Цэргийн албыг иргэнлэг болгоно

Хуучирсан мэдээ: 2012.10.08-нд нийтлэгдсэн

Цэргийн албыг иргэнлэг болгоно

Шинэчлэлийн Засгийн газрын Батлан хамгаалах яам цэргийн албыг залууст мэргэжил эзэмшүүлэн гаргадаг алба болгох зорилт дэвшүүлээд байна. Цэргийн албыг Мэргэжлийн сургалтын төвтэй дүйцэхүйц сургалтын алба болгож дайчид халагдахдаа тусгай мэргэжилтэй, хадгаламжтай болоод харих нөхцөл боломжоор хангана гэдгийг Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ сэтгүүлчидтэй уулзахдаа хэллээ. Удирдах бүрэлдэхүүнийг ч илүү иргэнлэг болгох юм байна.

Мөн Монгол Улсын нэр хүндийг дэлхийн тавцанд гаргаж байгаа энхийг сахиулах үйлсэд монгол дайчдын оролцох оролцоог ч цаашид хадгалах юм. Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ “Эх орондоо байхдаа монголчууд өөрсдийнхөө үнэлэмжийг сайн мэддэггүй. Харин олон улсын үйл ажиллагаанд оролцоод олон орны дайчидтай хамтран ажиллаад ирэхээрээ өөрсдийнх нь ур чадвар хэнээс ч дутахгүйг мэдэрч толгой дээгүүр, нүдэндээ галтай, хийморьлог золбоолог болоод ирдэг. Дэлхийн халуун цэгийн орнуудад алба хааж байгаа монгол дайчид байрны гадаа дэлбэрэлт болоход шууд буугаа бариад босдог. Үүнийг нь гаднын цэргийн өндөр тушаалтнууд үнэлж “Монгол цэрэг манаанд гарсан үед хамгийн тайван унтдаг” гэж хэлдэг” гэж байлаа.

Цэргийн албыг эрдмийн алба болгож, зөвхөн цэргийн хэргээс гадна энгийн амьдралд хэрэгтэй олон төрлийн мэргэжил эзэмшүүлэх зорилтыг шинэчлэлийн Засгийн газар ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэн ажиллахаар болсныг бас мэдэгдлээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж