Хуучирсан мэдээ: 2012.10.08-нд нийтлэгдсэн

Багтах зайгүй түүх

Эргэх амьдралын шаргал хуудас солигддогоороо солигдож, өнгөрсөн бүхэн ард түүх болон үлдсээр… Харин эх нутгийн минь түүх багтахгүй шахам байгааг та мэдэх үү. Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музей, Байгалийн түүхийн музейн үзмэрүүд, ерөөс өнгөрснийг өгүүлэх эх түүхийн “гэрчүүд” Улаанбаатар хотын газар нутагт багтсангүй.

Багтах бүхэнд нь овоол

Зай бүхэнд нь барилга овоолох бичигдээгүй хууль тэртээ тэргүй үйлчилж байгаа нийслэл хотод музей, түүхийн дурсгалт газруудад энэ хууль хэлбэрэлтгүй үйлчилдэг аж. Баримт сөхье. 1998 онд улсын хамгаалалтад орсон Богд хааны ордон музейн газрыг өмнө нь 1997 онд Хан-Уул дүүргийн засаг дарга шийдвэр гаргаж ар талынх нь 1,7 газрыг “Ван Трейд” ХХК-д өгчээ. Хоёр хэсгээс бүрдэх энэ компанийн барилга одоо аль хэдийнэ боссон бөгөөд хоёр давхар шар барилгыг та бүхэн андахгүй байх. Хэрвээ мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Хоёр давхраас дээш барьж болохгүй гэсэн шийдвэр гараагүй бол чухам хэдэн давхар барилга босох байсныг бид тааж мэдэхгүй. 2008 онд тус музейн удирдлагууд хэргийн эзэн “Ван Трейд” компанийг шүүхэд өгч, газраа эргүүлэн авахаар тэмцсэн ч амжилтыг эс олж 1,3 га газрыг таван жилийн хугацаатайгаар өгсөн байна. Ирэх жил хугацаа нь дуусна. Гэтэл одоо газар эзэмших хугацааг сунгах талаар ярьж байгаа гэх.
 
Богд хааны ордон музейн зовлон үүгээр дуусахгүй. Өнгөрөгч гуравдугаар сарын 12-нд Нийслэлийн газрын албанаас хамгаалалтад орсон газраас тодорхой хэмжээг хасах тухай албан бичиг ирүүлжээ. “Бид энэ албан бичгийн дараа Нийслэлийн газрын алба руу “Хамгаалалтад авсан газар нутагт хамаарч байгаа учраас газар чөлөөлөх боломжгүй” гэсэн албан бичиг явуулсан. Гэтэл харамсалтай нь, дөрөвдүгээр сарын 9-нд дахин албан бичиг ирсэн. Сүүлийнх нь бүр тушаасан байдалтай “Заавал чөлөөл” гэсэн утга бүхий албан бичиг ирсэн” гэж Богд хааны ордон музейн захирал О.Мэндсайхан ярив. Гэтэл зам барилгын ажил одоо эхэлчихсэн явж байгаа ажээ. Өнгөрөгч долдугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн засаг даргын 539 тоот захирамж мөн тус музейд ирсэн байна. Энэ удаад 2,2 га газрыг “Грийн Эйр Гарден” компанид өгөхөөр болсон аж. Музейн удирдлагуудын цөхрөлтгүй тэмцсэний үр дүнд арай л зарчихгүйхэн шиг авч үлдэж чаджээ.

Нэгэн баримт

1998 онд УИХ-аас улсын хамгаалалтад авах газруудын тоонд Богд хааны ордон музейг авчээ. Тухайн үед тус музейд хамаарах 5,7 га газрыг тус муейн мэдэлд авсан байна. “Нийт 5,7 га газар нутгаас одоо бидний мэдэлд хэдэн га газар байгаа гэж үү. 5536 км2 газрыг л бид шинээр ашиглалтад оруулсан. Одоо бол бидэнд ногоон ордоны хашаа тулсан тийм л газар бий” гэж О.Мэндсайхан ярьсан юм. Чойжин ламын сүм музей энэ зовлонгоос холуур өнгөрсөнгүй. Нийт 2 га газрыг улсын хамгаалалтад авсан тус музейн газарт “Ар Монгол тревэл” компани болоод МАХН-ын төв байр, иргэн Ш.Баярсайханы нэр дээр байдаг хоёр давхар амины орон сууцны барилга сүндэрлэн байна. Ш.Баярсайхан уг газрыг 2002 оноос өөрийн болгож нийтдээ хоёр айл орох зориулалтаар барьжээ. Түүнээс хойш музейн удирдлагууд газраа эргүүлэн авахыг оролдсон хэдий ч амжилтыг эс олжээ.
 
2007 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр Чойжин ламын сүм музейн өмнөх удирдлагууд “Чоно” ХХК-тай нэгэн гэрээг байгуулжээ. Энэ гэрээгээр бол музейн орох хэсгийн хашааны урд талыг цэцэрлэгжүүлэн зохицуулахаар гэрээ байгуулсан байна. Гэтэл тус компани гэрээгээ зөрчин машины зогсоол барьсан аж. “Бид үүнийг эргүүлэн авах гэж хичээсэн. Гэрээгээ цуцлуулах болсон тухайгаа албан бичгээр хүргүүлтэл биднээс маш их хэмжээний мөнгө нэхсэн. Танай талбайг сэргээж, тохижуулсан 32 сая төгрөгийг танай байгууллагаас өгсөн тохиолдолд газар чөлөөлнө гэдгээ хэлсэн шүү дээ” гэж Чойжин ламын сүм музейн захирлыг түр орлон гүйцэтгэгч Н.Ангирмаа ярив.

Энэ музейн тухайд нэгэнт баригдчихсан барилгуудыг хэрхэх вэ гэдэг нь шүдний өвчин болжээ. Тухайлбал МАХН-ын төв байр болон “Ар Монгол тревэл” компанийн барилгын тал нь тус музейн эзэмшилд багтсан тухайг мэргэжлийн байгууллага нь тогтоожээ. Мөн “Blue Sky tower” барилгыг барьж байх явцад магистраль шугамыг татаж байгаа нэрийдлээр ар талын хаалганы тулгуур болох баганыг нураасан байна. Тухайн үед Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тус компаниар төлүүлэх шийдвэр гарч төлбөрийг нь тэр дор нь барагдуулжээ.

Нэгэн баримт

2001 оны Засгийн газрын хуралдаанаар Чойжин ламын сүм музейн 2 га газар нутгийг улсын хамгаалалтад авчээ. Тухайн үед кадастрын зураг гаргуулаагүй байсан тул 2010 оны зун Нийлэлийн газрын албанаас кадастрын зураг хийлгэхэд 609,7 м2 газрыг баталжээ. Энэ шийдвэрт гомдолтой байгаагаа илэрхийлж олон улсын хөрөнгө оруулалттай газрын кадастрын компаниар хэмжүүлэхэд 2 га газар гэж гарчээ. Ингээд 2010 оны 11 дүгээр сарын 30-нд анх баталсан 2 га газрыг хэвээр нь баталсан байна.

“Манай музей ч асуудалтай байгаа. 1998 онд манай музейн хашаанд барилгаа барих зорилгоор газрыг хувь хүний нэр дээр шилжүүлсэн байна. Үүнээс хойш удаа дараа хөөцөлдсөний эцэст 2010 онд шүүхэд хандсан. Гэтэл Улсын дээд шүүхээс манай музейн газарт хамаарах 230 м2 газрыг тухайн хувь хүний нэр дээр шилжүүлсэн. Газрын алба, шүүхийн байгууллагууд чухам хэний төлөө ажилладаг юм бэ гэж гайхаад сууж байна. Одоо нэгэт улсын дээд шүүхийн шийдвэр гарчихсан учраас тэр газар бол хүнийх л болж таарч байгаа биз дээ” гэж Байгалийн түүхийн музейн захирал Н.Зоригтбаатар ярив.

Актлагдсан музейн үзмэрүүд хэрхэх вэ?

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Байгалийн түүхийн музейн барилгыг чанарын шаардлага хангахгүй гэж үзэн, актлан нурааж, шинэ барилга барих шаардлагатай гэсэн шийдвэрийг гаргасан билээ. Хэрвээ нураах бол музейн үзмэрүүдийг хэрхэх нь одоогоор тодорхойгүй байна. “Угаасаа чанарын шаардлага хангахгүй байсан энэ музейн барилгыг нураах шийдвэрийг мэргэжлийн байгууллагаас нь гаргасан. Энэ хугацаанд бид музейн үзмэрийг өөр газар хуваан байрлуулах шаардлагатай. Учир нь амьтдын чихмэл болоод палеонтологийн олдворыг агуулахад хадгалаж болдоггүй. Илжирч, муудах, гэмтэл учрах аюултай. Тиймээс бидэнд Ленины музейг ашиглахаар өөр боломж байхгүй” гэж Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэд сайд М.Түмэнжаргал ярьсан юм.

Байрыг чөлөөлөх итгэл

Хуучин ЗХУ-аас В.И.Ленины музейг 1981 онд Монголын  ард түмэнд бэлэг болгон өгчээ.  Өмчлөлийн хувьд ихээхэн маргаан дагуулдаг энэ музейг одоогоор МАН эзэмшдэг болохыг өөрсдөө батлаад байгаа юм. Ямар ч байсан музейн зориулалттай цорын ганц барилга байдаг нь энэ. Харин 1997 онд төрийн өмчийн хороо анх байгуулагдаж, улсын өмчийг тоолоход 60 орчим барилгад өмчийн маргаан үүсчээ. Үүний нэг нь Ленины музей.
 
Тус музейг 2011 оны есдүгээр сараас “MGL” ХХК түрээсэлж байгаа гэсэн мэдээлэл бий. Түүнээс өөр мэдээлэл алга. Харин энэ музейг түрээслүүлсэн албан тоотыг МАН-ын албан тоотоор үйлджээ. “МАН бол улс төрийн ноён нуруутай, монголын төрийг хамгийн удаан атгаж байгаа тулхтай хүчин. Улс орны соёл, түүх, өв уламжлалтай холбоотой энэ асуудалд буурь суурьтай шийдвэр гаргаж өмчлөлийн асуудлыг шийдэж, Байгалийн түүхийн музейг байрлуулах асуудлыг шийдвэрлэж өгнө гэдэгт итгэж байна” гэж М.Түмэнжаргал ярьсан юм.

Музейн барилгуудад ямар ч бодлого алга. Хариуцлага тооцох хүмүүс нь ч одоогоор тодорхойгүй хэвээр. Гэхдээ энд хэн бүхэнд тодорхой зүйл байгаа нь 1998 болон 2001 онд улсын хамгаалалтад авах шийдвэрийг гаргасан УИХ болон Засгийн газрын тогтоол юм. Харин одоог хүртэл энэ шийдвэр хэрэгжээгүй л байна. Барилгын үйл ажиллагаа нь эхэлчихсэн, барилга нь баригдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь ч тодорхойгүй. Чойжин ламын сүм музей болон Богд хааны ордон музейг түүхээр нь аваад үзвэл нэг ч хадаас ороогүй хийсэн барилга. Энэ барилгуудын ойролцоо машин зам байхыг ч дэлхийн стандартаар зөвшөөрдөггүй ажээ.

2220 жилийн түүхтэй гэх Монгол Улсын түүхийн эрт болон дунд үеийн дурсгалууд багтах зай алга. Энэ хугацаанд зөвшөөрөлгүй, ашгийн зориулалттай барилга хичнээн удаа боссон бол…

Б.БОЛОРСҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж