Энэ мэтгэлцээн өнөөдөр болохоор товлогдоод байсан ч УИХ-ын дэд дарга С.Баярцогт түр хугацаагаар хойшлуулах хүсэлт тавьсан байна. Тэрбээр хоёр тал ижил мэдээлэлтэй байх шаардлагатай гэдэг үүднээс С.Ганбаатар гишүүнийг мэдээллээ цуглуулахыг хүсчээ. Тиймээс мэтгэлцээнийг түр хугацаагаар хойшлуулж буй талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын дэд дарга С.Баярцогт ч хэвлэлийн хуралд хүрэлцэн ирж, тайлбар хийсэн юм. Тэрбээр, “Хоёр тал мэдээллээ цуглуулж, мэтгэлцэхэд хэзээд бэлэн байна. УИХ-ын гишүүдийн тавьж буй тайлбар нь мэдээллийн зөрүүтэй байгаад байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд бид олон удаа гэрээний талаарх мэдээлэл өгсөн. Миний хувьд мэтгэлцэхэд бэлэн, харин С.Ганбаатар гишүүнд мэдээллээ цуглуулаад мэтгэлцье гэж хэлсэн” гэсэн тайлбар өглөө. Харин С.Ганбаатар гишүүн “С.Баярцогт гишүүнийг хүндэтгэх шалтгаантай гэх үүднээс мэтгэлцээнийг хойшлуулж байгаа юм. Хамгийн гол нь хэн нэгэн буруутай гэдгийг ярихаасаа илүү гэрээ ямар журмаар хийгдсэн, цаашид яаж монголчуудад ашигтай болгох вэ гэдгийг л ярилцана” гэв.
Ингээд хоёр тал мэтгэлцэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн ч хугацааг нь энэ удаа зарласангүй.