Түүнчлэн Засгийн газрын бонд гаргах асуудлаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын илтгэлийг сонсч, богино хугацаанд таван тэрбум ам.долларын бонд гаргахыг Ардчилсан нам дэмжив. Эхний ээлжийн 1.5 тэрбум ам.долларын бондыг их бүтээн байгуулалтад ашиглах бөгөөд цаашид хувийн секторуудыг дэмжин, экспортыг нэмэгдүүлж, зээлийн хүү бууруулахад голлон анхаарах ажээ. Өмнө нь гаргаж байсан бондын хяналт сул байсан. Анхны хөрөнгө оруулалтаараа улсыг өрөнд оруулсан түүх бий. Үүнд дүгнэлт хийж, хариуцлагын тогтолцоог нэмэгдүүлэх хэрэгтэйг ч хурлын үеэр онцолжээ.
Бүлгийн хуралдаанаар 2013 оны төсвийн төслийг онцлон ярилцаж, “Шинэчлэлийн Засгийн газрын анхны төсөв гэдэг утгаараа сайтар боловсруулсан ч эргэн харах зүйлс их байсан” гэдгийг Ардчилсан намын бүлгийн дарга анхааруулав.
Тодруулбал, төсвийн алдагдал ДНБ-ийн хоёр хувиас хэтрэхгүй байхаар тусгасан байна. Өөрөөр хэлбэл, ирэх оны төсвийн алдагдлыг 360 тэрбумаас хэтрүүлэхгүй байх гэнэ. Ардчилдсан намын бүлгийн даргад танилцуулснаар бол төсвийн нийт зарлага 7.4 их наяд, нийт тэнцвэржсэн орлого нь долоон их наяд байх ажээ. Мөн Ардчилсан намаас төсвийн төслийн талаар ажиллах ажлын хэсэг байгуулахаар болжээ. Энэхүү ажлын хэсэг нь 2013 оны Төсвийг үр ашигтайгаар зарцуулах, үр дүнтэй хөрөнгө оруулалт хийх зэрэг судалгааг хийх юм байна. Жижиг, дунд үйлдвэрүүдэд олгож байгаа зээлийг эргэж харах бодлого Ардчилсан намаас барьж байгаа гэлээ.
Нийт төвсийн есөн хувийг эзэлж байсан орон нутгийн төсөв ирэх жилээс 20,7 хувь болж 2.3 дахин өсөж байгаа. Тиймээс хяналт, хариуцлагыг нь ярилцсан байна. 2013 оны төсөвт бэлэн мөнгөний нийлүүлэлтийг хязгаарлах бодлого барьж байгаа. Одоогийн төсөвт цалин мөнгөний нэмэгдэлд 100 гаруй тэрбум төгрөгийг тусгасан. Гэхдээ цаашид цалин хөлс нэмэх бодлогыг баримтлахгүй гэж АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнбат мэдээллээ. Мөн тус намын бүлгийн хуралдаанаар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дэмжсэн байна.