Хуучирсан мэдээ: 2012.10.08-нд нийтлэгдсэн

“Н.Энхбаяр бол Монголын төрд туссан хараал юм”. Ингэж бичсэн уншигчтай санал нийлэх үе олон гарах бололтой. Өнгөрөгч баасан гаригт УИХ-ын нэгдсэн чуулганаар зарим нэг томилгооны асуудал хэлэлцсэнийг уншигчид санаж байгаа. Монголбанкны дэд ерөнхийлөгчийг, мөн Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчид, СЕХ-ны даргыг энэ өдөр шинээр томилсон. Эдэн дундаас Монголбанкны дэд ерөнхийлөгчөр томилогдсон Э.Батшугарын томилгоо энэ Засгийн газрын “өсгийд туссан сум” болж үлдэх төлөвтэй.

Хэдийгээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газарт хамтарч буй “Шударга ёс” эвсэлтэй хийсэн барилдлагаа бататгах, нэг үгээр хэлэхэд Шинэчлэлийн Засгийн газрыг бүрэн бүтэн авч үлдэхийн тулд МАХН-ын дарга Н.Энхбаярын том хүү Э.Батшугарыг Монголбанкны дэд Ерөнхийлөгчөөр томилуулсан нь олон нийтийн зүгээс багагүй шүүмжлэл дагуулж байна. Энэ томилгоотой хамтаар “Ардчилсан нам боловсон хүчний томилгоог зөвхөн улс төрийн тохиролцоогоор хэмжиж байна” хэмээн яригдаж эхэллээ. Хэдийгээр УИХ-д олонхи суудал авч чадаагүй Ардчилсан намын удирдлагууд улс төрийн тогтвортой байдлыг чухалчлах үүднээс зарим нэг томилгоог эвслийн нөхдөд найр тавьж өгч байгаа нь үнэн ч тэр нь олон нийтэд тийм ч таатай санагдахгүй байгаа бололтой. Ингээд эрх барьж байгаа намын улс төрийн тактик, иргэд, олон нийтийн хэмжүүр хоёр хоорондоо алд дэлмээр зөрж эхэллээ.

Уг нь ном ёсоороо бол Э.Батшугар өнөөдөр УИХ-ын гишүүний тангаргаа өргөх учиртай байв. УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө СЕХ түүнийг “Цэргийн алба хаагаагүй тул УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхгүй” /өнгөрөгч хаврын чуулганаар өмнөх парламентын баталсан сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу/ хэмээн үзэж нэр дэвшигчдийн жагсаалтаас хассан. Гэвч Үндсэн хуулийн Цэц Э.Батшугарын гомдлыг хэлэлцээд “Э.Батшугарыг цэргийн алба хаасан гэж үзэх үндэслэлтэй” хэмээн шийдвэрлэсэн билээ. Ингээд МАХН-ын гишүүдийн дотор “Нэрсийн жагсаалтаас хасагдсан Э.Батшугарыг тангараг өргүүлэх үү, түүний оронд жагсаалтад багтсан Ц.Оюунбаатарыг тангараг өргүүлэх үү” гэдгийг шодож эхэлсэн билээ. Гэвч тэдний оролцоогүйгээр энэ асуултын хариулт гарч, Н.Энхбаяртан хүүгээ УИХ-ын гишүүний сэнтийд биш, орон гарсан Монголбанкны дэд ерөнхийлөгчийн суудалд суух ёстой хэмээн таалав. 

Баасан гаригийн нэгдсэн чуулганаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэх үеэр ч бас Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр анхаарлын гадна үлдсэнгүй. Түүний өмгөөлөгчөөр ажиллаж байгаад “Шударга ёс” эвслийн нэр дээр нэр дэвшин УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Н.Энхбаярыг ялласан шүүгч нарыг Дээд шүүхэд нэр дэвшүүлж байна. Ерөнхийлөгч шүүхэд нөлөөлж байна” хэмээн бухимдлаа илэрхийлснээс болж О.Баасанхүү болон Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарын хооронд багахан “гал” авалцаад амжлаа. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин түүнийг “Авлигачдыг өмгөөлөхөө боль” гэж хэлсний хариуд О.Баасанхүү гишүүн “Чи харин битгий алуурчдыг өмгөөлөөд бай” хэмээн хэрэлдэж, харин гишүүн Б.Бат-Эрдэнэ тэднийг “Та хоёр гараад үзчихээч, би засаад өгье” хэмээн өдөв.

Саяхан даа. УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Г.Баярсайхан нар нэг нь чуулганы танхим дотор нөгөөдөө салаавч гаргаж, нөгөө нь танхимын гадна нэгийгээ шанаадаж унагасан хэрэг мандаж, бие биенээ “шүүхэд өгнө” хэмээн баахан дуулиан дэгдээсэн. Харин одоо нөхдүүд “Эр улсын ёс, бид эвлэрчихсэн” хэмээн хэнэг ч үгүй  алхаж яваа. Уг нь бол улстөрч хүний санах ой бусдыг бодвол илүү урт байх ёстой. Тэгээд ч чуулганы танхимын гадаа гараад бие биенээсээ уучлал гуйх биш, чуулганы танхимд байхдаа хэлэх үгээ боддог байвал иймэрхүү марзан гэмээр мэдэгдлүүдийг ойр ойрхон хийх шаардлага ч гарахгүй шүү дээ.

Харин энэ хэрүүлийн дараа Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өөрийн твиттер хуудсанд ”Хэрвээ иргэн Энхбаярыг дарга Н.Энхбаяр шигээ өмгөөлсөн бол Ч.Энхбаяр гуай над руу өргөдөл барьж гүйхгүй, өмгөөлөгчөөрөө асуудлаа шийдүүлэх байсан юм”, “Бөх хүн ч бөхөөрөө л сэтгэх юм даа, хуулийн маргаан дээр хэн хүчтэй нь биш, хэн үндэслэлтэй тайлбарлаж буй нь ялдаг” хэмээсэн нь хоёр гишүүнд хандсан бололтой.

Сонирхуулахад, О.Баасанхүү гишүүний хувьд тэрээр долдугаар сарын 1-ний хэргийн үеэр амиа алдсан залуугийн аав Ч.Энхбаяр гуайн өмгөөлөгчөөр ажиллаж байсан ч тухайн үед  хохирогчийн талыг биш, цагдаагийн дарга нарын талыг барьж өмгөөлөөд байна гэдэг үндэслэлээр Ч.Энхбаяр гуай олон удаа Өмгөөлөгчдийн холбоонд гомдол гаргасан билээ. Харамсалтай нь, Өмгөөлөгчдийн холбоо ч бас “өмгөөлөгчийнхөө эсрэг ажиллахгүй” гэж хариулсан тул арга буюу тухайн үед УИХ-ын Хүний эрхийн дэд хороог ахалж байсан Х.Тэмүүжин гишүүнд хандсан аж.

Харин дараа нь өмгөөлөгч О.Баасанхүү Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын авлигын хэрэг дээр “хүний эрхийн асуудал хариуцсан” өмгөөлөгчөөр нь ажилласан бөгөөд одоо ч тэр байр сууринаасаа холдож чадахгүй байгаа бололтой. Тэр чуулганы нэгдсэн хуралдаан дээр эхлээд “Н.Энхбаяр даргыг ялласан шүүгчдийг Дээд шүүхэд оруулж болохгүй”, хоёрдугаарт “Хууль зүйн сайд алуурчдыг хамгаалж байна” хэмээн мэдэгдэв. Учир нь долдугаар сарын 1-ний хэргийн үеэр тушал заавар өгсөн цагдаагийн дарга нар ялаа авсан ч, тушаал биелүүлсэн цагдаа нарын хэрэг шүүхээр хараахан шийдэгдээгүй байгаа юм.

А.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж