
Социал-демократ Пер Штайнбрюк (Peer Steinbruck) мөнгө тоолж чаддаг хүн аж. Тэрбээр Ангела Меркелийн (Angela Merkel) Засгийн газарт Сангийн сайд байв. Германы Социол Демократ нам (ГСДН) 2009 оны бундестагийн сонгуульд ялагдсаны дараа, энэ аравдугаар сарын 1-нд канцлерт нэр дэвших хүртлээ бундестагийн гишүүнээр ажиллаж байв.
Энэ хугацаанд түүний нэмэлт орлого бусад гишүүдийнхээс дээгүүр байсан нь тогтоогджээ. Германы Интернэт-портал “abgeordnetenwatch.de”-д мэдээлснээр Пер Штайнбрюк гишүүний сарын цалин 8000 еврогоос гадна 600 мянган еврогийн нэмэлт орлоготой гэнэ. Тиймээс улс төрийн өрсөлдөгч нар болон намын нөхөд нь түүнийг санхүүгийн тайлангаа гаргахыг шаардаж байгаа юм.
ГСДН-ын уриа нь нийгмийн шударга ёс. Тэр шаардлагын дагуу канцлерт нэр дэвшигч Пер Штайнбрюкийн мөрийн хөтөлбөрт их хэмжээний хөрөнгө, орлогоос татвар авах, банкуудын хяналтыг чангаруулах зэрэг шаардлага тусгагдсан. Пер Штайнбрюк менежерүүдийг жирийн татвар төлөгчдөд ачаагаа үүрүүлдэг, хэт их шуналтай гэж шүүмжилж буй нэгэн.
Штайнбрюк ThyssenKrupp концернийн зөвлөлд байв. Бараг гурван жилийн дотор Штайнбрюк хоёр ном хэвлүүлж, ThyssenKrupp концернийн “Ажиглалтын зөвлөл”-д ажиллаж байв. Гэхдээ түүний гол орлогыг банк, концернуудад урилгаар уншсан хэдэн арван төлбөртэй лекцүүд бүрдүүлдэг аж. Бундестагийн гишүүдэд цаг заваараа энд тэнд ажиллаж, орлого олохыг зөвшөөрдөг. Харин тэд нэмэлт орлогынхоо талаар мэдүүлэх ёстой. Гэвч түүний нэмэлт орлого хамаагүй их байгаа нь сэжиг төрүүлж байгаа аж.
Бундестагийн гишүүд өөрсдийн тайланг гаргах сонирхолтой томьёолол бодож олсон юм. Сард 1000 хүртэл евро тооцоонд орохгүй. Наад зах нь 1000-3500 евро нь “анхны шат” гэсэн зэрэглэлд орно. Хоёрдугаар зэрэглэлд нь сарын 7000 евро хүртэл, түүнээс дээш нь гурав, дөрөвдүгээр зэрэглэл гээд явах ажээ. Харин Штайнбрюкийн хөрөнгө орлогын мэдүүлэгт шагналуудын хэмжээ нь бараг бүгдээр гуравдугаар зэрэглэлд хамаарч байгаа аж. Тиймээс долоон мянгаас дээш гэдэг нь хэд вэ? 7100 юу эсвэл 20000 уу гэдэг асуулт урган гарчээ.
Пер Штайнбрюк өөрийгөө буруутай гэж үзэхгүй байгаа аж. “Bildон” сонинд тэрбээр “Хуулийн үг үсгийг алдалгүй сахиж явсан улстөрч хүн хардалт, сэжигт өртсөн нь намайг цочирдууллаа. Одоо хэн нэгэн нь итгэл алдахгүй гээд үнэнээр тоолж ирсэн миний нэмэлт орлогыг миний эсрэг ашиглаж буйг би мэдэж авлаа” хэмээн мэдэгджээ.
Харин “abgeordnetenwatch.de” интернет-портал сайт “Бундестаг эдийн засгийг дэмжих, ажлын байр бий болгох зэрэг асуудлыг 2010 оны дөрөвдүгээр сарын 23-нд хэлэлцэж байхад ГСДН-ын шинжээч, депутат Штейнбрюк тэр хуралд ирээгүй. Харин томоохон зөвлөх компанийн санхүүчдийн өмнө Мангейм хотноо илтгэл тавьж байсан” гэжээ. Дургүйцэл төрүүлсэн бас нэг тохиолдол. Пер Штайнбрюкийн интернэт хуудсанд бичсэнээр тэрбээр “Freshfields” гэх өмгөөллийн санхүү, эдийн засгийн компаниас 2011 онд “7000 гаруй еврогийн шагнал авсан аж. Штайнбрюк Сангийн сайд байхдаа тус компанийн банкны салбарыг санхүүгийн хямралаас хэрхэн аврах тухай хуулийн төсөл боловсруулах олон саяын захиалга өгч байсан нь олны дургүйцлийг төрүүлж байгаа гэнэ.
Александр Добриндт
Христийн нийгмийн холбооны (ХНХ) Ерөнхий нарийн бичгийн дарга Александер Добриндт (Alexander Dobrindt) “DieWelt” сонинд ярилцлага өгөхдөө Штайнбрюкийг оролцуулан, “санхүүгийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн” гэсэн хардалтаас салахыг түүнд анх уриалжээ. Чөлөөт ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Патрик Дёринг (Patrick During) “хувийн сонирхол нь дэндээд ирэхээр социал демократуудын нэр дэвшигчийн гал хамгаалагч нь шатчихаад байна” гэжээ. Улс төрийн өрсөлдөгч нар нь ийнхүү хардаж сэрдэж эхлэхэд намынх нь гишүүд ч мөн түүнийг хөрөнгө орлогын бүх мэдээллээ ил гаргахыг уриалав. Ингээд Штайнбрюк сөрөг довтолгоонд оржээ. Дуулиан дэгдэхээс өмнө тэрбээр “ThyssenKrupp” концернийн Ажиглагчдийн зөвлөлөөс гарчээ. Гэсэн ч Социал демократуудын дарга Зигмар Габриэль (Sigmar Gabriel) шиг татварын мэдүүлгээ гаргаж тавихаас татгалзсан байна. Штайнбрюк эхнэрийнхээ орлогын эх үүсвэрийг ч мөн таг нууцалж байгаа аж. Штайнбрюк шагналын талаарх бүрэн мэдээллийг захиалагч нарын зөвшөөрөлгүй дэлгэхгүй гэж тас гөжүүдэлжээ. Харин Пер Штайнбрюк бундестагийн гишүүдийн нэмэлт орлог тайлагнах журамд өөрчлөлт оруулахыг санал болгосон гэнэ. Ил тод байлгая гэвэл бүгдийг тийм болгоё гэж тэр хэлжээ.