Монгол Улсын төсвийн ил тод байдлыг хангах “Төсөв-2013” медиа кампанит ажил өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна. Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Мөнхтөр болон “News” агентлагийн захирал Б.Тэмүүлэн, “Төсөв-2013” төслийн удирдагч Ц.Ганзориг нар Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Шинэчлэлийн Засгийн газар Төсвийн ил тод байдлыг хангаж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэхүү төслийг ирэх арванхоёрдугаар сарын 1 буюу 2013 оны Төсөв батлагдах өдөр хүртэл хэрэгжүүлэх юм. УИХ-ын чуулганы хуралдаанаар 2013 оны төсөв хэлэлцэж эхэлж байгаатай холбогдуулан иргэдэд төсвийн ил тод байлгах, иргэд саналаа илэрхийлж, судлаачид олон нийтийн санал, шүүмжлэл тодотголыг хэлэлцүүлгийн хугацаанд өрнүүлэх болно.
Иргэн, төр хоёрын хоорондын уялдаа холбоо нь нэг талаар хэвлэл мэдээллийн байгууллага байдаг. Медиа компанит ажлыг “Монгол масс медиа” групп Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх бөгөөд NEWS.mn сайт, “EАGLE NEWS” телевиз, “NEWS” продакшны сэтгүүлч, тоймчид төсөв хэлэлцэх явцад иргэд, судлаачдын байр суурийг тусгах, төсөв боловсруулагчид шийдвэр гаргагчдын тайлбарыг олон нийтэд хүргэж, төсөв тойрсон асуудлаар цуврал нийтлэл, нэвтрүүлэг, эрэн сурвалжилсан мэдээллийг уншигч, үзэгчдэд хүргэх юм.
Өмнө нь Төсөв батлахад иргэдийн санал хүсэлтийг авдаг байсан ч тодорхой үр дүнд хүрэх нь бага байсан бол энэ удаагийн кампанит ажилд иргэд, судлаачид, аж ахуй нэгж өөрсдийн санал бодлыг төслийн хүрээнд танилцуулах, олон нийтэд хүргэх боломжтой болж байгаагаараа онцлог. Мэдээллийн үеэр Төслийн удирдагч Ц.Ганзориг “2012 оны төсвийг хэлэлцэх хугацаанд иргэдээс оновчтой санал авах, шаардлагагүй хөрөнгө оруулалтаар санал асуулга явуулах. Мөн дүүрэг бүрт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулах, олон нийтийн саналыг авах, судалгаа, баримтат кино зэргийг хийхээр төлөвлөсөн” гэдгийг онцолсон юм.
Ш.ЧИМЭГ