-Говь шанхын хурдны цөм болсон “”Шанхын хурд” холбооны хийж хэрэгжүүлсэн ажлаас яриагаа эхэлье дээ?
– Цогтцэций сумын уяачдын холбоо дөрөв, дөрвөн жилийн хугацаатайгаар тэргүүнээ сонгодог. Би “Шанхын хүлэг” холбооны гурав дахь тэргүүн нь. Таван жилийн өмнө тэргүүний ажлаа хүлээн аваад холбооныхоо үйл ажиллагааг сайжруулахын төлөө, уяачдаа зохион байгуулалтанд оруулахын төлөө, хурдан морио хөгжүүлэхийн төлөө өөрсдийн нөхцөл бололцооны хэрээр ажиллаж байна. Манайхан адууныхаа удам угшлыг сайжруулах тал дээр ихээхэн анхаарч, Төв, Дундговь, Улаанбаатар, Хэнтий, Дорнод, Сүхбаатар зэрэг аймгуудаас 400 орчим адуу авчирсан. Ер нь айл болгонд гадны адуу бий шүү.
-Залуу уяачдаа бодлогын хэмжээнд дэмждэг гэж байсан. Тэр талаараа дэлгэрүүлээч?
– 2009 оны зуднаар олон айл малаа барж, төв рүү орох хандлагатай болсон. Тиймээс холбооны зүгээс залуу уяачдаа дэмжин адууг нь таслахгүй байх зорилгоор жил бүр сумынхаа гурван багаас тус бүр нэг уяач сонгон адуу авч өгдөг болсон. Адилхан адуунд дуртай залуусаа дэмжсэн бидний зүтгэл биеллээ олж, өгсөн адуунууд маань сайн давхиж байгаа.
-Уяачдын холбооны гарцаагүй анхаарвал зохих унаач хүүхдийн эрхийн асуудал дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Хурдан морь унаач хүүхдүүд уралдаан наадам гэж явсаар байгаад хичээлээсээ хоцрох, цаашлаад сурах дургүй болох хандлага ажиглагддаг л даа. Тиймээс холбооны зүгээс анхаарал хандуулан энэ жилээс эхлээд бид таван сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийн “Хурдан морь унаач хүүхдүүдийн сан” байгуулсан. Сангийн журмаар манай холбоо сургуулийн захирал, нийгмийн ажилтантай нь хамтран гурвалсан гэрээ байгуулж, унаач хүүхдийн нийгмийн асуудалд хяналт тавих юм. Өөрөөр хэлбэл унаач хүүхдийн өмнө тулгамдсан асуудлыг сургууль багш нараар нь дамжуулан мэдээд түүнийг нь шийдвэрлэх явдал юм.
-Бусдад үлгэрлэхээр сайхан үйл хэрэг байна?
-Баярлалаа. Бид өнгөрсөн жилийн сумынхаа шилдэг төрийн бус байгууллагаар, аймгийнхаа уяачдын холбооны тэргүүний салбараар шалгарсан. Хүн чинь урмаар тэтгэгдэж явдаг шүү дээ. Бурмаар тэтгэхээс урмаар тэтгэ гэсэн буурлуудын сургаалийг дагаж ноднин уяачдаа урамшуулах зорилгоор 17 хүний бүрэлдэхүүнтэй Сүхбаатар, Дорнод, Дорноговиор аялаад ирсэн. Түүнээс өмнө уяачдаа “Өмнөговь аймгийн 80 жилийн ойн баяр наадамд амжилттай оролц. Амжилттай оролцвол дотоодын аялалд авч явна гэсэн” үүрэг даалгаврыг өгсөн байсан юм. Манайхан ч амжилттай сайн оролцсон. Мөн “Говьшанхын хурд-4” бүсийн наадамд амжилттай оролцсон уяачийг гадаадад явуулна гэж амласан.
-Танайхан сайн наадсан байх шүү?
-Тэгсээн. Манайхан бүсийн наадмаас таван айраг хүртсэн учраас амласан ёсоороо Хөх хотын морин тойруулга, жүчээг үзүүлсэн.
-“Шанхын хүлэг”-ийнхэн уяачдаа урамшуулах идэвхжүүлэх тал дээр нэлээдгүй үйл ажиллагаа зохион байгуулдаг юм байна?
-Оны эцэст шинэ жилийн баяраа тэмдэглэж уяач, унаач хүүхдүүдээ урамшуулдаг байсан бол энэ жилээс эхлээд уяачдын нөр их хөдөлмөрийн ард түшиг тулгуур болж явдаг ар гэрийнхнийг хамт урихаар төлөвлөж байгаа. Жилийн дөрвөн улиралд адуугаа дагадаг уяачийн хөдөлмөр хүнд шүү дээ. Тэрийг ойлгож дэмжиж халуун хоол, бүлээн цайтай байлгадаг гэргий нарыг нь бас урамшуулъя гэж бодсон юм. Би хувьдаа хурдан морийг жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэхтэй адилтгаж үздэг. Тодорхой хэмжээний хөрөнгө оруулж адуу худалдан авч байна. Тухайн адуу айрагдаж түрүүлтэл бас хугацаа шаардана. Тэр болтолх бүх зардлыг эзэн л гаргана шүү дээ. Айрагдаж түрүүлээд амжилт гаргаж байгаа нь жижиг дунд үйлдвэрлэлээр борлуулалтанд орж байгаа хэрэг юм. Мөн морь уяхдаа туслах уяач, унаач хүүхэд гээд л ажлын байр гаргаж, цалинжуулж байна. Энэ талаас нь харвал уяач маань ажил олгогч болж таарч байгаа биз дээ. Энэ өнцгөөс нь хараад жижиг дунд үйлдвэрлэлтэй зүйрлэж байгаа юм.
-Аргагүй Шанхын хурдны цөм гэдгээрээ бусад сумдаа бодвол хурдан морины хөгжил илүү юм. Наад зах нь жүчээ олонтой?
-Тийм шүү. Анх би сумынхаа нэг хөгшний өвөлжөөг худалдаж аваад адуугаа тэжээлгэсэн. Тэгээд л найз нөхдөө уруу татаж, жүчээ баръя, адуугаа өвөл тэжээж уралдъя хэмээн уриалсан юм. Зөв юм хийхээр хүмүүс аяндаа дагадаг юм билээ. Одоо манай суманд 20-30-аад жүчээ бий. Нэг жүчээнд 60-70 адуу тэжээнэ гэхээр нийтдээ бараг 2000 адуу тэжээж болохоор байгаа биз. 2009 оны зуд бидэнд хатуу сургамж өгсөн шүү. Тэр үед адуугаа азарга, азаргаар нь алдсан. Тэр их хөрөнгө мөнгө цаг зав гаргаж авсан үнэт капиталаа олноор алдахдаа харамсахгүй хэн байхав. Говь нутгийн нэг онцлог бол хангай шиг өвс хадлан бэлтгэх боломжгүй. Бид Дорнод Сүхбаатар, Улаанбаатараас өвсөө татдаг. Бэрхшээл байгаа ч нутаг орныхоо нэрийг гарган сайхан наадаж, эр хүний баяр бахдалыг мэдрэхтэй зүйрлэшгүй л дээ. Хурдан морины хөгжлийн төлөө хийхээр төлөвлөсөн миний өөр нэг томоохон ажил бол мал эмнэлэг, тэр дундаа адуунд зориулсан сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий эмнэлэг барихаар төлөвлөөд барилгын ажлаа эхлүүлээд байна.
-Чихэнд чимэгтэй сайхан мэдээ байх чинь. Олон сайхан хурдан буян хөлөө аваад дахин уралдах боломжгүй болж байна?
– Эмнэлгийн тоног төхөөрөмжөө АНУ-аас оруулж ирэхээр хүмүүстэй нь холбогдчихсон байгаа. Энэ тал дээр манай нутгийн доктор Оргил ах маань тусалж дэмжиж байгаа.
-Бусдыгаа манлайлагч “Шанхын хүлэг” холбооныхон цаашид юу юу хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа болоо?
-“Говьшанхын хурд-2” даншиг наадамд манай Өмнөговь аймгаас морь айрагдаагүй. “Говьшанхын хурд-3” наадамд ганцхан морь айрагдсан. Тиймээс бид адуугаа сайжруулахгүй бол Өмнөговь аймгийн морь хоцрогдож байгаа юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Ингээд бид адуугаа сайжруулах тал дээр анхаарч ажилласан. Цаашдаа ч Шанх нутгийн унаган хурд дээр суурилан, адууныхаа цусыг сайжруулна. Мөн аймаг бүсийн наадамд сумынхаа морьдыг олноор оруулах ажлыг зохион байгуулна даа.
-Амгалан тэргүүн уяачийн тухайд гаргасан амжилтынхаа талаар манай уншигчидтай хуваалцаач?
-Манай суманд дээр үед баруун Суугийн хийд гэж байсан. Хайрханы баруун, зүүн суу гэж ярьдаг юм л даа. Тэр баруун суугийн хийдэд шавилдаг Хүрэн гэлэн гэж манай дээд үеийн уяач байсан. Манайхан удам дамжсан уяачид л даа. Миний тухайд 2006 оноос бие дааж морь уяж байгаа. Завхан аймгийн Яруу сумын уугуул Монгол улсын Алдарт уяач Дагвадорж ах маань надад хонгор хязаалан бэлгэнд өгч байсан юм. Тэр нь надад аймгийн наадмын анхны айргийг амсуулж, энэ жил аймгийн наадамд түрүүлсэн. Мөн сумандаа түрүүлж, өвлийн бүсийн наадамд арваар ороод, Дундговийн даншигт наймласан.
-Алдарт аргагүй хурдан буян хайрлажээ. Та чинь бүсийн наадамд морь айрагдуулж байсан гэл үү?
-Тиймээ, бүсийн наадмын хоёр айрагтай. Өнгөрсөн жил “Говьшанхын хурд-4” уралдаанд миний хээр даага аман хүзүүдсэн. Хээр даага маань Өмнөговь аймгийн 80 жилийн ойд мөн аман хүзүүдээд, давхар уяагаар Говьшанхын хурдад айрагдсан юм. Энэ жил Дундговийн даншигт хар хязаалан маань айргийн таваар хурдалсан.Орон нутгийн уралдаанаас жилдээ 30 гаруй айраг түрүү хүртчихдэг юм. 2011 оны хавар аймгийн Алдарт уяач цолоо авсан. Миний морийг миний өөрийн төрсөн дүү Алдаржаргал гэж залуу уяж хурдлуулдаг.
Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.