
Н.Энхбаяр, Ө.Энхтүвшин хоёр намаа нэгтгэх талаар юу юугүй яриад эхлээгүй байх. Аль ч талаас нь харсан, эхлээд өөрсдийн замаар урагшлахыг хичээнэ. Санамж бичиг байгуулахаас наахнуур л юм болсон байж магадгүй юм. Тэгэхээр тэр хоёр нарийн тохироонд хүрээгүй, харин ойлголцолд хүрсэн байж болох талтай. Н.Энхбаяр өөрийн гэсэн асуудалтай, Ө.Энхтүвшин ч адил.
“Шударга ёс эвсэл” задарсны дараа МАХН УИХ-д зургаан гишүүнтэй үлдэх байсан. Эдүгээ УИХ-д бүлэггүй л бол хэчнээн олон суудал авсан байлаа гээд ямар ч эрхгүй “үхдэл” шиг байлгах хууль үйлчилж байгаа билээ. Зургаан суудалтай МАХН байтугай өөрсдийн санамсаргүй байдлаас болж бүлэг байгууулах боломжоо алдсан МАН 25 суудалтай хэрнээ “сулдаа ганхан жороолж” байна. Тэгэхээр суудлаа найм хүргэхийн тулд Н.Энхбаяр ба түүний нөхдийн хувьд МҮАН-аас дор хаяж хоёр гишүүн “уургалах” зайлшгүй шаардлага тулгарсан нь мэдээж юм. Эвсэл задарсан ч гэсэн бүлэгтэй үлдэх юм бол “Завсарлага” авдаг хуулийг ашиглаад янз бүрийн асуудлаар барьцаалан “аавынхаас” гарч ирэх бололцоо бий болох гээд байлаа. Магадгүй, Засгийн газраар барьцаалж, өөрийгөө аврах гэсэн төлөвлөгөө нь бүтэлгүйтсэний дараа л тэрбээр “Шударга ёс” эвслийн задралыг олж харсан байж таарна. Тиймээс бүр эртнээс МҮАН-ынхныг өөртөө татах гэж хичээсэн гэдэгт мөрий тавьсан ч алдахгүй. Үүндээ тэрбээр хамгийн түрүүнд Ц.Цолмонг ашигласан. Ц.Цолмон нэлээн дээхнэ “МҮАН, МАХН нэгдэх ёстой” хэмээн хэвлэлийн бага хурал зарлаж байсныг өөр юугаар тайлбарлах вэ. Гэхдээ мэдээж хэрэг, Н.Энхбаяр болоод түүнийг хэзээ ч “нулимж” магадгүй МАХН-ын одоогийн удирдлагуудын эрх ашиг нэг цэгт давхацсан учраас л МҮАН-аас “Дүлзэн”-гүүдийг цуглуулах ажил хийгдэж байсан байж таарна. Аль эсвэл МАХН-ын наранд байгаа лидерүүд түүнийг аль хэдийнэ жийсэн учир МАН-аас өөр түших тулах цэг олдоогүй байж болно. Ч.Тэрбишдагва, Ч.Улаан нарыг чухам ингэнэ гэж мдсэн учраас ч З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү мэтийн өөрт нь үнэнч байх хүмүүсийг намын жагсаалтад дээгүүрт бичсэн биз. Тэр хоёр нь хэвлэлийн хурал зарлаад байсныг бодохоор Н.Энхбаяр, МАХН хоёрын холбоо аажмаар бүдгэрч байгаа гэдэг үнэн ч байж мэднэ. Ц.Цолмон МАХН-д нэгдсэнээр МАХН УИХ-д долоон төлөөлөгчтэй болсон.
Эвслийн Засгийн газрыг задлаж, АН-д өөрсдийгөө санал болгох нь МАН-ын зорилго мөн. Гэхдээ одоохондоо бол арай л эрт байна. Тэдэнд хамгийн түрүүнд бүлэгтэй болох асуудал чухал байгаа. Үүнд нь МАХН-ын гишүүдийн санал хэрэгтэй. Энэ асуудал дээр л санал солилцсон байж болно. Хэрвээ үнэхээр УИХ-дээр олонх болох боломж бүрдчихвэл дэгийн тухай хуулийг юу ч гэж өөрчилсөн болно шүү дээ. “УИХ-д долоо буюу түүнээс дээш суудал авсан нам бүлэг байгуулах хүсэлтээ хэзээ ч хамаагүй УИХ-ын даргад өргөн мэдүүлнэ” гэсэн заалтыг УИХ-ын дэгийн тухай хуульд суулгаж өгөх нь МАХН-ын ч, МАН-ын ч эрх ашигт яв цав нийцэх билээ. Тиймээс хоёр дарга эхлээд улс төрийн асуудлаа зөвлөлдөж байя хэмээн утсаа солилцсон ч байж болох юм. Эвслийг задлан УИХ-д суудалтай бүх намууд нэгдэж “Үндэсний эв нэгдлийн” гэдэг шиг Засгийн газартай болгох асуудлыг ч ярьж болно шүү дээ. Ойролцоо нэртэй учир Орон нутгийн сонгуулийн үед ч хоёр намд нэгдмэл эрх ашиг бий.
Яваандаа биелж болох нэг ийм хувилбар бий. “Шударга ёс” эвсэл задарч, Ардчилсан нам МҮАН-тай хамтран Засгийн газраа байгуулна гэж. Эвсэл задарлаа гэхэд МҮАН-ын таван гишүүнийг нэгтгэнэ. Улмаар маргаантай, шүүхээр хэлэлцэгдэж байгаа Өвөрхангай, Увсын асуудал хэрхэн шийдэгдэхээс шалтгаалж ганц, хоёр суудал ирвэл 37-38 суудалтай болж ИЗНН-тэй хамтран Засгийн газраа авч үлдэх бололцоотой. Шүүхийн шийдвэр ашигтай гарвал гурван ч суудал ороод ирэх боломж бий. Тэгвэл 39 суудалтай болж, ИЗНН ч хэрэггүй болох юм. М.Энхсайхан “Н.Энхбаярыг хэлмэгдсэн гэж хэлж чадахгүй, эвсэл задарсан ч МҮАН Засгийн газарт үлдэнэ” гэж ярилцлага өгөөд энэ төлөвлөгөө хэрэгжих боломж хадгалагдсаар байлаа, саяхан болтол. Гэтэл МАХН түрүүлж хөдлөн Ц.Цолмонг аваад явчихав. Төлөвлөгөө аюулд орлоо. Ардчилсан нам МАХН-аас гишүүн уургалсан ч чадна л даа, гэхдээ хуулиараа болохгүй. Харин МАХН, МҮАН нэг эвсэл болж орсон учир болоод байгаа бололтой. Ийм л учраас Э.Батшугарын суудал АН-д хэт үнэтэй санагджээ. Тийм л учраас Н.Золжаргалыг “доош нь хийн” байж Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр томилсон байна. Уг нь бол Цэц СЕХ-ны дүгнэлтийг батлахад л Э.Батшугар хэн ч биш болох байсан. Гэвч Н.Энхбаяр /эсвэл О.Цолмон/ намд байр сууриа одоохондоо алдчихаагүй байгаа аж. Тиймээс Э.Батшугар цагаа олсон шантааж хийсэн бололтой.
Гишүүний түр үнэмлэхээ авчихсан Ц.Оюунбаатар одоо л нэг жинхлэх бололтой. Түүнийг нам бус гэдэг ч ардчилалд элэгтэй нэгэн гэх юм билээ. СЕХ түүнийг МҮАН-ын ч, МАХН-ын ч гишүүн биш хэмээн жагсаалтаас хасахаар санаархаж байсан. Ингэвэл Батлан хамгаалахын сайд асан Ж.Батбаяр гэх эрхэм УИХ-д суух байв. Энэ нь СЕХ-ны дарга Н.Лувсанжав өөрчлөгдөх нэг шалтгаан байж болох юм. Ингэснээр Ц.Оюунбаатарт МАХН-ыг бүлэгтэй болгож чадах, АН-ын хэт ирээдүйн төлвлөгөөний нэг хэсэг болох эрх бүрдлээ. Шатарт морь л ямар ч бодод хаагдалгүй давж, хувилбар гаргаж нүүх эрхтэй байдаг. Тэгвэл Ц.Оюунбаатар гэгч эрхэмд яг тийм эрх олгогдоод байна, яг одоо. Мань хүн ч шийдвэрээ аль хэдийнэ гаргачихаа биз дээ.
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин