”Экспортыг дэмжих мөнгөний бодлого хэрэгтэй”

Хуучирсан мэдээ: 2012.10.08-нд нийтлэгдсэн

”Экспортыг дэмжих мөнгөний бодлого хэрэгтэй”

Ерөнхий сайд асан М.Энхсай­хантай эдийн засгийн сэдвээр халуун яриа
өрнүүллээ. Тэрбээр эдүгээ МҮАН-ын даргын хувиар байр сууриа илэрхийлж
буй ч эдийн засагчийнх нь хувьд түүний үгийг сонсох дуртай хэсэг нийгэмд
хангалттай бий. Тэдний хувьд бол энэ яриа сонирхолтой болсон байх гэж
найдаж байна.

-АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэв­шигчдийн өрсөлдөөнд
хүр­тэл эдийн засгийн сэдэв жин дарж байгаагаас харахад улс төрийн
сэдэвт ярилцлагаа эхлэхийн өмнө эхлээд энэ сэд­вээр ярих нь зүйтэй болов
уу гэж бодож байна. Танд бас энэ талаар хэлэх үг арвин байгаа байх?

-Улс төр гэдэг бол эдийн засгийн хураангуй илэрхийлэл. Үнэндээ эдийн засгийнхаа асуудалд анхаарал хандуулах нь хамгийн чухал.
Ялангуяа 2008 оноос эхэлсэн дэлхийн хямрал дөхсөөр дөхсөөр манай хаяанд
ирсэн байна. Эдийн засгийн хямрал улс төрөөр илрэл болдог. Арабын ертөнц
дэх бослого, тэмцэл, Сири, Ираныг тойрсон будилаан, дайн, Евро бүсийн
хямрал, дотоодын жагсаал цуглаан, Япон, Хятадын хооронд арал булаацалдан
байгаа бүхий л үйл явдлууд үнэндээ эдийн засгийн уг үндэстэй юм.
Хятадын эдийн засаг тийм ч сайн биш байгаа. Удахгүй болох ХКН-ын хурлын
дараа гэнэт байдал сайжрах мэт хүлээлт нь хоосон байж мэднэ. Хятадын
дарга нар солигдохоор Хятадын болон дэлхийн эдийн засгийн байдал
сайжирдагсан бол зах зээлийн эдийн засаг гэж яриад ч яахав дээ. Яг
үүнтэй нэгэн адил Монгол зах зээлийн эдийн засагтай, гаднаас их
хамааралтай. Сонгууль болоод төр, засаг солигдохоор гэнэт сайхан болно
гэж бодох хэрэггүй. Тэр тусмаа хаяанд ирсэн хямрал системийн хямралын
шинж чанартай юм.

Саяхнаас АНУ, Европ, Япон хямралын эсрэг авах арга хэм­жээнүүдээ
зарлаад хийгээд эхэл­сэн. Агуулга нь ерөөсөө л мөнгө хэвлэх. Асар их
мөнгөний тухай юм. Энэ нь үйлдвэрлэлийг дэмжих, ажилгүйдлийг арилгах
нэртэй боловч үр дүн нь инфляцийг хөөрөгдөхөд хүргэнэ. Үйлдвэрлэл өсч
ажилгүйдэл багасах бол тэр нь Америк, Европ, Японы эдийн засгийн нөлөө
бүхий бүсэд л болно. Инфляцийн үр дагаврыг ядуу буурай орнууд л амсдаг.
Монголд энэ нь яаж сөргөөр тусах вэ. Том гүрнүүдийн мөнгө хэвлэх бодлого
нь нефтийн үнийг хөөрөгдөнө. “Сити” банкны судалгаагаар жилийн дараа
гэхэд газрын тос нэг баррель нь 150 ам.доллар болно гэж байгаа. Бүр
ихээр өсөх магадлал ч бий. Монголд шатахууны үнэ 50 хувь өснө гэвэл
манай эдийн засагт юу болох вэ. Шинэ Засгийн газар, УИХ гадаад болон
дотоодод болж байгаа үйл явдлыг томоор харах хэрэгтэй байна. Ажиглаад
байхад тийм чадвартай хүн хуруу дарам. Энэ бол Монголын эмгэнэл
болчихоод байгаа.

-Та өмнө нь манай сонинд өгсөн ярилцлагадаа “Монголд ч төвөгтэй
байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Гэх­дээ үүнд Монгол буруутай биш.
Монголчуудаас болж хямрал болохгүй” гэсэн. Үүний цаана олон утга нуугдаж
байгаа байх. Тэр тусмаа гадаад хөрөнгө оруулалтын талаар танд тодорхой
эмзэглэл байна, тийм үү?

-Монголд дэд бүтэц муу хөгжилтэй иймээс  гадаад зах зээлтэй сайн
холбогдож чадаагүй учир дэлхийн хямрал Монголыг тойроод явах мэт боддог.
Гадныхан бас иймэрхүү юм яриад монголчуудыг тайвшруулдаг. Энэ бол маш
алдаатай ойлголт шүү. Төгрөг гэдэг мөнгө доллар, евро, иен, юаньтай
холбоотой л байгаа бол тэдний бэрхшээл биднийх болох тун амархан. Хямрал
экспортлох, импортлох суваг нь энэ. Үүний эсрэг мөнгөний бодлогоо
цэгцлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Монголбанкны үүрэг роль асар их байгаа.
Асуудлаа ойлгосон хүмүүс байна уу,үгүй юу гэдэгт асуудал байна. Өнгийг
нь сонжвол найдлага харагдахгүй байгаа. Арга ч үгүй байх. УИХ хэзээ ч
мөнгөний бодлогод ач холбогдол өгч байсан түүх байхгүй. Монголбанк
Засгийн газрыг зарлагын хүүдий гэж хардаг. Тийм ч учраас өөрийгөө бие
даасан хэмээн бодоод Засгийн газартай бодлогоо уялдуулдахгүй явж ирсэн.
Ийм байхыг гадныхан бас сонирхдог. Өнөөдрийн нөхцөлд Монголбанк нь
Засгийн газартайгаа хамтарсан сайн санхүү, мөнгөний бодлоготой байх
явдал чухал байгаа юм. Гадаад хөрөнгө оруулалт бидэнд хэрэгтэй. Энэ талаар цэц уралдуулахаа
больё. Харин дотоод хөрөнгө оруулалт гэж илүү яримаар байгаа юм.
Тухайлбал, Э.Бат-Үүл нийслэл хотод эмх цэгц тогтоох гээд их л зовж яваа
харагдах юм. Хөрөнгө оруулалт хийхгүйгээр Улаанбаатарыг гоё сайхан
болгоно гэвэл бүтэхгүй. Миний санал бол Улаанбаатар хот бонд гаргах
хэрэгтэй. Тухайлбал 500 тэрбум төгрөгийн бонд гаргавал түүнд нь Засгийн
газар баталгаа гаргах, түүний ихэнхийг Монголбанк худалдаж авах зэргээр
бодлогоо нэгтгэж дориухан ажилламаар байна.

-Сүүлийн жилүүдэд Монголын эдийн засгийн хямралыг гадаад
нөлөөлөлтэй илүүтэй холбон тайлбарлах болсон. Энэ нь ч аргагүй юм. Гэтэл
таныг Ерөнхий сайдаар ажиллаж байхад бараг өдөр бүр хямралтай нүүр
тулдаг байсан.  Экспортын бүтээгдэхүүний ханш ч ямар байлаа гээд
бодохоор ийм тэс өөр хоёр цаг үед манай төрийн бодлого нэг л хэвээрээ
байгаа нь зохимжгүй мэт санагдахгүй байна уу?

-Монголчууд бид ойр зуурын наймаа, жижиг үйлдвэрлэл эрхлэх хэрэгт
өнгөрсөн 20 жилд чамгүй амжилт олсон. Гэвч хөгжил нь зохицуулалт муутай
явснаас эдийн засагт  нөлөөтэй ач холбогдолтой салбар бий болсонгүй.
Одоо дэлхийн хэмжээний төсөл рүү ороход бидний бэлтгэл маш муу байна. 
Монгол өнөөдөр ийм л үе шатан дээр байна. Хамгийн гайгүй компаниуд нь
сайндаа л барилга барих юм. Байшин барих амархан, дараа нь түүнийг үр
ашигтай бизнесээр дүүргэх хэцүү үе гэж байна. Бид “овоохой босгодог”
хөгжлийн шатан дээр байгаа. Монгол үйлдвэржих шаардлагатай. Ингэхдээ
экспортын чиглэлтэй үйлдвэрүүдээ түших хэрэгтэй болно. Экспортын
чиглэлтэй үйлдвэрүүдийг дэмжихийн тулд төгрөгийг аажим девальвацид
оруулах хэрэгтэй. Тэгж байж үйлдвэржинэ. Мөн уул уурхайгаас үүдэлтэй
голланд өвчний эмгэгээс чөлөөлөгдөнө. Гэтэл эдийн засгийн ойлголт,
сургалт нь эсрэгээр байдаг.

Монгол Улс нэг, хоёр жилийн өмнө хамгийн хатуу ханш бүхий мөнгөтэй
дэлхийн номер нэг орон боллоо гээд шуугисныг санаж байгаа байх. Төгрөг
чангарсныг бахархал юм шиг ярьсан. Ойлгох хүн цөөхөн дөө. Чанга мөнгө
байна аа. Жишээ нь Саудын Арабын риял. Нэг риял бараг дөрвөн ам.
доллартай тэнцэнэ. Нефть ундраад л. Гэтэл нефть боловсруулах, ус
цэнгэгжүүлэхээс өөр үйлдвэргүй л орон шүү дээ. Олборлож байгаа нефтийн
гуравны хоёрыг далайн ус цэвэршүүлэх, халуун нарнаас хамгаалах,
сэрүүцэхэд зарцуулж байгаагаас 2030 он гэхэд энэ орон нефть экспортлогч
биш нефть импортлогч болохоор байгаа. Тэр цагт мөн ч хэцүүднэ ээ. Би
Монгол Саудын Араб шиг битгий байгаасай гэж бодох юм. Чили гэж зэсээр
баян орон байна. Мөнгийг нь песо гэнэ. 500 песо нэг ам.доллартай
тэнцэнэ. Зэс их гаргалаа гээд песо хамгийн чанга валют болсонгүй. Харин ч
үндэсний мөнгөө зугуухан девальваци хийх бодлого явуулснаар эдийн
засгийн бусад салбараа хамгаалдаг. Хамгийн тогтвортой цэцэглэн хөгжиж
байгаа орон. Юу хэлэх гээд байна вэ гэхээр Монголд экспортыг дэмжих
мөнгөний бодлого хэрэгтэй байна.

-Хэдийгээр та эрх мэдлээс хол байгаа ч эдийн засагчийн хувьд,
бас намын дарга хүний хувьд 2013 онд төрөөс баримтлах мөнгөний
бодлоготой танилцсан байх. Лав сүүлийн 20 жилийн мөнгөний бодлогыг мэдэх
хүний хувьд Н.Алтанхуягийн Засгийн газар, энэ удаагийн Их хурлаас юу
хүлээж байна вэ?

-Би дээр хэлсэн. Мөнгөний бодлогыг нягталж үзэж байсан түүх манай
УИХ-ын түүхэнд байхгүй. Одоо цаашид ингэж болмооргүй байгаа юм. Шинэ УИХ
, Засгийн газар мөнгөний бодлогын талаар ямар өөрчлөлт хийвэл зохистой
талаар цөөн хэдэн санаа хэлье. Үүнд:

1.Монголбанкны бодлогын хүүг хязгаарлахыг эрмэлзэх
хэрэгтэй. Болж өгвөл 7-8 хувьд хүргэх. Эдийн засгийн хямралын үед эрүүл
ухаантай орон болгон бодлогын хүүгээ багасгахыг эрмэлзэж байгаа. Америкт
Холбооны нөөцийн бодлогын хүү бараг 0 болж байна. Япон, Европт бодлогын
хүү жилийн гурван хувиас хэтрэхгүй. Монголд 13-14 хувь шиг санагдаж
байна. Албан тайлбар нь манайд инфляци өндөр байгаагаас бодлогын хүү
өндөр байдаг гэж ярьцгаана. Үнэндээ энэ бол төөрөгдөл, дээр нь тархи
угаалт. Инфляци өндөр байгаагаас бодлогын хүү өндөр байгаа бус бодлогын
хүү өндөр байгаагаас инфляци өндөр байгаа юм. Хөл толгойг  нь сольсон
төөрөгдлөөс гарах хэрэгтэй. Ухаарал аажуу ирдэг тул би хувьдаа том
өөрчлөлт болчихно гэж бодохгүй байна. Гэхдээ л үүнийг хийхийн төлөө байх
хэрэгтэй.

2.Монголбанк инфляцийг най­ман хувьд барих юм гэнэ.
Өгч байгаа зээлийн хүү  буюу бодлогын хүү нь 13-14 хувь байхад инфляцийг
яаж найман хувь болгох юм бэ гэж асуух хэрэгтэй. Ер нь мөнгөний бодлого
хэлэлцэх үед инфляцийг бага байлгана гэж амладаг. Тэр нь хэрэгжиж
байсан түүх байхгүй. УИХ амлалтыг  нь авсан тохиолдолд түүнийгээ
хэрэгжүүлээгүй бол Төв банкны ерөнхийлөгчтэй хариуцлага тооцдог болговол
“амьд” ажил хэрэг болно.

3.Монголбанк банкуудын дүр­мийн сангийн хэмжээг
нэмэгдүүлэх бодолтой байгаагаа сонордуулав.  Ийм аргыг өнгөрсөн 20 жил
шат дараатай хийж байсан. Үр дүн  муутай нэлээд хуучинсаг хандлага
байна. Харин төв банкны бодлогын хүүг мэдэгдэхүйц багасгах нь банкуудыг
нэгдэл рүү хөшүүрэгдэнэ гэдгийг бодолцох хэрэгтэй байгаа юм.

4.Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлд олгож байгаа
зээлийн хүүгийн хэмжээг жилийн таван хувиас хэтрүүлэхгүй байлгах
бодлогыг Монголбанк, Засгийн газар боловсруулж хэрэгжүүлэх хэрэгтэй
байна. Энэ бол ажлын байрыг олноор нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлаа
хангах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн тогтвортой байдлыг
хангах чухал үүрэг рольтой бодлого юм.

5.Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ огцом өссөнтэй
холбоотойгоор Монгол гэнэтийн ашгийн татварыг нэг хэсэг мөрдсөн билээ.
Харамсалтай нь ямар ч эдийн засгийн агуулгагүйгээр цэвэр улстөржиж
барьцах хэлбэрээр алтны үйлдвэрлэлд гэнэтийн ашгийн татвар ногдуулах
болсон. Тэр цагаас Монголбанкинд тушаадаг байсан алтны хэмжээ 10 гаруй
тонноос гурав хүртлээ буурсан. Хэдийгээр гэнэтийн ашгийн татварыг
цуцалсан ч энэ байдал хэвээр байгаа. Бид алтаа гадагш гоожуулдаг бүхэл
бүтэн сүлжээтэй болсон гэдгийг энэ байдал харуулдаг. Монголбанк Монголд
олборлосон алтаа өөрөө авдаг байх эдийн засгийн болон захиргааны цогц
арга хэмжээ авах шаардлагатай байна. Монголын алт олборлогчид Монголын
биш гадныхны эдийн засгийн хүчийг зузаатгахад хүчээ өгч байгаагийн
бурууг мөнгөний бодлогоос хайж засварлах шаардлагатай байгаа юм.

-Энэ удаагийн мөнгөний бодлогод өрсөлдөх чадвар, ложистик,
кластер зэрэг шинэ зүйл, арга хэрэгслийг тусгаж буйг шинэчлэл гэж харах
хүн олон байна. Таны хувьд АН засгийн эрхийг барьж буй­гийн хувьд нэхэх
шинэчлэл энэ мөн үү?

-Ямар ч мөнгөний бодлогод хамаарахгүй гоё сайхан яриа байна. Толгой нь
эргэсэн юм болов уу даа. Ер нь явж явж эдийн засгийн том асуудал
мөнгөний бодлогод байгаа. Үүнийг түргэн ойлгоосой. Америкчууд хүртэл
Б.Обама огцор гээгүй. Харин Occupy Wall Street гээд байна шүү дээ.
Бослого тэмцэл Засгийн газрын эсрэг бус банк санхүүгийнхны эсрэг болоод
байгаагийн учрыг олохыг зөвлөж байна.

-Та Оюутолгойн гэрээг тэгтлээ айхавтар муу болсон гэдэггүй.
За­рим талаар дэмжиж ярьж байсан. Гэтэл өнгөрсөн сонгуулиар уг гэрээг
эсэргүүцсэн МАХН-тай эв­сэж сонгуульд ороход хасах оноо өгөөд байгаа нь
анзаарагдсан. Одоо та энэ гэрээний талаар маргаад мэтгэлцээд,
буруушаагаад байгаа асуудлыг юу гэж үздэг вэ?

-Асуудлыг улстөржүүлэхээс зайлс­хийе. Яагаад гэвэл энэ асуудал шинэ
УИХ-ын анхааралд нэгэнт орсон гэж бодож байна. Одоо тэд ширээний ард
тайван сууж ёстой улс төргүйгээр мэргэжлийн хэмжээнд шийдэг.

-Сангийн сайдаар Ч.Улаан гурав дахь удаагаа томилогдон ажиллаж
байна. Түүний ажлыг та олон удаа шүүмжилж байсан. Энэ удаад тэрбээр
өөрөө танай намтай эвсэл болж орсон болохоор ч тэр үү, төсвийн бодлогод
жигтэйхэн шүүмжлэлтэй хандаж байгаа. Одоо та түүний ажлын гарааг хэрхэн
харж байна вэ. Ижил төвшний байр суурьтай байна уу?

-Дөнгөж л гараан дээр байна. Ч.Улаан сайд туршлагатай. Түүний туршлага
хэрэгтэй. Шинэ нөхцөлд шинэ хандлага гаргаж чадах хүн гэж бодож байгаа.
Сайдын ажил авангуутаа “гал унтраах” нэлээд ажилтай байсан байх. Одоо
тэр хэмнэлээсээ гараад өргөн далайцтай ажиллах биз ээ.

-Хэрвээ та Сангийн сайдаар ажиллавал юу хийх байсан юм бэ. Төлөвлөгөөгөө одоо дэлгэж болох уу?

-Дээр зарим нэг санаагаа хэллээ. Төрийн өмчит үйлдвэрийн газруудыг
байгуулж ажиллах явдал дэлхийн хандлага болж байгаа. Манайхан төр
хамгийн муу бизнес хийдэг гэж худлаа ярьсаар байгаад түүндээ итгэчихсэн.
Хувийн хэвшил давамгайлдаг эдийн засагт төрийн өмчийн үйлдвэрийн
газрууд ч тэдэн шиг самбаатай ажилладаг болох нь нотлогдсон зүйл.     

-Таныг манай сонинд ярилцлага өгснөөс хойш эвсэл задрах нь
гэсэн яриа газар авч улс төр бужиг­наад эхэллээ. Үе үеийн “Э”-нүүдийн
нөлөө үнэхээр лут юм аа. Тэр тусмаа М.Энхсайхан гэдэг хүн Монголын улс
төрд ямар нөлөөлөлтэйгөө үүгээр харуулчихлаа гэж ойлгож болох уу?

-Би хэлэх үгээ бодож байж хэлдэг. Сонгуулиас хойш анх удаа л танд
ярилцлага өгсөн юм. Н.Энхбаярыг шүүсэн, ял өгсөн, давж заалдаад анхан
шатны шүүх буруу ажиллаагүй юм байна гэсэн Нийслэлийн шүүхийн шийдвэрийг
хэлмэгдүүлэлт гэж хэлэхээргүй л байгаа. Дээд шүүх хэрхэхийг харж л
байя. Зарим хүмүүс уг хэргийг Олон улсын шүүхэд өгнө гэх юм. Монголын
шүүхийг олон улсын шүүхээр шүүдэг болгохын төлөө би улс төрд орж
амьдралаа зориулаагүй. Энэ бол Монголын тусгаар тогтнолд халдсан эвгүй
сэтгэгдэл төрүүлж байгаагаа энд хэлэх нь зүйтэй байх.  Монголчууд бие
биенээ гадаадынхнаар айлгадгаа болимоор. Бид чинь хэнээр ч юмаа
заалгахгүй тусгаар улс шүү дээ.

-Хамгийн сонирхолтой нь таныг “МАХН-д сэтгэл татагдахаа
больсон” гэж хэлсний маргааш нь л таны дэргэд олон жил шадарласан,
нөхөрлөсөн Ц.Цолмон МАХН-д элсэв. Энэ юу болоод өнгөрөв өө. Та түүний
сонголтыг хүндэтгэсэн гэхээс илүүтэй гайхаж цочирдоогүй гэж үү?

-Н.Энхбаяр даргад амласан зүйл бай­сан юм гэнэ лээ. Яахав, хувь хүний
сонголтыг би яах ч билээ дээ. Ц.Цолмон манай намын төлөвшилд том хувь
нэмэр оруулсан. Одоо МАХН-д тус болно гэж бодож байна.

-Хүмүүс үүний дараа ерөөсөө улс төрийн нөхөрлөл бүрийн чинь
цаана “Энхсайхан л болдоггүй юм байна. Удаан хугацааны харилцаа тогтоож
хамтарч ажиллахад халгаатай нөхөр байна гэж бодож   байж болох юм.
Нөхөрлөлд та хэрхэн ханддаг юм бэ, яагаад хүмүүс танаас холдох сонголтыг
эцэст нь хийдэг юм бол оо?

-“Улс төр бол холын зайны гүйлт” гэдгийг би нөхдөдөө дандаа хэлдэг.
Замдаа бахардах хүн олон шүү дээ. Ойрхон харагдах бариа руу гүйчихдэг
нэгэн байхад алсыг хараад дараагийн хүндээ тугаа өгдөг хүмүүс бас бий.
Улс төрөөр тохирохгүй боллоо ч  найз нөхрийн харилцаа хэвээр шүү дээ.
Хорвоо уужим, хийх ажил их байна даа.

-Ярилцсанд баярлалаа.

У.ОРГИЛМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж