Их Британийн BBC телевизийн алдартай цуврал шоунуудын нэг болох
“Strictly Come Dancing” буюу дэлхийн олон оронд “Ододтой бүжиглэе” нэрээрээ алдаршсан уг шоуны аравдахь цуврал энэ
сарын 5-нд буюу өнгөрсөн баасан гаригт эхэлсэн байна. Энэ удаагийн реалити
шоунд уламжлалт ёсоор Их Британийн алдартай урлаг соёлын одод болон тамирчид мэргэжлийн
бүжигчидтэй хамран нийтийн болон латин бүжгийн төрөлд өрсөлдөж оролцож байгаа юм байна. Зохион
байгуулагчдын мэдэгдсэнээр энэ удаагийн
шоунд Их Британий нэрт дугуйн спортын тамирчин Бээжингийн олимпын алтан медальт,
дэлхийн долоон удаагийн аварга Викториа Пендельтон, алдарт Westlife хамтлагийн дуучин Ники Бейрн, Английн нэрт телевизийн хөтлөгчдийн нэг Герн Бритон тэргүүтэй оролцогчид оролцож байгаа гэнэ. Их Британийн “Strictly Come Dancing” буюу “Ододтой бүжиглэе”
дэлгэцийн цуврал реалити шоу хамгийн анх 2004 оны таван сараас үзэгчдийн хүртээл
болж эхэлснээс хойш өдгөө аравдахь цувралаа ийнхүү өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт эхэлсэн аж. Уг шоунд оролцогчид нийтийн бүжиг болоод латин бүжгийн төрөлд мэргэжлийн бүжигчидтэй хамтран бүжиглэж авъяас чадвараа сорьдгоороо
онцлог юм. Түүнээс гадна өнөөдрийн байдлаар дэлхийн
40 гаруй улсад “Ододтой бүжиглэе” нэрийн дор тус телевизийн
шоуг дамжуулан үзэгчдийн хүртээл болгож, улс орнууд дотооддоо ч иймэрхүү шоунуудыг зохион байгуулдаг
болсон байна. Харин шоунд оролцогчдын ур чадварыг Их Британийн бүжгийн ертөнцөд алдартай уран бүтээлчид шүүхээс гадна үзэгчдийн саналыг утсаар авч эцсийн шалгаруулалтын дүнг зарладаг онцлогтой юм. Шүүгчдийн оноо болоод утсаар үзэгчдийн санал асуулгыг авдаг
тэмцээний журам шоу анх гарч эхлэх үеэс л оролцогчдыг шалгаруулдаг
тэмцээний уламжлалт дүрэм журмын нэг гэнэ. Харин бямба гаригийн орой эхэлсэн
арав дахь удаагийн шоуг Их Британийн
туршлагатай хөтлөгчдийн нэг Брусь Форсить
болон Тисс Дэлайе нар хөтөлж байгаа юм байна. 2005 онд тэмцээний эхний хоёр цувралыг телевизийн
нэрт хөтлөгч Наташа Каплинский хөтөлж байсан бол түүнээс хойш өнөөдрийг хүртэл Тисс Дэлайе дараа дараачийн цувралуудыг хөтлөх болсон. Харин
шүүгчдийн бүрэлдэхүүнд Бруно Тонойли, Айрлине Филлипс,
Лен Гүдмайн, Грэг Ревэль Харвүд нарын бүжгийн болоод урлагийн ертөнцийн нэр хүндтэй одуудаас бүрдэж байгаа аж. Энэ удаагийн шоунд шинэ шүүгчээр Филлипс ажилах бөгөөд өмнө нь түүний оронд нэрт од Алиша Диксон
тэмцээнийг шүүж байсан гэнэ. Шоуг зохион байгуулагчдын мэдэгдсэнээр Их Британийн “Ододтой
бүжиглэе”-тай ижил шоуг АНУ-д ч мөн зохион явуулдаг бөгөөд Гүдмайн Тонойли нарын хувьд Америкийн тус шоуг шүүж байсан туршлагатай шүүгчдийн нэг гэнэ. Шүүгч тус бүрийн хамгийн дээд оноо арван оноо байх бөгөөд шүүгчид оролцогчдыг өөрсдийн тус бүрийн үнэлэмжээр дүгнэх аж.
Э.АНХТУЯА