
Дорнод аймагт оны эхний найман сарын байдлаар малын хулгайн хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21 хувиар өсчээ. Иймээс аймгийн Цагдаагийн газар энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоож, илрүүлэх ажилд анхааралаа хандуулж, нэгдсэн арга хэмжээг зохион байгуулжээ. Үүний үр дүнд өнгөрөгч есдүгээр сард иргэдийн 600 гаруй малыг хулгайлсан 22 холбогдогчтой, 24 гэмт хэргийг шуурхай илрүүлсэн байна. Мөн Улаанбаатар хотод Ажлын хэсэг ажиллуулж, мал хулгайлах гэмт хэрэг үйлдээд оргон зайлсан гурван этгээдийг баривчилжээ. Энэ жил мал махны үнэ огцом өссөнтэй холбогдуулан амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн этгээдүүд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэх нь ихэссэн хэмээн тус аймгийн цагдаагийн газраас мэдээлжээ.
Э.САР