Брэнд компьютер үйлдвэрлэхийн тулд бэлтгэлээ хангалттай базаах шаардлагатай
Компьютер үйлдвэрлэх нь хамгийн түрүүнд шаардлагатай эх үүсвэр, нөөц баялгийг бүрдүүлэхээс эхэлдэг. Шаардлагатай эх үүсвэрт мэдээж үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл болон компьютерийн доторх эд ангиуд орно. Гэхдээ компьютерийг брэнд компьютерийн түвшинд чанарын өндөр түвшинд үйлдвэрлэхэд зөвхөн тоног төхөөрөмжийг бэлтгэж нөөцөлсөн байх нь хангалттай үр дүнд хүргэж чадахгүй. Эцсийн бүтээгдэхүүний чанарт голлох үүрэг гүйцэтгэж, компьютер шиг компьютер үйлдвэрлэхэд шаардагдах хамгийн гол эх үүсвэр бол олон жилийн дадлага туршлага, үйлдвэрлэлийн ноу-хау, бэлтгэгдсэн бөгөөд өндөр мэдлэгтэй инженер техникийн ажилчид байдаг. Брэнд компьютерийн үйлдвэрүүд бүгд өөр өөрсдийн үйлдвэрлэл болон технологийн ноу-хау-тай байдаг бөгөөд ур чадвартай тусгай инженерүүдийн тусламжтайгаар тасралтгүй судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр байнгын хөгжүүлэлт хийж өөрсдийн технологийг улам боловсронгуй төгс болгон сайжруулж байдаг. Эдгээр дээр нэмэгдээд зах зээлээ сайтар судалж хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээг яв цав мэддэг болсны үндсэн дээр тэдний ая тухыг дээд зэргээр ханган, аливаа хүндрэл бэрхшээл бүрийг нь хялбарчлахад чиглэгдсэн олон тооны судалгаа шинжилгээг хэрэглэгчдийнхээ дунд явуулсан байх шаардлагатай. Мэдээж эдгээр ажлыг хийж гүйцэтгэхэд нэлээд хэмжээний цаг хугацаа, хүн хүч, хөрөнгө мөнгө шаардагдана. Ийнхүү боловсон хүчнээ сургаж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдээ суурилуулсны эцэст компьютер үйлдвэрлэлийг эхлүүлэх тааламжтай нөхцөл бүрдэнэ.
М-Си-Эс Электроникс компаний хувьд Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарт 14 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлсээр ирсэн компани ажээ. Өөрөөр хэлбэл энэ хамт олонд компьютер үйлдвэрлэлийн салбарыг соёолуулахад шаардлагатай үржил шимт хөрс суурь хангалттай хэмжээнд бүрэлдэн бий болжээ. Импортоор орж ирж буй компьютерүүдийг монголын зах зээлд зориулан үйлдвэрлэдэггүйгээс шалтгаалж энгийн хэрэглэгчдэд техникийн мэдлэг дутагдах, хэлний бэрхшээл тулгарснаас компьютерээ бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байх тохиолдол ихээхэн гардаг. М-Си-Эс Электроникс компани мэдээллийн технологийн салбарт шинэ тутам гарч буй технологиудыг хамгийн түрүүнд Монголын хэрэглэгчиддээ хүргэх, хамгийн гол нь тэдэнд ашиглахад хялбар өндөр чанартай брэнд компьютер үйлдвэрлэх томоохон зорилгыг өмнөө тавин ажиллаж 2008 онд Монголд анх удаа брэнд компьютер үйлдвэрлэлийн ноу-хауг эх орондоо нэвтрүүлжээ. Улмаар 2 жилийн турш олон зуун туршилт судалгааг хийсний үр дүнд өнөөдөр анхны Могул брэндийн компьютерүүд үйлдвэрлэгдэж эхэлсэн байна.
Брэнд компьютерийг ингэж үйлдвэрлэдэг
Компьютер үйлдвэрлэлийн хамгийн эхний шат дамжлага бол компьютерийн дотоод эд ангиудыг сонгох явдал байдаг. Компьютер нь олон тооны эд ангиудаас бүрддэг нарийн уялдаат ажиллагаа бүхий цогц систем юм. Эд анги нэг бүрийн ажиллагаанаас системийн найдвартай ажиллах эсэх нь шууд хамаардаг. Ганц эд ангийн доголдолтой ажиллагаанаас шалтгаалж компьютерийн ажиллагаа бүхэлдээ саатах эсвэл хүчин чадлынхаа тодорхой хэсгийг ашиглаж чадахгүй байх тохиолдол бий болдог. Хүмүүс компьютерийн хүчин чадал хэдий чинээ өндөр байна түүний ажиллагаа төдий чинээ сайн байдаг гэж ойлгодог. Гэвч бодит байдал дээр өндөр хүчин чадалтай компьютер байлаа ч хангалттай хурдаар ажиллаж чадахгүй байх тохиолдол нэлээд байдаг. Тухайн компьютерийг бүрдүүлж буй эд ангиуд өөр хоорондоо зохицож ажиллахгүй байгаагаас дээрх бэрхшээл үүсдэг. Харин брэнд компьютерийн үйлдвэрүүд энэ асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарал хандуулж ажилладаг. Дэлхий дээр зуу хүрэхгүй ажилчидтай жижиг компаниас эхлүүлээд хэдэн мянган ажилчидтай гээд компьютерийн эд ангийг үйлдвэрлэдэг олон тооны үйлдвэрлэгч байдаг. Энэ олон үйлдвэрлэгчдээс чанартай хэрнээ өөр хоорондоо уялдаж ажиллах эд ангиудыг сонгоно гэдэг хүнд хүчир ажил. Компьютерийн үйлдвэр бүр эд ангиудын ажиллагааг халуун хүйтэн, тоостой чийгтэй гээд янз бүрийн орчин нөхцөлд, өөр хоорондоо хэрхэн зохицож ажиллаж байгааг техник болон програм хангамжийн тусламжтайгаар тодорхой хугацаанд олон удаагийн тест хийж шалгадаг лаборатори ажиллуулдаг. Энэхүү лабораторийн ид шидээр брэнд компьютерүүд дээд хүчин чадлаараа ажиллаж чаддаг байна. Могул брэндийн үйлдвэр ч мөн адил дэлхий дахинд ашиглагддаг энэхүү стандартыг Монголдоо анх удаа нутагшуулж Туршилт нийцлийн лабораторийг байгуулан ажиллаж байна. Энэхүү лабораторид Могул брэндийн компьютерүүдийг бүтээхэд зориулан олон зуун удаагийн туршилт судалгааг хийсний үр дүнд Могул брэндэд өөр хоорондоо төгс зохицон, компьютерийг дээд хүчин чадлаар нь ажиллуулж чадах өндөр чанартай эд ангиудыг суурилуулсан байна.
Dell, HP гэх мэт брэнд компьютерүүдийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ гээд бүхий л мэдээллийг вэб сайтаас нь авах боломжтой байдгийг бид мэднэ. Энэхүү ажлыг гүйцэтгэхийн тулд компьютерийн эд анги нэг бүрийг бүртгэж компьютерийг хувийн хэрэгтэй болгох буюу бүртгэлжүүлэх ажил хийгддэг байна. Ийнхүү бүртгэлжүүлсний ач холбогдол нь ямар ч инженер тухайн компьютерийг засварласан байсан тухайн инженерт бүрэн цогц мэдээлэл өгөх, ингэснээрээ оношлогоо, засвар үйлчилгээг өндөр хурдтай, найдвартай гүйцэтгэх боломжийг олгодог. Түүнчлэн хэрэглэгч талаасаа худалдан авалтын дараах засвар үйлчилгээг баталгааны бичиг, лац наалт гэх мэт хүндрэлгүйгээр, хурдан шуурхай авах боломжтой болж байгаагаас гадна компьютертаа холбогдолтой бүхий л зардлуудыг бүрэн хянах боломжтой болдог байна. Дэлхийн томоохон үйлдвэрлэгчид л ашигладаг энэхүү системийг зөвхөн Могул брэнд компьютер үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн байна.
Компьютер үйлдвэрлэлийн дараагийн шат дамжлага бол салангид эд ангиудыг нэгэн цогц бүтээгдэхүүн болгож үйлдвэрлэх процесс байдаг. Мэдээж үйлдвэрлэлийн энэхүү хэсэг дамжлагын зарчмаар ажиллана. Дамжлагаар угсрах зарчмыг цаг хугацаа хэмнэх, үйлдвэрлэлийн шат дамжлага бүрт давхар хяналт хийгдэх зэрэг олон нөхцөлийг давхар тооцоолсны үндсэн дээр боловсруулдаг. Өөрөөр хэлбэл Могул компьютерийн үйлдвэрт дэлхийн компьютер үйлдвэрлэлийн тэргүүний зохион байгуулалт, системийг нэвтрүүлжээ. Дамжлагын үйлдвэрлэл нь тусгай дарааллын дагуу тухайн үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэшсэн инженерүүдийн оролцоотойгоор явагдана. Инженерүүд зөвхөн өөрийн дарааллын дагуу ажлаа гүйцэтгэх тул үйлдвэрлэлийн тухайн чиглэлдээ мэргэшиж өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна цаг хугацааг асар ихээр хэмнэдэг. Мөн инженер бүр өмнөх инженерийнхээ гүйцэтгэсэн ажлыг давхар шалгах тул хяналт шалгалтыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэх боломжтой болдог ажээ.
Өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргах нь брэнд компьютер үйлдвэрлэлийн эрхэм зорилго
Брэнд компьютерүүд найдвартай, бүрэн хүчин чадлаараа ажилладгийн гол нууц нь чанарын хяналтыг өндөр түвшинд хийдэгтэй холбоотой. Бэлэн болсон компьютер бүрийг тестлэгч програм хангамжууд болон техник хэрэгслүүдийн тусламжтайгаар дахин чанарын шалгалт хийж туршилт нийцлийн лабораторид хийгдсэн шалгалтын үр дүнтэй харьцуулж үзнэ. Ийнхүү салангид эд ангиудаас эхлээд бэлэн бүтээгдэхүүн болж зах зээлд нийлүүлэгдэх хүртэлх үйлдвэрлэлийн процесс бүртээ технологийн горимыг ягштал баримталж, хяналт шалгалтыг олон улсын стандартын дагуу хийсний үр дүнд брэнд компьютер бүтээгддэг байна.