Эрт цагт нэгэн хаан мөн нэгэн бярман нар нөхөрлөсөнд тэдний хөвгүүд ч хоорондоо нөхөрлөн дотносчээ. Тэр цагт хэрсүү ухаант бярман нь өөрийн хөвгүүнээ багшид тушааж эрдэмд суралцуулав. Харин хаан өөрийи хөвгүүнээс холдож үл чадах тул хүүгээ насны залууд нь эрдэм ухаанд сургаж чадалгүй хаант их төрийг бариулжээ. Хожим бярманы хөвгүүн номд машид мэргэн болсон тул олон түмэнд өргөгдөн хүндлэгдэж эхлэв. Нэгэн удаа олон шавь нарийн дунд сургаал номлолоо айлдаж байхыг хааны хүү холоос хараад эцэгтээ өгүүлсэн нь:
– Ай миний эрдэм үл мэдсэн нь эцгийн ач бага буй,
Асрагч эцэг миыь бярманы хөвгүүнийг харав уу
Адил явсан нөхөр минь энэ мэт сайжрах атал
Аливаа эрдмийг эс сурсан би гагцаар зовлонт болов.
Адилтгаваас галууны дэргэдэх цахлай мэт хэмээн эрдэм ном эс сурсандаа гомдож өгүүлсэнд хаан эцэг нь:
Тэгж чи минь зовох хэрэггүй
Тэдгээр хөвгүүд эрдэмтэй боловч чиний албат,
Тэмцэлтгүй чи бээр тэдний хаан мөний тул
Тэднээс юуны тул доор болох буй хэмээв. Тэгтэл хөвгүүн:
Хаан нь өөрийн оронд хүндлэгддэг
Харь оронд хэн түүнийг хүндлэх
Хамагт хэрэглэгдэх эрдэм төгс мэргэд нь
Харин өөр оронд ихэд хүндлэгдэх буй гэсэнд эцэг нь:
Хөвгүүн чи минь морь, заан зэргийг
Хөлөглөн явдаг хүндтэй хүмүүн билээ,
Харин чиний эдгээр харц албатууд
Хаана ч чамайг тойрон явах болно, гэв. Хөвгүүн:
Хөх ногтруу нугууд гурван уулын үзүүрт оршивч
Хөх нуурын галуудын хаан лугаа яахин тэнцэнэ,
Мэргэн бус тэнэг нугууд морь зааныг унавч
Мэргэдийн явгантай яахин тэнцэж чадах хэмээн өгүүлэв. Эцэг нь:
Бярман нь гагцаар суудаг бөгөөтөл
Бядтай чи минь насад нөхдийн дунд жаргамуй гэсэнд хөвгүүн:
Адаг тэнэгүүд олны дунд ах болох тутам улам муушаагдана,
Ариун эрдэмт мэргэд гагцаар суух тутам билгүүн улам арвидна,
Адгуус нугууд үхрийг хүрээлэх тутам улам алмайран төөрнө,
Арслан цаст уулнаа гагцаар оршвоос хүч нь улам ихэднэ хэмээхэд эцэг нь:
Би эдгээр албат нараар чамд өргөл хүндлэл үйлдүүлсүгэй гэсэнд хөвгүүн:
Үнэхээр эрдэм нугуудад хичээвээс дээдийг олмуй,
Өөдгүй ихэрхэн омогловол хэрхэж ихийг олох буй.
Үлгэрлэвэл, сүүгүй хөгшин муу үнээнд
Үзэсгэлэнт хонх зүүвч үнэ үл хүрэх мэт, хэмээн өгүүлэв. Эцэг нь:
Тэгвэл эрдмийг алгуур сурч болмуй гэсэнд хөвгүүн:
Сайжирч дээшлэхийг хүсэгчид залуугаас эрдэм сурдаг,
Сааль сүү эдлэхийг хүсэгчид өвлөөс үнээ тэжээдэг,
Сайн тариа идэхийг хүсэгчид хавраас хөрөнгө тарьдаг
Сац энэ гурвуул үрийг амсахын шалтгаан болдог буй гэж өгүүлжээ.
Энэ үлгэрээр:
Хэрэглэгдэх эрдэмгүй хүний ам нь
Хэрэггүй онгойж хэвтэх нүхтэй адил.
Хэтэрхий сайн эрдэмт хүний ам нь
Хиргүй бадам лянхуа мэт үзэсгэлэнтэй хэмээх утгыг үзүүлжээ.
Тиймийн тул эцэг, эх нь үр хүүхдээ эрдэм ухаанд сургавал зохих ба хүүхэд багачуул ч эрдмийг хичээн сурах нъьзүйтэй. Эрдэм сайтар сурваас хүссэн хэрэг бүхэн амар хялбар бүтэх болно хэмээсэн утга болой.
Мөн эрдэм сурахын тулд амьтайгаа ч холбож шамдан хичээхийн утга нь: Амиа тэжээхийн тулд хүмүүс өдөр бүр хоол хүнсийг ахин дахин идэж, уудаг. Бас хувцас чимгийг өмсөх, тайлах, эд хөрөнгийг олон дахин эдлэж хэрэглэх зэрэг түвэгшээж залхмаар олон үйлийг тасралтгүй, уйдах ба залхууралгүй их хэрэг, амин чухал болгож үйлддэг билээ. Тэр мэт эрдэм сурахын тулд өдөр бүр ахин дахин давтсан ч уйдаж залхалгүй хичээ гэсэн утга болой.
Мөн бас амиа тэжээхийн тулд мал хариулах, тариа тарих, худалдаа арилжаа зэргийг хийхдээ зун цагт наранд халах, өвөл хүйтэнд даарч бээрэх тэргүүпгнийг ямар нэгэн зовлонд үл тооцдог мэт эрдэм сурахын тулд аливаа зовлон бэрхшээлийг даван туулж, тууштай чин сэтгэлээр эрдэм номд хичээ хэмээсэн утга болой.
Мөн бас өөрийн амин зуулга нь бусдад муушаагдсан ч, бусадтай зөрчилдсөн ч, бусдууд хорьж цагдсан ч амиа тэжээхийн тулд зогсолтгүй үйлдсээр байдаг мэт эрдэм сурах үед бусдын атаархал тэргүүтэй элдэв харш нөхцөл хичиээн тулгаравч саарах нь байтугай улам ихээр шамдан суралц хэмээсэн утга болой.