“Шударга ёс” эвслээс их зүйл хамаарна

Хуучирсан мэдээ: 2012.10.08-нд нийтлэгдсэн

“Шударга ёс” эвслээс их зүйл хамаарна

-Та УИХ-ын сонгуульд өрсөлдөөд ялагдсан. Үүнийхээ дараа удалгүй МАН-ын удирдах бүрэлдэхүүнд орж, нарийн бичгийн дарга болсон нь таны хувьд хэр оновчтой алхам юм бэ?

-Мэдээж энэ асуултыг өөр­төө тавьж үзсэн. УИХ-ын сон­гуулиар би төрсөн нутагтаа нэр дэвшээд сонгогдож чадаагүй. Сонгуулийн дүн нэгэнт гарсан учир биеэ өмгөөлж ярих шаардлагагүй. Тухайн үед бол­сон явдлыг цаг хугацаа өөрөө тайлбарлах биз. Ялалт, ялагдал хоёрын хооронд маш том ялгаа бий л дээ. Гэхдээ цаг тулсан үед хувиа бодох бус хамтдаа зүтгэх үүрэгтээ үнэнч байсаар сонгуулиа дуусгаж, нөхрөө мөргөж бус мөрлөж ялуулаад, өөрөө ялагдал хүлээх нь намын нийтлэг эрх ашгаас урвасан, түүнийг хохироосон зүйл биш гэж бодож байсан. Сонгуулийн сүүлийн долоо хоногт их хүнд байсан. Өөртэйгээ зөрчилдөөд л, эргэн тойрны дэмжигчид маань та өөрийгөө бодохгүй байна гээд байдаг. Хэдий тийм боловч би итгэл үнэмшил, зарчимдаа үнэнч байсаар сонгуулийн ажлаа дуусгасан. Дарханыхан намайг сүүлд сайн ойлгох шиг болсонд би сэтгэл хангалуун байгаа. Сонгуулийн дүн гарсны дараах хэд хоногт нэлээд юм бодсон. Хувь хүний хувьд амьдралдаа ямар ч өрсөлдөөнд ингэж ялагдаж үзээгүй учраас тэр биз. Уг нь өөртөө итгэл дүүрэн маш хүчтэй байсан. Дарханыхны маань намайг дэмж-сэн уур амьсгал илтэд байсан. Эргэцүүлж бодоод “Улс төрөөс түр завсарлах цаг болжээ” гэж өөртөө хэлээд, түүндээ автаж амьдралаа төлөвлөөд эхэлсэн л дээ. Гэтэл Монголын маань энд тэндээс намайг дэмжиж, бас харамсч байгаагаа илэрхийлж олон арван хүн мессеж бичиж, утсаар ярьсан. Лав зуу хол давсан. Илэн далангүй хэлэхэд надад урам хүч орсон нэг тийм таатай мэдрэмж төрсөн. Яг тэр үед манай нам маш хүнд байдалд байгаад байдаг, гэтэл удирдлагын зүгээс ямар ч хариу үйлдэл гаргахгүй байв. “Намын удирдлагуудын байр суурь тодорхойгүй байна, цаа­шид яах уу” гэх зэргээр гишүүд ярьж эхэлсэн байсан.  Үүнд хугацаа алдалгүй шийдэл гаргах нь намын хувьд ч тэр, намын удирдлагын нөхдөд маань ч тустай болно гэж үзээд л удирдах зөвлөлдөө Бага хурлын гишүүнийхээ хувьд шаардлага хүргүүлсэн юм. Нам дотроо хариуцлага тооцдог бус, өөрөө хариуцлага хүлээдэг шинэ соёлыг бий болгох нь чухал гэдгийг онцолж, шуурхай арга хэмжээ авахыг шаардсан л даа. Дараа нь юу болсныг бид бүгд мэдэж байгаа шүү дээ. Харин миний хувьд товчдоо нөхцөл байдал аяндаа үүрэг хариуцлага хүлээх боломжийг гаргасан.

-Зарим хүн таныг тэр үеэс л намынхаа удирдах бүрэл­дэхүүнд багтах сонир­холтой байсан гэж шүүмжилж байсан?

-Тэр шаардлагыг наадмын дараахан бичсэн. Тэгэхэд надад намын удирд­лагын бүрэлдэхүүнд орох ямар ч зорилго байгаагүй, тийм хүсэл хүлээлт байх нь улстөрч хүний хувьд цаг хугацааны талаасаа зөв зүйл биш байсан. Шаардлага тавиад удаагүй байхад манай намын Удирдах зөвлөл шуурхай хэлэлцээд “Хариуцлага хүлээх нь зүйтэй” гэх байр сууринд хүрч, Бага хурлаа товлон зарласан.

Тэр үед цөөнгүй хүний зүгээс намайг “Ерөнхий нарийн бичгийн даргад тохирно, хийж чадна” гэх зэргээр ярьж, хэлж байгаа нь сонсогдсон.  Тэр талаар бодож үзсэн л дээ. “Би намаа эрс өөрчлөх шинэ бодлогыг гаргаж ирж чадах уу” гэж өөрөөсөө асуугаад “Чадна” гэж үзсэн. Тийм хүч чадал, зориг, олны итгэл дэмжлэг надад байгаа гэж бодсон. Тэгээд Ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдсөн. Хэдийгээр сонгогдож чадаагүй ч гэсэн өөрийн дэмжлэгийг нам дотор төдийгүй нийгэмд нэмэгдүүлсэн. Угтаа би намаа цөөнх байхад, бас түрүүчийн дөрвөн жилд  УИХ-д ажилласан, СЕХ, Засгийн газрын аппаратад улс төр, захиргаа аж ахуйн хүндрэл бэршээлүүд дунд ажиллаж ноцолдож явсаар өдий зэрэгт хүрсэн. Шинээр сонгогдсон Ө.Энхтүвшин дарга итгээд санал тавьж байхад заавал Ерөнхий нарийн бичгийн даргаас өөр ажил хийхгүй гээд гэдийх эрх, шалтгаан байгаагүй. Дээр нь миний амбиц намайг хөтөлж хүнд хэцүү үе ирчихээд байхад хариуцлагаас нь үүрэлцээд сэтгэл зүтгэлээрээ удирдлагын багт нь орж хүчээ өгье гэж бодсон. Зарим нэг сайн санасан нөхөд маань намын Их хурлын дараа намын ажилд оролцохыг зөвлөж ятгаж байсан. Гэхдээ Сүхбаатар гэдэг нөхөр сүүлд нь бус, алив юмны ээдрээтэй эхлэл дунд өөрийгөө олж харж, асуудлыг шийдэж явахыг хүсдэг. Юутай ч үйл явдлууд өнгөрч, цаг хугацаа миний шийдэл хэр оновчтой байсан бэ гэдгийг дүгнэнэ. Харин одоо бол орон нутгийн сонгууль болох гээд намынхаа ачаанаас үүрэлцэж яваагаа нэр төрийн хэрэг гэж үзэж байгаа.

-Та МАН-ын генсек болох гэж өрсөлдөж байсан хүн. Энэ утгаараа одоо “Хэрэв би болсон бол …” гэх бодол төрдөг үү?

-Өөр асуулт тавихгүй юм уу /инээв.сурв/. Хэтэрхий миний дотоод бодол руу өнгийгөөд байгаа юм биш үү. Яахав ээ, асуувал хариулъя гэдэг шиг хариулъя, танд. Ажил хэрэгтээ хандах хандлага, албаны зарчмын хувьд ялгаагүй өөрийн мэдлэг чадвар, зүтгэлээрээ хичээнэ шүү дээ. Харин эрх мэдэл, чиг үүргийн хувьд бол намын генсек, нарийн бичгийн дарга нар ялгаатай. Намын генсек бол намын удирдах зөвлөлийг толгойлдог, дүрмээр заагдсан  намын даргын дараа орох хэмжээний албан тушаалтан. Харин миний хувьд түүнийг дэмжиж ажиллах үүрэгтэй Удирдах зөвлөлийн 31 гишүүний нэг, бас есөн нарийн бичгийн даргын нэг нь. Би захиргааны эрх зүйгээр мэргэшсэн, удирдлагын салбарт олон жил ажилласан учраас захирах, захирагдах ёсыг хүнээр хэлүүлэхгүй сайн мэднэ. Удирдлагын философийн үүднээс  бол дээд удирдлагынхаа өмнө хариуцсан ажил үүргээ бүрэн дүүрэн гүйцэтгэж үр дүн гаргаж ажиллахыг чухал гэж номлохоос бус даргынхаа оронд байвал юу хийж болох уу гэдгийг бодож бай гэж заадаггүй гэж хувьдаа би ойлгодог. Түүнийг зарчим гэж мөрддөг. Тэгэхээр намын нарийн бичгийн дарга болчихоод ерөнхий нарийн бичгийн даргын хувиар ажиллах гээд байх боломжгүй. Манай намын дарга саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Их хурлаа ирэх онд хуралдуулна” гэдгээ хэлсэн. Тэрхүү их хуралд бэлтгэх, түүнээс өмнө намын одоогийн хүчин чадлыг иргэний хяналтын бүтээлч сөрөг хүчний байр суурь дээр аваачих нь чухал байна. Бидэнд өөрсдийгөө өөрчлөх шаардлага бий. Ийм үед “Ж.Сүхбаатар ингэж бодож байна” гэхээс илүү намын удирдлагын бодлого, шийдвэрийг яаж сайн гүйцэтгэх вэ гэдгээ анхаарах нь бүгдэд чухал байна. Ө.Энхтүвшин дарга хэлсэн шүү дээ. “Бүгд миний бодлогыг дэмжиж ажиллахаас бүх зүйл шалтгаална” гэж.

-Ер нь МАН-ын дарга, генсек аль, аль нь аядуу, зөөлөн хүмүүс болохоос намаа удирдаж, нэгтгэх, ялагдлын шокноос гаргах хүчтэй лидер биш гэж олон нийт шүүмжилж байна. МАН-ын явуулж бодлого, байр суурь дээр нь энэ нь тусгалаа олж байх шиг. Та үүнийг хүлээн зөвшөөрөх үү?

-Нийгэмд нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй хүн лидер байж болно. Эсвэл тодорхой үйл хэргээрээ лидер болж болно. Бас статусаараа лидерт тооцогддог. МАН-ын дарга гэдэг бол 200 гаруй мянган гишүүн бүхий байгууллагын лидер юм. Намын дотоодод дэмжигдсэн тэр хүн маань улс нийгэмдээ лидер хэмээн хүлээн зөвшөөрөгдөхөд хугацаа хэрэгтэй болно. Тодорхой асуудлуудыг шийдэхээр гарч ирсэн шүү дээ, дарга маань. Түүнийг шийдэх арга барил, дэвшүүлэн тавьж байгаа асуудал, хамт олноо нэгтгэн зангидаж байгаа, түүнийг нь бусад нь үнэн голоосоо дагаж байгаа эсэхээр нь лидерийн шинж чанарууд товойж тодорно. Ө.Энхтүвшин дарга манай намыг 1996 онд ялагдах үед ялалт өөд хөтлөн авч гарч байсан лидерүүдийн нэг. Түүнээс хойш намын өсөлт хөгжил, уруудалттай хамт явж ирлээ. Одоо манай намын албан ёсны удирдагч. Манай намын лидер хүн энэ хүн мөнөөс мөн. Манай намын хувьд 1996 оны үетэй харьцуулахад АН-аас сонгогдсон Ерөнхийлөгч, түүний нөлөөнд автсан хуулийн байгууллагуудын тогтолцоо, АН-ын давамгайлал, хууль бус дарангуйлал дор байгаа Засгийн газар, УИХ ажиллаж байгаа хүнд үетэй нүүр тулчихаад байна. Гэтэл МАН-ын хувьд сонгуулийн дараах тааламжгүй уур амьсгалаас бүрэн гарч амжаагүй, дараагийн сонгуульд оролцох гээд байж байна. Ер нь, одоо бол манай намын дотоод сахилга суларсан, цөөнгүй гишүүдийн дунд эргэлзээ бий болчихсон, эрх баригчдын эсрэг тэмцэх зохион байгуулалт, үйл ажиллагаа жигдэрч чадаагүй байгаа энэ үед намын удирдлагын нэгдмэл байдлыг хангах, зангидахад хугацаа орохоос аргагүй. Бид сүүлийн нэг сарын хугацаанд нэлээд ажлуудыг амжууллаа. Гэхдээ манай намын гишүүдийн хүлээлт, шаардлагыг бүрэн хангаж амжихгүй байгаа. “Удаан, эрч хүчгүй байна” гэж шүүмжилж байгааг бид хүлээж авахаас өөр арга алга. Бид энэ шүүмжлэлд тайлбар хийж, зугтахыг оролдохгүй.

-Ө.Энхтүвшин дарга “Миний бодлогыг дэмжихээс бүх зүйл хамаарна” гэж хэлсэн. Тэгэхээр нам дотор түүнтэй санаа нийлэхгүй хүмүүс байгаа гэсэн үг үү?

-Түүний энэ үг бол эхний ээлжинд намын Бага хурал, удирдах зөвлөл, аймаг, нийслэл, сум, дүүргийн удирдлагын баг нэгдмэл байдалд шилжин орохыг хэлж байгаа юм. Тэгж байж намын шинэ даргын бодлого амжилттай хэрэгжих үндэс суурь болно. Бид зургаан аймгийн намын хорооны даргыг өөрчилсөн. Энэ бүхэн намын бодлогын нэг хэсэг. Үр дүнд хүрэх нь чухал болохоос биш аядуу зөөлөн байна уу, үгүй гэдэг нь сонин биш.

-МАН, МАХН хоёрын харилцаа ямархуу байна вэ. Хамтрах гээд байгаа юм уу?

-Манай нам сонгуульд олонхи болж чадаагүй нэг шалтгаан нь МАХН гэдэг нэртэй холбоотой. Өнөөдөр МАХН Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж ажиллаж байна. Тэд эрх баригчид болсон. Гэхдээ УИХ-д суудалтай нам, хүчний хувьд бид байнга хамтран ажиллах болно. Харин МАН, МАХН-ын цөөнгүй гишүүд хоёр намын хамтын ажиллагааг шинэ шатанд эрчимтэй түвшинд гаргах, нэгтгэх, эвсэж ажиллахыг дэмжсэн санал санаачилга  гарч байгаа. Гэхдээ үүнийг удирдлагын түвшинд албан ёсоор авч үзээгүй байна. Хамтын ажиллагаа хоёр талын идэвхтэй байр суурь, хүсэл зоригоос хамаарах нь тодорхой. МАХН-ын хувьд манай гол өрсөлдөгчидтэй хамтран ажиллаж байна. Тэд өөрсдөө ч бас “Бид Засгийн газарт багтсан учраас МАН-тай шууд нягт хамтран ажиллах бололцоогүй” гэдгээ албан бусаар илэрхийлсэн. Ер нь МАН, МАХН хоёрт нэг адил зүйл байгаа нь зарим гишүүд нь өмнө нь нэг намынх байсан явдал юм. Монгол төрийн бодлогын хүрээнд бол бид МАХН, АН аль, алинтай нь ч хамтарч болно шүү дээ. Яг үнэндээ бол өнөөдөр хамгийн гол шийдлийг нөгөө тал л гаргана. Цаашид юу болох, яах эсэх нь  “Шударга ёс” эвслийн нөхцөл байдал, байр сууриас нэлээд хамаарна. Тиймээс тэдний бодлого, үйл ажиллагааг анхааралтай ажиглаж, тэдэнтэй улс төрийн соёлтойгоор хандаж харилцаж байгаа.

-МАН-ын гишүүд МАХН-д элслээ гэх мэдээлэл их гарах болж. Эсрэгээрээ танайхан бас МАХН-ын гишүүдийг намдаа элсүүлж ч байх шиг. Энэ нь тийм ч хол явахааргүй алхам юм биш үү?

-Манай намын дарга ч хэлсэн. Ишиг, хурга суйлах маягтайгаар “Тэдэн гишүүн манайд элслээ” гэх мэт яриа гаргаж байгаа. Инээдтэй ч юм шиг. Ийм зүйлүүдийг гаргаад аль болохоор МАН-ын нийгмийн дэмжлэг, бааз суурийг өөрсдийн талд татахын тулд нэлээд хүчтэй, идэвхтэй үйл ажиллагаа явуулаад байх юм бол энэ нь хоёр намын хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн, явуургүй алхам болно.

-Ө.Энхтүвшин дарга МАХН-ын дарга Н.Энхбаярыг эргэж очсон. Та үүнийг хувьдаа юу гэж харж байна вэ. Ер нь эндээс ямар нэгэн улс төрийн шийдвэрт хүрнэ гэх хүлээлт байсан уу?

-Улс төрд ч бас хүний ёс үйлчилдэг. Улстөрчийн ёс суртахууны үүднээс харж үзвэл энэ нь зөв алхам болсон. Яагаад гэвэл МАН-ын түүхийн нэг хэсэгт хүссэн хүссээгүй Н.Энхбаяр дарга байдаг. Амжилттай он жилүүд, алдаа дутагдалтай үеийн аль, алинд нь л байсан хүн. Ө.Энхтүвшин даргын хувьд хүний ёс талаас нь хандаж, нэгэн цагт хамтран зүтгэж явсан нөхрөө эргэж очсон. Нинжин сэтгэл, энэрэнгүй ёс гэх мэт зүйл манай намын үзэл баримтлалд чухал байр суурь илэрхийлдэг. Түүний нэг жишээ нь энэ юм. Ө.Энхтүвшин даргын хувьд намаа албан ёсоор төлөөлж яриа хэлэлцээ хийх гэж тэнд очоогүй. Өөрөө ч энэ талаар хэвлэлд тодорхой ярьчихсан. Олон жил хамтран зүтгэж, ажилласан хүмүүсийн хувьд энэ уулзалт хачирхаж гайхаад байх зүйл биш. Тэд уулзаад эрүүл мэндийн асуудал, мэдээж хуучны сайхан дурсамжаа ярьж хөөрөлдсөн байлгүй дээ. Ямартай ч үүнийг олон түмэн таатай хүлээж авсан, би ч хувьдаа сэтгэл хөдөлсөн. Намын маань цөөнгүй гишүүд “Н.Энхбаяр даргад хүндэтгэлтэй, хүн ёсоор хандах хэрэгтэй” гэх зэргээр хэлж ярьдаг, санаа зовдог. Ер нь, одоо Н.Энхбаяр даргын асуудалд хууль, улс төр, хүн ёс гэх мэт маш олон зүйл холилдчихсон яригдаж байгаа цаг шүү дээ.

-Түүнд ял ногдуулсныг та юу гэж дүгнэдэг вэ?

-Би хуульч хүнийхээ хувьд түүнтэй холбоотой шүүхийн асуудлыг эцэслэн дуусах хүртэл тодорхой байр суурь илэрхийлмээргүй байна. Харин эрүүл мэндийн байдалд нь үнэхээр санаа зовдог. Өмнө нь тодорхой хугацаанд ажил үүргийн шугамаар харилцан ажиллаж байсан хүн. Би УИХ-ын гишүүн байхдаа ч хэлж байсан. Тэр хүн бол зүгээр байгууллагын дарга төдий байгаагүй. Тухайн цагтаа Н.Энхбаяр бол намынхаа жинхэнэ лидер байсан. Тэр утгаараа манай намын ололт, амжилт, алдаа дутагдалтай үеүүдийн аль, алинд нь цуг холбогдоно. Ер нь, улс төрийн амьдралд цаг хугацаа бүгдийг харуулж, үнэлэлт дүгнэлт өгдөг. Тэгэхээр юу болохыг харах нь зүйтэй байх. Би хувь хүнийхээ үүднээс хэлэхэд ийм байна. Манай намын зүгээс бол өмнө нь хэд хэдэн удаа Н.Энхбаяр даргын биеийн байдалд санаа зовинож буйгаа илэрхийлж байсан. Түүнээс биш улс төрийн үйл явцынх нь талаар шүүмжлэхээр зүйлс нэлээн бий. Гэхдээ түүнийг одоо Н.Энхбаяр даргатай холбогдуулж яриад байх нь бидэнд ач холбогдолгүй, үр ашиггүй гэж бодож байна.

-МАХН-ын даргын байр суурь Н.Алтанхуягийн Засгийн газар цаашид оршин тогтнох эсэхийг шийдэж байх шиг байна. Ер нь та шинэчлэлийн гэж өөрсдийгөө томъёолоод байгаа энэ Засгийн газар хэр удаан тогтвортой байж чадна гэж бодож байна вэ?

-Шинэчлэлийн Засгийн газар шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлнэ гэж яриад байгаа. Тэгээд шинэчлэл гэж юу гэхээр “Бид ажил орлоготой, эрх чөлөөт монгол хүнийг бий болгоно” гэх зэргээр хариулж байна. Сонгуулиар үеэр тэд “олуулаа хөгжье” гэж ярьж байлаа. Гэтэл ажлын гараа  ямар байгааг бүгд харж байна, сануулж хэлэхээр зүйлүүд ч гарч байна. УИХ, Засгийн газраа эмхлэн байгуулахдаа л сөрөг хүчиндээ хэрхэн хандаж буйг нь харахад л сөрөг хүчингүй болох, хяналтын тогтолцоог үгүй хийх гэсэн зорилго агуулж байгаа нь илт байна. Түүнээс гадна бид эрх барьж байх үедээ төлөвлөөд хийж амжаагүй ажлуудыг гүйцээх замаар олон нийтийн дэмжлэгийг хурдхан олж авахыг зорьж байна.

Манай идэвх, санаачилга муутай албан тушаалтнуудаас болж хийж амжаагүй зүйлсийг тэд гүйцээж, оноо авч байгаа тал бий. Мөн албан тушаалуудыг олноор хуваарилж байна. Тэд олуулаа сайд болсон, олуулаа төрийн албанд шургаж байна, олуулаа хууль зөрчиж, олуулаа нийлж парламентын ардчиллыг үгүй хийж байна. Олуулаа тодорхой хэлмэг­дүүлэлтийг явуулж байна. Төрийн албыг нийтийн үйлчилгээний чиглэл рүү болгох нэрийдлээр ийм малгайн дор  хамаатан садан, намын нөхдөө олноор нь оруулж ирж байна. Түүнийгээ “Нэг намын эсвэл тийм угшилтай хүмүүсийг цэвэрлэж, оронд нь тэднийг сүрхий шинэчилж байна” гэж хээв нэг тайлбарлаж, сурталчлаад явж байгаа. Орон нутгийн хурлын сонгуулийг батлахдаа нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын намчирхах зүй бус явдлыг улам өөгшүүлсэн. Бид өмнө нь намуудын орон нутаг дах зүй бус оролцоог хэрхэн хумих вэ гэж ярьдаг байсан. Гэтэл одоо сум, баг, хороон дээр намуудаар санал хураадаг болгочихлоо. Тэгэнгүүт одоо тэд “Нам намайг мэднэ” гэж ярьдаг, томордог эрхтэн дархтнууд болно. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Давхар дээлнээсээ салж дан дээл рүү оръё” гэж хэлсний яг эсрэг алхам гэсэн үг. Харамсалтай нь, Ерөнхийлөгч энэ талаар ам ангайж дуугарахгүй юм.

-Төрийн албаны зөвлөлийнхөн Засгийн газрын томилгоонуудыг хууль бус болсон гэж үзээд байгаа шүү дээ. Та үүнтэй санал нэг байна уу?

-Бид хууль дээдлэх зарчмыг их ярьдаг, сүүлийн үед бүр их ярьж байгаа. Гэтэл АН-ын удирдлага олуулаа хууль зөрчиж ажиллах арга барилыг дээд зэргээр нэвтрүүлж байна. Төрийн албаны тухай хуулийг илтэд зөрчиж, Төрийн нарийн бичгийн дарга нарыг түр орлон гүйцэтгэгч гэсэн нэрээр өөрчлөн, намынхаа хүмүүсийг тавьчихлаа. Гэтэл Төрийн албаны тухай хуульд түр орлон гүйцэтгэгч гэдгийг “Төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу түүний албан үүргийн хажуугаар эзгүй байгаа албан тушаал дээр түр оруулан ажиллуулах” гэж тодор­хойл-дог. Өөрөөр хэлбэл, төрийн албанд ажиллаж байх үедээ эзэнгүй байгаа албан тушаалыг давхар хаших гэсэн үг юм. Гэтэл одоо томилогдоод байгаа Төрийн нарийн бичгийн дарга нар төрийн жинхэнэ албан хаагч мөн үү, хоёрдугаарт, тэднийг албан үүргээ гүйцэтгэж байх үед зэрэгцээд одоогийн албан тушаалд томилсон уу гэх асуулт. Энэ бүхэн нь Төрийн албаны тухай хуулийн заалттай нийцэхгүй байна. Ер нь зөв зорилгод хүрэхийн тулд байгаа хуулиа мөрдөж ажиллах ёстой. Харамсалтай нь өнөөдөр шүүх, хуулийн байгууллага, Үндсэн хуулийн Цэц гээд аль, аль нь нэг намын нөлөөнд орчихож. Гэхдээ нэг иргэн хүн энэ асуудлаар гомдол гаргахад Засгийн газар, Ерөнхий сайд огцрох болзлоо бүрэн дүүрэн хангахаар болчихлоо шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.

Т.ЭЛИСА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж