Хуучирсан мэдээ: 2012.10.08-нд нийтлэгдсэн

Супер мэтгэлцээн

-М.РОМНИ: ТАНЫ БОДЛОГЫН ХҮРЭЭНД ДУНДАЖ ОРЛОГОТОЙ ХҮМҮҮС БУЛШЛАГДЧИХААД БАЙНА-

Б.ОБАМА: БИД ДУНДАЖ ОРЛОГОТОЙ АМЕРИКЧУУДЫН ТАТВАРЫГ 3600 ДОЛЛАРААР БАГАСГАСАН ШҮҮ ДЭЭ

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама болон түүний өрсөлдөгч Бүгд Найрамдах Намаас нэр дэвшигч Митт Ромни нарын хооронд болох халз мэтгэлцээний анхных нь энэ сарын 6-нд Денверийн Их сургуулийн танхимд болсон. Уг мэтгэлцээнийг орчуулагч Ш.Энхжаргалын хөрвүүлснээр бүрэн эхээр нь цувралаар хүргэж байна.

Мэтгэлцээнийг PBS NewsHour нэвтрүүлгийн хөтлөгч Жим Лерер хөтөлсөн юм. Тэрбээр мэтгэлцээний эхэнд 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн анхны халз мэтгэлцээнд Ерөнхийлөгч Барак Обама болон Массачусетс муж улсын амбан захирагч, Бүгд Найрамдах Намаас нэр дэвшигч  Митт Ромни нар оролцож байгааг танилцуулж, энэ жил цуврал болон явагдах Ерөнхийлөгчийн хоёр, дэд ерөнхийлөгчийн нэг удаагийн халз мэтгэлцээнийг Халз мэтгэлцээний комисс ивээн тэтгэж буйг дуулгасан. Нэг цаг хагасын туршид үргэлжлэх халз мэтгэлцээний үеэр улс орны дотоод асуудлын талаар хөндөх бөгөөд Халз мэтгэлцээний комиссоос санал болгосон хэлбэрээр явуулах болон тус бүртээ 15 минут хугацаатай зургаан хэсгээс бүрдэх ба эхний асуултад хариулах хугацаа хоёр минут, үлдсэн хугацаанд нээлттэй хэлэлцүүлэг өрнөх учиртай. Мэтгэлцээний зургаан хэсгийн гурав нь эдийн засаг, харин үлдсэн нь эрүүл мэндийн асуудал, Засгийн газрын үүрэг, засаглалын үүрэг зэргийг хөндсөн байна. Нэр дэвшигчид хоёул хоёр минутын хугацаанд хаалтын үг хэлэх эрхтэй гэхчилэн мэтгэлцээний зарчмыг тодорхой танилцуулсны дараа оролцогчдыг урьж,  эхний асуултыг тавьсан.

-Эдийн засаг, тухайлбал ажлын байрны сэдвээр яриагаа эхэлцгээе. Ажлын байр бий болгох талаар та бүхний баримтлах бодлого юугаар ялгагдах бол? Хариулт өгөхөд хоёр минут байгаа. Зоос шидэж шодоход ноён Ерөнхийлөгч та эхлэхээр болсон. Таныг урьж байна.

Барак Обама: Жим энэхүү боломжийг олгосон явдалд баярлалаа. Найрсаг, зочломтгой байдал гаргасан Амбан захирагч Ромни болон Денверийн Их сургуулийнханд талархсанаа илэрхийлэхийг хүсч байна. Өнөөдөр энэ талаар ярих зүйл надад их байгаа. Гэвч тэдгээрээс хамгийн чухал нь 20 жилийн өмнө Мишел Обама надтай гэрлэхийг зөвшөөрч миний бие энэ дэлхийн хамгийн азтай эр болсон явдал юм. Иймээс хайрт минь чамдаа гэрлэсний 20 жилийн ойн мэндийг хүргэж, хойтон жил энэхүү мэндийг 40 сая хүний өмнө хүргэхгүй гэдгээ амлая. Их хямралаас хойш хамгийн хэцүү эдийн засгийн хямралыг бид дөрвөн жилийн өмнө туулсан билээ. Хэдэн сая ажлын байр үгүй болж, авто машины салбар дампуурахад тун ойр байсан. Санхүүгийн систем зогсонги байдалд орсон. АНУ-ын ард түмний хатуужил, үнэнч тууштай байдлын ачаар бид энэхүү бэрхшээлийг сөрөн гарч чадсан. Өнгөрсөн хоёр жил хагасын туршид таван сая ажлын байр бий боллоо. Авто машины үйлдвэрийн салбар сэргэлээ. Үл хөдлөх хөрөнгийн зах зээл ч хөгжлийн шатандаа эргэн гарч чадав. Гэвч ингээд сэтгэл амралгүй хийх зүйл маш их байгаа гэдгийг бид бүгд мэднэ. Тэгэхээр бид хаана байсан бэ  гэхээсээ илүү хаашаа явж байна вэ  хэмээсэн  асуулт өнөөдөр гарч ирэх байх. Нэр дэвшигч Ромнигийн бодлоор бол бид татварыг багасгаж, эдийн засгийг өмнөх түвшинд хүргэвэл бид сайн сайхан амьдарч чадах юм байх. Харин би өөр бодолтой байна. Бид сургалт, боловсролд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Америкт эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох нь чухал гэж би бодож байна. Улсад маань хөрөнгө оруулж буй жижиг  бизнесийг хөгжүүлэхийн тулд татварын хуулийг өөрчилж, төсвийн алдагдлыг тэнцвэртэй аргаар нөхөх зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй байна. Биднийг өнөөгийн замбараагүй байдал руу хөтөлсөн дээрээс доош чиглэсэн эдийн засгийн бодлогыг үргэлжлүүлэх үү эсвэл дундаж давхаргынхан сайн байгаа цагт Америк хамгийн сайн байна гэсэн эдийн засгийн шинэ үзлийг дагах уу? Аль замыг сонгохыг сонгогч та бүхэн мэдэх цаг удахгүй ирнэ. Энэ асуудлаар халз мэтгэлцээн дахин хийх мөчийг би тэсэн ядан хүлээх болно.

Жим Лерер: Амбан захирагч Ромни таны ярих ээлж. Хоёр минут.

Митт Ромни: Жим, танд баярлалаа. Энэхүү танхимд тантай болон ноён Ерөнхийлөгчтэй хамт байгаадаа туйлын таатай байна. Мөн Денверийн Их сургууль дээр байгаадаа ч баяртай байна. Мөн Халз мэтгэлцээний комисст талархсанаа дамжуулъя. Гэрлэлтийн ойг тань тохиолдуулан ноён Ерөнхийлөгч танд баяр хүргэе. Надтай энд өнгөрүүлж байгаа учир энэ таны хамгийн романтик ой болно байх аа.  Танд баяр хүргэе.

Энэ бол маш эмзэг сэдэв. Сүүлийн хоёр жилийн туршид янз бүрийн хүмүүстэй уулзсан. Охайо муж улсын Дэйтонд намайг очиход нэгэн эмэгтэй гарыг минь атгаад “Би тавдугаар сараас хойш ажилгүй байна. Та надад туслаач” гэж гуйсан. Миний эхнэр Эннийг өчигдөр Денверийн цуглаан дээр байхад нь хүүхдээ тэвэрсэн нэгэн эмэгтэй ирээд “Нөхөр маань сүүлийн гурван жилийн хугацаанд цагийн ажил хийдэг байсан боловч одоо бүр юу ч үгүй болсон. Түүнээс болоод бид саяхан байшингаа ч алдлаа. Та бидэнд туслаач” хэмээн гуйсан байна. Тэгэхээр эдгээр хүсэлтийн хариуг бид эерэгээр өгч чадна. Бид тэдэнд тусалж чадна.  Гэвч бид өөрөөр тусална. Өнөөдөр байгаа аргаар биш. Ерөнхийлөгчийн шүүмжилж байгаа шиг дээрээс доош чиглэсэн, баячуудын татварыг хасах аргаар бус. Одоо үйлчилж байгаа системээр ч биш. Би ийм юм хийх гээгүй ээ. Миний төлөвлөгөө таван хэсгээс бүрдэж байна. Нэгдүгээрт, бид эрчим хүчний хувьд бусдаас хараат бус болох ёстой. Энэ салбарт бид дөрвөн сая ажлын байр бий болгож чадна. Хоёрдугаарт, худалдааны шинэ боломжийг бий болгох, ялангуяа Өмнөд Америктай хийх худалдааг өсгөх, харин Хятад улс биднийг мэхэлбэл эрс шийдэмгий арга хэмжээ авах, гуравдугаарт, ард иргэддээ хамгийн сайн ур чадварыг олгох, хамгийн сайн сургуулиудыг бий болгох  зэрэг юм. Мөн дөрөвдүгээр төлөвлөсөн зүйл бол тэнцвэртэй төсөвтэй болох явдал.  Тавдугаарт, жижиг бизнесийг дээд зэргээр дэмжин хөгжүүлэх. Сүүлийн дөрвөн жилд Америк улсад жижиг бизнес эрхлэх хэрэггүй юм байна гэсэн ойлголтод хүрээд байна. Жижиг бизнесийг хэрхэн хөгжүүлж ажлын байр бий болгох талаар надад бодол бий. Бидний явж буй одоогийн зам буруу гэж би боддог. Ерөнхийлөгч маань илүү данхар бүтэцтэй Засгийн газар, үрэлгэн төсөв, татварыг нэмэх зэргээр дөрвөн жилийн өмнөхтэйгээ бараг адилхан зүйл ярьж байна. Энэ бол Америкийн ирээдүй биш. Америкийг дахин сэргээх маш чухал зүйлсийг би дахин бий болгож чадна. Баярлалаа.

Лерер: Ноён Ерөнхийлөгч өө, амбан захирагчийн саяын хэлсэн үрэлгэн байдал гэдгийн талаар тайлбар хэлэхгүй юу. Тэр таныг ийм зарчим баримталдаг хэмээн хэлж байх шиг?

Обама: Бид юу хийх ёстой тухай би арай дэлгэрэнгүй ярья л даа. Нэгдүгээрт, бид боловсролын тогтолцоогоо сайжруулах ёстой.  Хоёр намын мөрийн хөтөлбөрт тусгасан боловсролыг сайжруулах талаарх саналуудыг тусгасан бодлого амжилттай хэрэгжиж үр дүнгээ түрүүчээсээ өгч эхлээд байна.  “Тэргүүний болохын төлөө тэмцье” хэмээн нэрлэгдэх хөтөлбөрийн үр дүнд манай 46 муж улсад боловсролын шинэчлэл хийгдэж, багш бэлтгэх арга барил, стандарт сайжирсан бодит үр дүн гарсан.  Иймээс би одоо математик, шинжлэх ухааны 100,000 багш шинээр авч, техник мэргэжлийн коллежиудад хоёр сая орон тоо бий болгохыг хүсч байна. Мөн залуучуудын сургалтын төлбөрийг аль болох бага байлгах бодлого барихыг би эрхэмлэнэ.  Татварын хуулийн тухайд манай аж ахуйн нэгжийн татварын хэмжээ өндөр байгаа гэдэгтэй амбан захирагч Ромни бид хоёр хоёул санал нийлж байгаа. Иймээс би энэ татварыг бууруулахыг хүсч байна. Ялангуяа үйлдвэр эрхлэгсдийн татварыг бууруулж 25 хувьд хүргэх ёстой гэж би үзэж байна. Ажлын байрыг гадагшаа гаргаж буй компаниудад урамшуулал өгч буй буруу бодлогыг бид залруулахыг хүсч байна. Эх нутагтаа хөрөнгө оруулж буй компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх нь зүйтэй. Эрчим хүчний тухайд миний өрсөлдөгч Ромни бид хоёул америкчуудын өөрсдийнх нь эрчим хүч үйлдвэрлэх чадавхийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн санаатай байгаа. Газрын тос, байгалийн хийн үйлдвэр өмнөхөөс нэмэгдсэн гэдгийг ч хүлээн зөвшөөрч буй. Гэвч бид үүнээс гадна салхи, нар зэрэг эрчим хүчний шинэ эх үүсвэрийн талаар бодох цаг болсон гэж би үзэж байна. Энэ тал дээр ч хөрөнгө оруулалт сайн хийх хэрэгтэй. Энэ бүхэн боломжтой. Үүнийг хийхийн тулд бид дутагдлаа арилгах хэрэгтэй. Өнөө орой зайлшгүй яригдах зүйлийн нэг бол яах аргагүй татварын хууль гэж би бодож байна. Төсвийн зарцуулалтыг хариуцлагатай болгож, дээр ярьсан чухал хөрөнгө оруулалтыг дэмжих боломжийг хэрхэн бий болгох вэ? Энд л бид хоёрын ялгаа харагдана. Нэр дэвшигч Ромнигийн төвлөрсөн эдийн засгийн төлөвлөгөөнд таван триллион доллар хэрэгтэй болно. Бушийн үлдээсэн нэг триллион татварын өр дээр батлан хамгаалах салбарт зарцуулах хоёр триллион гэх мэт нийлэхээр найман триллион доллар болж байна. Тэгэхээр энэхүү өрийг дунд давхаргын иргэдийн нуруунд үүрүүлэхгүйгээр яаж төлөх болж байна? Энэ бол бидний сурталчилгааны ажлын гол сэдэв байх болов уу хэмээн би бодож байна.

Лерер: Та бүхэн маш олон зүйлийн тухай ярилаа. Тэгэхлээр эдгээрийг аль болох тодорхой, ойлгомжтой болгох гээд үзье. Гэхдээ эхлээд нэр дэвшигч Ромни танд Ерөнхийлөгчийн саяын ярьсан зүйлтэй холбогдуулан асуух, тодруулах зүйл байна уу?

Ромни: Тэгэлгүй яахав. Саяын ярьсан тоонуудыг тодруулж нэг нэгээр нь ярья. Юуны түрүүнд надад таван триллион долларын татварын хөнгөлөлтийн тухай бодол байхгүй. Таны ярьж буй шиг татварын тогтолцооны тухай би бодоо ч үгүй. Миний үзэл санаа бол дундаж орлоготой иргэдэд татварын хөнгөлөлт үзүүлэх явдал. Өндөр орлоготой иргэдийн татварыг багасгах тухай би огт бодоогүй.  Өндөр орлоготой хүмүүс одоогийн эдийн засагт огт түүртэхгүй байгаа. Та бид хоёрын хэн нь Ерөнхийлөгч болохоос үл хамааран тэдний амьдрал хэвээр л байна. Өнөөгийн нийгэмд хамгийн хэцүү амьдарч байгаа  хүмүүс бол дундаж орлоготнууд. Таны бодлогын хүрээнд дундаж орлоготой хүмүүс булшлагдчихаад байна. Тэд үнэхээр сүйрээд байна. Дундаж америкчуудын орлого 4300 доллараар буурсан. Энэ бол үнэхээр сүйрэл. Үүнийг би эдийн засгийн татвар хэмээн нэрлэнэ.  Үүнтэй зэрэгцээд таны үед л шатахууны үнэ хоёр дахин өслөө. Цахилгааны үнэ ч талийж байна. Хүнсний үнэ ч нэмэгдэж байна. Эрүүл мэндийн зардал нэг өрхөд дунджаар 2500 доллараар нэмэгдлээ. Дундаж орлоготой гэр бүлүүд үнэхээр сүйрч байна.  Тэгэхээр тэднийг хэрхэн буцааж сэргээх вэ гэсэн зарчмын асуулт гарч ирж байна. Би тэднийг буцааж хөл дээр нь босгох төлөвлөгөөгөө түрүүнд тайлбарлан хэлсэн. Энэ бол эрчим хүч, худалдаа, сургалтын зөв хөтөлбөр, төсвөө тэнцвэржүүлэх, жижиг бизнест туслах зэрэг юм. Миний төлөвлөгөөний цөм бол саяын хэлсэн зүйлүүд. Гэвч Ерөнхийлөгчийн ярьж буй хоёр зүйл дээр би тогтож яримаар байна. Боловсрол туйлын чухал гэдэгтэй би санал нэг байна. Гэвч одоогийн боловсролын хөтөлбөрүүд, бидэнд 47 байгаа юм л даа. Тэдгээр хөтөлбөрүүдийг Холбооны Засгийн газраас хянадаг. Найман янзын агентлаг хамаардаг. Гэтэл үүнээс ямар их захиргааны зардал, хүнд суртал гарч байна вэ? Энэ мөнгийг буцаагаад муж улсад нь өгч яагаад болдоггүй юм бэ? Гэтэл иргэд өөрсдийнхөө хүссэн сургалтын замыг бий болгож хэрэгтэй сургалтаа сонгон авах боломжтой байх ёстой шүү дээ. Хоёр дахь зүйл бол татварын асуудал. Бид татварын хэмжээг бууруулах ёстой. Би аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн хоёулангийнх нь татварын хэмжээг бууруулах тухай ярьж байгаа. Гэвч орлогоо алдаж, Засгийн газраа мөнгөгүй болгохгүйн тулд бид суутгал, зээл, чөлөөлөлт зэргийг багасгах ёстой. Гурав дахь зүйл бол эрчим хүч. Эрчим хүч үнэхээр чухал асуудал. Манай шатахуун, байгалийн хийн үйлдвэрлэл өсч байгаа хэмээн Ерөнхийлөгчийн хэлсэнтэй би санал нэг байна. Гэхдээ энэ таны явуулсан бодлогын ач биш шүү. Таны бодлогогүйгээр энэхүү өсөлт явагдсан. Ноён Ерөнхийлөгч өө, байгалийн хий, шатахууны үйлдвэрлэл Засгийн газрын ачаар бус хувийн секторын хүчин чармайлтаар өссөн.  Төрийн мэдлийн газруудад таны засаг захиргааныхан авах, зөвшөөрөл лицензийн тоог хоёр дахин багасгасан. Хэрэв би Ерөнхийлөгч байсан бол үүнийг багасгах бус хоёр дахин нэмэх байсан. Би мөн Аляскаас нефть олборлох талаар бодох байсан.  Ингэхэд би нүүрсэнд дуртай гэдгээ энд хэлэх ёстой. Бид цэвэр нүүрс түлэх ёстой. Таны явуулсан бодлогын балгаар нүүрсний салбарынхан бараг л сүйрээд байна. Америк болон Хойд Америкийг эрчим хүчний хувьд бие даалгаж, ажлын байр бий болгохыг би хүсч байна. Эцэст нь татварын хөнгөлөлтийн тухайд би татварыг ихээр хөнгөлөөд төсвийг багасгах гээд байгаа юм биш. Миний эн түрүүний зарчим бол хомсдолд хүргэх татварын хөнгөлөлт хийхгүй байх явдал. Үүнийг би хариуцлагатайгаар хэлж байна. Гэвч дундаж орлоготой америкчуудын төлөх татварын хэмжээг багасгахыг би үнэхээр хүсч байна. Өндөр орлоготой иргэдийн татварыг харин бууруулахгүй гэдгээ би үүгээрээ бас хэлж байгаа юм.  Үүнээс өөрөөр байх ч бололцоогүй.

Лерер: Ноён Ерөнхийлөгч өө?

Обама: За тэгвэл татварын тухай ярья. Дөрвөн жилийн өмнө тайзан дээр зогсож байхдаа дундаж орлоготой америкчуудын татварыг багасгана хэмээн би бас л хэлж байсан. Тэгээд ч хэлсэн амандаа хүрсэн. Бид дундаж орлоготой америкчуудын татварыг ойролцоогоор 3600 доллараар багасгасан шүү дээ. Дундаж орлоготой иргэдийн амьдрал сайн байсан цагт эдийн засаг маань ч сайн байна хэмээн би итгэдэг. Ийнхүү татварыг нь хөнгөлснөөр тэдний халаасан дахь хэд арай илүү болж тэрхүү мөнгөө өөр зүйлд зарцуулах боломжтой болсон. Энэ нь хямралыг давахад тэдэнд тусалсан гэдэгт би итгэдэг. Тэд хүүхэддээ шинэ компьютер худалдан авч, илүү сайн сургуульд оруулж эхэлсэн. Тэгэхээр бизнес хийж буй хүмүүсийн харилцагчийн тоо нэмэгдэж, орлого нь өссөнөөр ажлын байр ч бий болж байгаа биз дээ. Гэтэл нэр дэвшигч Ромни 18 сарын туршид таван триллион татварын хөнгөлөлт бий болгоно хэмээн ярьж байгаа нь батлан хамгаалахын хоёр триллион зардалтай нийлэхээр дааж давшгүй их өр болно биз дээ. Тэгээд түүнийгээ хөнгөлөлт, чөлөөлөлт зэргээс олно гэж ярих юм. Гэтэл түүнээс хэдэн зуун удаа яаж тэдгээр хөнгөлөлт, чөлөөлөлтийг хаах вэ гэж асуухаар хариу хэлэхгүй л байгаа. Жим би энд маш чухал асуудлыг тавья гэж бодож байна.

Лерер: Тэгэлгүй яахав.

Обама: За яахав амжилт оллоо ч гэсэн тэдгээрээс олох мөнгө таван триллион өрийг дарахад хаана нь ч хүрэхгүй. Тэгэхээр нэр дэвшигч Ромнигийн амлалтыг биелүүлэхийн тулд ачааг дундаж орлоготой иргэдийн нуруунд үүрүүлэхээс өөр аргагүй болно хэмээн бие даасан судлаачид үзэж байгаа юм. Хүүхэдтэй дундаж гэр бүл 2000 доллар илүү төлөх хэрэгтэй болно гэсэн үг. Энэ бол миний хийсэн дүгнэлт биш шүү. Эдийн засагчдын хийсэн дүгнэлт. Тэгээд ч энэ нь дээрээс доош чиглэсэн эдийн засаг. Дээр байгаа нөхөд сайхан амьдарч, гурван сая долларын орлоготой иргэн 250,000 долларын татварын хөнгөлөлт эдэлнэ гэсэн үг. Гэтэл дундаж орлоготой иргэдийн ачаа хүндэрнэ. Энэ бол эдийн засгийн өсөлтийг хангах жор биш гэж би бодож байна.

Лерер: Тэгвэл ялгаа нь яг юундаа байна вэ? Татварын тухай үргэлжлүүлэн ярилцья.

Ромни: Миний татварын төлөвлөгөөний талаар саяын Ерөнхийлөгчийн ярьсан бараг бүх зүйл оргүй гэж хэлж болно.

Лерер: Тийм гэж үү?

Ромни: Түүний саяын ярьсан татварын төлөвлөгөө миний дэмжиж буй төлөвлөгөө огт биш. Ийм байсан бол би хэрэгжүүлье гэж бодох ч үгүй байсан. Би таван триллион долларын татварын хөнгөлөлт гаргана гэж яриагүй. Миний хэлсэн зүйл бол хомсдолд хүргэх хэмжээний татварын хөнгөлөлт бий болгохгүй л гэж би хэлсэн. Энэ бол зөвхөн эхний хэсэг. Татварын төлөвлөгөөгөөрөө төсвийн хомсдол бий болгохгүй гэж хэлснээрээ таван триллион татварын өр бий болгоно гэж тооцох эдийн засагч гарч ирэхгүй л болов уу. Хоёрдугаарт, өндөр орлоготой иргэдийн төлдөг татварыг бууруулахгүй гэж би хэлж байгаа. Та болон таны сурталчилгааны баг миний үзэл бодлыг буруугаар тайлбарлаад  байна.  Би таван хүүтэй. Худлаа зүйл яриад түүнийгээ дахин дахин давтаад байвал итгэдэг гэсэн зарчим бүхий хүмүүсийг би мэднэ. Гэхдээ ийнхүү бодож байгаа хүмүүст эндүүрч байна хэмээн хэлмээр байна. Өндөр орлоготой иргэдийн төлдөг татварыг бууруулахгүй гэдгээ дахин давтья. Гуравдугаарт, би ямар ч тохиолдолд дундаж орлоготой иргэдийн татварыг нэмэхгүй. Харин ч эсрэгээрээ тэдний татварыг багасгах болно. Та судалгааны талаар ярилаа. Харин таны ярьсан судалгааг нягталсан зургаан судалгаа гарсан ба үнэхээр буруу болсныг баталсныг та мэдээгүй бололтой. Дөнгөж өнөөдөр гарсан нэгэн судалгаагаар харин та дунд болон түүнээс доогуур орлоготой гэр бүлийн татварын хэмжээг даруй гурваас дөрвөн мянган доллараар нэмэх болно гэсэн тооцоо гаргасан байна. Олон тооны судалгаа гарч л байна. Гэвч хамгийн гол зүйлээ хэлье. Би татварыг бууруулна. Гэхдээ үүнээс гарах сөрөг нөлөөг элдэв зээл, хөнгөлөлт зэргийг бууруулах замаар нөхнө. Гэтэл зээл хөнгөлөлтийг багасгах юм бол татварыг бууруулж яах юм бэ хэмээх асуулт гарч болох юм. Учир нь жижиг бизнес татварын тэрхүү хүнд ачааг үүрч байдаг юм. Америкийн хүн амын 54 хувь нь татварын хүнд дарамтад үйл ажиллагаагаа явуулдаг жижиг аж ахуйн нэгжээс амьжиргаагаа залгуулдаг. Тэгэхээр тэдгээр байгууллагын татварыг багасгавал илүү олон хүн ажлын байртай болох нөхцөл бүрдэнэ. Энэ бол ажлын байр бий болгох бодит боломж.

Зохиогчийн эрх: “ӨДРИЙН ШУУДАН”

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж