УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн гэрээний асуудлаар халз мэтгэлцэх байсан ч “С.Баярцогт гишүүний хүсэлтээр хойшлуулсан” гэсэн тайлбар өгсөн юм. Тиймээс С.Баярцогт гишүүнээс халз мэтгэлцээнээс яагаад татгалзсан талаар тодрууллаа.
-Би энэ мэтгэлцээнд орохгүй гэж хэлээгүй юм. Харин мэтгэлцэхийн тулд хоёр тал хангалттай мэдээлэл байх ёстой гэж үзэж байгаа учраас түр хойшлуулахыг хүссэн. Оюутолгойн гэрээний асуудлаар асуулга тавьж байгаа гишүүдийн хувьд олонхи нь мэдээлэл багатай байна. Тухайлбал, Ц.Даваасүрэн гишүүн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард өөрчлөлт орсныг мэдээгүй байх жишээтэй. Гэх мэтчилэн мэдээлэл багатай байгаа учраас мэдээллээ цуглуул, надаас шаардлагатайг нь ав гэдгийг би өнгөрсөн баасан гаригт хэлсэн. Би энэ гэрээг үзэглэсэн, надад хангалттай мэдээлэл бий. Би бүх судалгаа, тоо баримтыг цээжээрээ мэднэ. Харин мэтгэлцэх хүмүүсийн хувьд мэдээлэл авах шаардлагатай зүйл байгаагаас л мэтгэлцээнийг хойшлуулсан.
-Оюутолгойн гэрээг үзэглэсэн хүний хувьд гэрээний талаар маш товч тайлбарыг өгвөл?
-Оюутолгойн гэрээний эдийн засгийн үр ашиг хоёр зүйлээр орж ирэх ёстой. Нэг нь татвараар, нөгөө нь ногдол ашгаар. Засгийн газар татвар авна, хөрөнгө оруулагч тал нь ногдол ашиг авна. Ийм л зүйл байгаа юм. Бидний хувьд татвараараа хангалттай их зүйл авч байгаа, ногдол ашиг дээр 66, 34 хувь байгаа юм. Монголын хувьд татвараар авсан, ногдол ашгаар авсныг нэмээд үзэхээр нийт ашгийн 53 хувийг авч байгаа юм. Одоогийн үнэ цэнээр бол 59 хувь. Яагаад одоогийн үнэ цэнэ өндөр байна гэхээр хөрөнгө оруулагч тал бүх зардлаа нөхсөны дараа ногдол ашгаа авч байгаа юм. Монголын тал энэ үйлдвэрлэлийн ажиллагаа эхлэхэд татвар аваад явж байгаа. Энэ утгаараа Оюутолгойн гэрээ ашигтай гэрээ болсон. Энэ гэрээний талаар олон улсын олон судалгаа байдаг. Энэ судалгаанаас харахад бүх талаасаа ашигтай гэрээ болсон байдаг.
-Гурван жил гэрээг ашигтай болсон гэж ярилаа. Гэхдээ гурван жил эсэргүүцэлтэй тулгарч байна шүү дээ?
-Улс төрийн зорилготой л ингээд байна шүү дээ. Өөр ямар нэг зорилготой гэж харагдахгүй байна. Ашиггүй гэж хэн яриад байна, улстөрчид л ярьж байгаа биз дээ. Тийм болохоор улстөрийн зорилготой гэж харж байна.
-Оюутолгойн гэрээ Монголын талд тэдэн хувь, Оюутолгойд ийм ашигтай гэх реклам олон явж байна. С.Ганбаатар гишүүн үүнийг тархи угаах арга гэж үзсэн байна лээ?
-Сурталчилгааны талаар Оюутолгой компаниас өөрсдөөс нь тодруулах хэрэгтэй. Олон улсын валютын санд мөнгөн урсгалтай холбоотойгоор Монголын талд орж ирж буй мөнгөн урсгалаар тооцож гаргасан тоо болов уу гэж бодож байна.
-Халз мэтгэлцээн хэзээ болох вэ?
-Би бол бэлэн. Нөгөө тал бэлэн болсон үед нь мэтгэлцэнэ. Гэхдээ тэд надтай гэрээний талаар мэтгэлцэхгүй юм байна. Өнөөдрийн байдлаар ярьж байгаа зүйлийг нь харахад дандаа эргэн тойрон дахь зүйлээр нь ярьж байна. Гэрээтэй холбоотойгоор, эдийн засгийн агуулгаар мэтгэлцэж чадахгүй юм байна гэж харлаа.