоо байгаагаас дахин нэмэгдүүлэхгүй байх, хөдөлмөрийн чадвартай залуу боловсон хүчнийг дэмжихийг онцолсон юм. Учир нь Испанийн ажилгүйчүүдийн 50 хувь нь залуучууд байгаа бөгөөд сүүлийн гурван жилд ажилгүйдлийн түвшин 25 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Испаничууд ийнхүү уур бухимдал нь дээд цэгтээ хүрэх болсон нь Испанийн одоогийн засгийн газрын ихэнх шийдвэрүүд  нийгмийн халамжийн маш олон таатай хуваарилалтыг танаж хассантай холбоотой бөгөөд энэ нь эгэл жирийн Испаничуудад хүндээр тусч байгаа юм.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж