Э.Амарбат: Ц.Батбаяр, Н.Болормаа нарыг шалгаж байгаа

Хуучирсан мэдээ: 2012.10.08-нд нийтлэгдсэн

Э.Амарбат: Ц.Батбаяр, Н.Болормаа нарыг шалгаж байгаа

Авлигатай тэмцэх газрын уламжлалт “Авлигын эсрэг хамтдаа” арга хэмжээ өнөөдөр “Элит” төвд боллоо. Уг үйл ажиллагаанд тус газрын Тамгын хэлтсийн дарга Ж.Наранбаатар, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Б.Бат-Отгон, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батсайхан, Мөрдөн шалгах хэлтсийн дарга Д.Цоодолсэнгээ, Судалгаа шинжилгээний албаны дарга Д.Дуламсүрэн, Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Э.Амарбат нараас гадна УИХ-ын зарим гишүүд оролцсон юм.
Арга хэмжээний эхэнд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг, бусад мэдүүлэг, мэдэгдлийг хэрхэн бөглөх талаар заавар зөвлөгөө өгч, иргэдийн сонирхсон асуултад хариулахаас гадна өргөдөл, гомдол, санал хүлээн авав.

Хурлын үеэр Авлигатай тэмцэх газрын дарга Мөрдөн шалгах албаны дарга Э.Амарбаттай уулзлаа.

-“Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар”-ын дарга О.Магнай танайд хуучин албаны гишүүдээ шалгуулахаар өгсөн гэх мэдээлэл байсан. Энэ мэдээлэл үнэн үү?

-Манайд “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар”-аас тус газрын дарга асан Б.Лхагва тэргүүтэй хэдэн гишүүдтэй холбоотой материал ирсэн. Бид энэ гомдлыг судлаад, “Гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна” гэж үзсэн. 19 хоногийн хугацаанд шалгаж, шийдвэрээ гаргана.

-Шалгаж дуусах хугацаа нь яг хэзээ вэ?

-Энэ долоо хоногийн сүүлээр тодорхой хариу гарчихна. 

-“Гэрлэх ёслолын ордон”-ы дарга Х.Оюунчимэгийг шалгаж дууссан уу?

-Бид Х.Оюунчимэгийг албаны мөнгө хувьдаа шамшигдуулсан гэх үндэслэлээр шалгаж байгаа. Мөрдөн байцаалт дуусаагүй яваа.

-УБЕГ-ын дарга асан Л.Амарсанаагийн хэргийг прокурорт шилжүүлсэн үү?

-Л.Амарсанааг манай байгууллага болон Тагнуулийн ерөнхий газар хамтран хэд хэдэн үндэслэлээр шалгаж байгаа. Мөрдөн байцаалт үргэлжилж байна. 

-МАХН-ын дарга Н.Энхбаярын авлигын хэрэгт холбоотой нь тогтоогдоод байгаа эрх мэдэл бүхий хүмүүсийг танайхаас шалгаж байгаа юу?

-Тэгэлгүй яахав. Н.Энхбаярын авлига, хээл хахуулийн хэрэгт хамсаатан болох нь тогтоогдсон хүмүүсийн хэрэгт тусгайлан хавтаст хэрэг нээсэн, шалгаж байгаа. Гэхдээ зарим хүмүүс нь гадаадад байгаа гэх шалтгаантайгаар мөрдөн байцаалтын ажиллагаа түр завсарласан.

-Тодруулбал?

-УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр, Н.Болормаа нарыг шалгаж байгаа. Харин НИТХ-ын дарга асан Т.Билэгт одоо хүртэл гадаадаас ирээгүй байна.

-Томоохон их, дээд сургуулийн захирлуудыг “Хандивын анги нэрээр мөнгө идсэн” гэх хэргээр танайд шалгаж байгаа гэх мэдээлэл бий. Энэ үнэн үү?

-Албан ёсоор манайд ийм асуудал тавиагүй. Гэхдээ Авлигатай тэмцэх газар дан ганц өргөдөл, гомдол, мэдээлэл өгсөн тохиолдлыг шалгаад суудаг газар биш л дээ. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдсан, чихний хажуугаар өнгөрч байгаа хэргүүдийг шаардлагатай гэж үзсэн тохиолдолд шалгана. Ингэж ойлгож болно.

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж