Хөгжлийн бэрхшээлтэй ч сурах эрмэлзэлтэй олон хүүхэд бий

Хуучирсан мэдээ: 2012.10.08-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй ч сурах эрмэлзэлтэй олон хүүхэд бий

Тусгай хэрэгцээт сургууль манай улсад зургаа байдаг. Тэдний нэг болох 25 дугаар тусгай сургуулиар орлоо. 1967 онд анх 60 сурагчтайгаар сургалтаа эхлүүлж байсан бол өдгөө 260 гаруй хүүхэд суралцаж буй ажээ. Тус сургуулийн сургалтын менежертэй уулзаж мэдээлэл авч дараа нь 5б ангиар орлоо. Багш нь мэндлээрэй гэхэд бүгд нэг дуугаар “Та сайн байна уу” хэмээх нь хөгжлийн бэрхшээлтэй гэхээргүй эрүүл хүүхэд шиг харагдсан. Багш нь “Харагдаж байгаа шигээ биш ээ. Бүгд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд” хэмээн миний  гайхсанд шуудхан хариулав. Харин дараагийн ангид ороход маш сонин санагдсан юм. Энэ бол 5в анги. Тус ангид дандаа “Дауна” хэмээх хам шинж өвчтэй хүүхдүүд суралцдаг юм билээ. Уг өвчин нь 800 хүүхэд төрөхөд нэг тохиолддог ховор аж. Харин сүүлийн үед ийм өвчтэй хүүхэд төрөх нь олширч буй гэнэ. Яагаад энэ хүүхдүүдийг онцлоод байна вэ гэхээр, хүн төрөхдөө 46 хос хоромсомтой төрдөг. Гэтэл эдгээр хүүхдүүд 47 буюу нэг хоромсомоор илүү төрдөг ажээ. Энэ хүүхдүүд хоромсомын өөрчлөлттэй. Уг өвчний илрэл нь тун сонин. Учир нь бүгд өөр өөр эцэг эхийн хүүхдүүд байтал биеийн хэмжээ, нүүрний төрх нь яг адилхан. Тухайбал, хоёр нүд нь хоорондоо нэлээн зайтай. Мөн оюун ухааны хувьд саажилттай, үеийнхнээсээ заавал нэг эсвэл хоёр жилээр хоцордог, юм ярьж чаддаггүй. Бүгд нэг хэвийн таргалалттай гэх мэт адилхан төрхтэй болдог байна. Сурагчдыг хичээл хийлгээд суулгахаас гадна хөвгүүдэд нь мужаан, ногоо тарих зэрэг амьдрал дээр гарахад нь хэрэгтэй бүхий л зүйлсийг заадаг юм билээ. Мөн тэдэнд байгалийн ухааны хичээл түлхүү ордог нь тэдний хийсэн бүтээлээс харагдсан. Харин охид шүрээр гар урлал хийх, оёдлын машин дээр юм оёж сурах гэх мэтчилэн бас л өөрсдөд нь зайлшгүй хэрэгтэй зүйлд суралцдаг гэнэ. Хөдөлмөрийн кабинетад нь сурагчдын урласан бүтээлүүд ширээ, цонхны тавцан дээр өрөөстэй харагдсан. Хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч сурах хүсэл эрмэлзэл нь сайхан санагдав. Ийм хүүхдүүдийг сургаж байгаа сургуульд дутагдах гачигдах зүйл олон ч түүнийг нь дэмжээд туслах хүн байхгүйгээс хойш тэр бүр зовлон тоочих дургүй хэмээн сургалтын менежер Ц.Гэрэлмаа хэллээ. Үнэндээ манай улсад зургаахан тусгай боловсролын сургууль байдаг ч шийдвэр гаргах түвшнийхэн анхаарал хандууладаггүй гэж багш нар нь гомдоллож байв.

Ц.ГЭРЭЛМАА: ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭДТЭЙ АЖИЛЛАХ БОЛОВСОН ХҮЧИН ХОВОР

Тус сургуулийн сургалтын менежер, согогзүйч Ц.Гэрэлмаатай сургалтын үйл ажиллагааных нь талаар ярилцсан юм.

-Танай сургуульд сурлага муутай, юмыг ойлгохдоо удаан хүүхдүүд суралцдаг гэлцдэг. Ер нь ямар хүүхдүүдийг авдаг юм бэ?

-Анх 45 жилийн өмнө байгуулагдахдаа тусгай сургууль гэж бий болсон. Анхнаасаа тусгай гэж явсан. Түүнээс биш сурлага муутай ч юм уу хүүхдүүдийг авдаггүй. Тусгай шалгалт авч хөгжлийн бэрхшээлийг нь тодорхойлсны дараа сургуульдаа авдаг. Хүмүүсийн ярьдагчлан сурлага муутай хүүхэд сургадаггүй. Зөвхөн энгийн хүүхдүүдтэй адил  түвшинд суралцаж чадахгүй удаан ойлголттой, хичээлээ дийлэхгүй хүүхэд олон байгаа.

-Тусгай сургууль манайд зургаа байдаг гэсэн. Тэгвэл танай сургуульд яг ямар төрлийн бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг юм бэ?

-Манайд оюун ухааны бэрхшээлтэй хүүхдүүд байдаг. Мөн тархины саажилттай, тэргэнцэртэй, явж чаддаггүй, ярьж чадахгүй, хоромсомын өөрчлөлттэй хүүхдүүдийг сургадаг. Харааны болон сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд өөр  сургуульд сурдаг. Түүнчлэн хавсарсан бэрхшээлтэй хүүхдүүд олон байдаг. Үүнд оюуны хомсдолтой, тэргэнцэртэй хэд хэдэн хүүхэд бий.

-Мэдээж хөгжлийн бэрхшээлтэй учраас энгийн хүүхдүүд шиг тухайн хичээлийг шууд хүлээж авч чадахгүй байх. Зааж байгааг хүлээж авч ойлгохдоо хэр хугацаа шаарддаг юм бол?

-Тэгэлгүй яах вэ. Эдгээр хүүхэд юмыг ойлгохдоо үнэхээр удаан. Багш нар нь маш их дэмжлэг өгч байж итгэлтэй болдог. Энгийн хүүхэдтэй харилцахаас хэд дахин их цаг хугацааг зарцуулж байж хүүхдэд ном сургадаг.

-Танай сургуулийн сурагч Паралимпт оролцсон гэсэн. Ямар төрлөөр орсон юм бэ?

-Тийм ээ. 9а ангийн сурагч Баатар маань энэ олимпт хөнгөн атлетикийн төрөл тэр дундаа бөөрөнцөг, зээрэнцгийн төрөлд амжилттай оролцож тусгай байр эзэлсэн. Их баяртай байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй гэж гололгүйгээр нуугдаж байгаа авьяасыг нь хөгжүүлвэл их цовоо хүүхдүүд байдаг. Тусгай сургуулийн хүүхдүүдийн дунд болдог тэмцээн уралдаанд оролцдог, шүлэг бичиж, хөгжим тоглохоос гадна, амаараа зурдаг зэрэг авьяастай хүүхэд олон байгаа.

-Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд олон. Тэд суралцах хүсэлтэй байдаг байх. Танай сургуулийн хувьд хэчнээн хүүхэд сургах хүчин чадалтай вэ. Одоо суралцаж байгаа 260 хүүхэд дээр нэмэх боломж бий юу?

-Одоогоор анги танхим, сандал, ширээний хүрэлцээ муу. Манайх хоёр ээлжээр хичээллэдэг. Бүх анги танхимаа ашиглаж байгаа. 1-9 дүгээр анги буюу зөвхөн суурь боловсрол олгодог.

-Сурагчдын эцэг, эхтэй багш нар хэр холбоотой ажилладаг вэ?

-Манай хүүхдүүд энгийн хүүхэд шиг өөрсдөө ирж чадахгүй шүү дээ. Өдөр болгон эцэг эх нь хүргэж өгч авдаг. Эцэг эх, багш, сурагчид хамтарч ажилладаг. Бусдаа илүү харилцаа өндөртэй байх  шаардлагатай. Ганц багшид даалгаад орхиж болохгүй. Мөн сургуулийн автобус сурагчдад үйлчилдэг. Бүтэн өнчин болон хагас өнчин хүүхдүүдийг гэрт нь хүргэж өгч авдаг.

-Хүүхдүүдийн ар гэрийн байдал ямар түвшнийх байдаг юм бэ?

-Дийлэнх нь амьдралын баталгаат түвшнээс доогуур орлоготой. Бүтэн өнчин долоон хүүхэд байдаг. Хагас өнчин 100 гаруй хүүхэд бий. Хамаатан садан нь сард нэг удаа ирдэг  хүүхэд ч олон бий. Тэр  утгаараа асаргаа сувилгаа их шаарддаг. Тиймээс манайх шиг тусгай сургуулийн багш, ажилчдыг төрөөс харж үздэг байх хэрэгтэй санагддаг. Эрүүл 30 хүүхэдтэй харилцах, хөгжлийн бэрхшээлтэй 10 хүүхэдтэй харилцах хоёр маш том зөрүүтэй шүү дээ. Үүнийг хүмүүс сонсоод ч ойлгохгүй. Нэг ирж үзээд сургууль хамт олонтой танилцвал ойлгоно доо.

-Багш нарын хувьд мэргэжлийн согогзүйчид гэсэн. Хэр удаан ажилласан, хаана төгссөн багш нар вэ. Учир нь манайд тусгай сургуулийн хүүхдүүдэд хичээл заах багш нарыг бэлтгэдэггүй шүү дээ?

-Социализмын үед ОХУ-д сурч төгссөн багш нар олонх нь байгаа. Одоо бүгд 50 гаруй настай. Төгсөж ирээд л энэ сургуульд мэргэжлээрээ ажилласан улс. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургах боловсон хүчний тал дээр төрөөс анхаарах хэрэгтэй.

-Тусгай хэрэгцээт боловсрол эзэмшсэн хүүхдүүд дээшээ ахих боломж манайд тун ховор байхгүй гэхэд болно. Танай сурагчдаас сургуулиа төгсөөд бүрэн дунд, дээд боловсрол эзэмших чадвартай хүүхэд  байгаа юу. Энэ тал дээр таны бодол ямар байдаг вэ?

-Хүүхдүүд сургуулиа төгсөөд шат ахин суралцаж чаддаггүй ээ. Тэдэнд зориулсан тусгай багш, орчин, зэрэг олон зүйлээр дутагдалтай. Би дээд боловсрол эзэмшиж чадна гэж хэлэхгүй. Гэхдээ нэг мэргэжлээр дагнан суралцах чадвартай хүүхэд олон байдаг. Гар урлал, мужаан ч юм уу, сурагчид маань их тэвчээртэй. Ядаж л өөрсдөдөө ажлын байр бий болгоно шүү дээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нэг мэргэжлээр дагнан сургадаг коллежид орох гэхээр 25 төгссөн юм уу гээд л гоочилж эхэлдэг. Манай хандлага угаасаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ойлгодоггүй, ойлгохыг ч хүсдэгггүй юм шиг санагддаг.

-Сургуулийн сургалтын орчин хэр вэ. Асуудалтай зүйл хэр их байна вэ?

-Тэргэнцэртэй хүүхдийг дээш доош нь зөөх хэцүү. Мөн туслах багшийн шаардлага их байдаг. Булчингийн өвчтэй хүүхдүүд цай хоолоо өөрсдөө идэж чадахгүй гэх мэтчилэн жижигхэн юм шиг хэрнээ асуудал их гардаг.

-Энд суралцаж байгаа хүүхдүүдийг авахдаа дүүрэг харгалздаг уу?

-Үгүй ээ, манайх дүүрэг харгалздаггүй. Бүх дүүргээс ирж суралцдаг. Баянхошуу, Чингэлтэй, Хайлааст гээд хаанаас ч хамаагүй ирнэ. Оюуны хомсдолтой хүүхдүүд зөвхөн манай дүүрэгт байдаггүй. Тийм учраас дүүргээр авна гэсэн ойлголт байхгүй.

-Тусгай хэрэгцээт сургуулийн багш нарыг сургалтад хэр их хамруулж байна вэ?

-Энэ асуудал дээр үнэхээр дутмаг. Нийслэлийн боловсролын газраас хааяа сургалт явуулдаг. Шаардлагатай гэсэн мэдээ мэдээллээр хангадаг. Гэхдээ яг хангалттай, хүртээлтэй гэхэд хэцүү.

-Сургалтын материал, гарын авлага хүрэлцээтэй байдаг уу. Улсаас хангаж өгдөг юм уу?

-Багш нар өөрсдөө бэлтгэдэг. Багш нарын хүчээр л аргацааж байна. Сэтгэлийн чин зоригоор л бүтдэг. Хүүхдүүдэд тусад нь ном өгдөггүй. Ийм хүүхдэд энэ номыг хэрэглүүл гэж хэзээ ч өгдөггүй. Багш нар өөрсдөө хүүхдүүдийнхээ онцлогийг хараад л цалингаасаа хумсалж байж тараах материал бэлтгэдэг. Ядаж л энд суралцдаг хүүхдүүд амьдралын түвшин доогуур. Хичээлдээ ирэхдээ бал, харандаанаас авахуулаад юм юм дутуу. Түүнийг багш нар л зохицуулдаг.

Ч.СУВДАА

“ӨДРИЙН ШУУДАН”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж