УИХ-ын гишүүд гэж дандаа л авлигачдыг өөгшүүлэн, эрхлүүлж суудаг хэцүү
хүмүүс. Үнэндээ өөрсдөө ч тэднээсээ ялгараад байх юмгүй. Бараг олонх нь
авлигачаас дутахгүй авлигач. Гэхдээ энэ бол миний үг биш. Экс
Ерөнхийлөгч Н.Энхбаяр ингэж хэлсэн. Түүний ярианаас харахад “Шударга ёс”
эвслээс сонгогдсон хэд өнөөдөртөө “цэвэр ариун” байж магадгүй.
“Авлига” гэдэг аймар юмны эсрэг тэмцэнэ” гэж уриалснаас нь харахад
тэдэнд итгэж болно байх. Хамгийн сонин нь би хувьдаа хаяа, хаяахан
эргэлзэж, гайхаад л байдаг юм. Сангийн сайд Ч.Улаан хамгийн шударга нь
байж чадах уу. Шадар сайд Д.Тэрбишдагва туйлын үнэнч хүн мөн үү гээд л.
Гэсэн ч экс Ерөнхийлөгчийн амь насаа золиослон байж тэднийг өмгөөлөн
хамгаалаад байгаагаас харвал “Шударга ёс” эвслийн нөхөд шударга үнэний
цуглуулга байх өндөр магадлалтай юм.
Тийм ч учраас миний бие хувьдаа Н.Энхбаярын хүү Батшугарыг Монголбанкны
дэд ерөнхийлөгчөөр томилсонд баярласан гэж жигтэйхэн. Түүнийг аав
шигээ сайн хүн, сайн улстөрч болно байх гэж бодохоос алга ташиж, санал
бодлоо илэрхийлмээр санагдаад байж, сууж чадахгүй байгаа гэж юу гэх вэ.
Ядаж байхад Н.Батшугарын аавынхаа төлөө хийж буй улс төрийн алхмууд
сэтгэл хөдөлгөнө гэж янзтай. Хүний үр юм гэсэндээ хаяа нэг хууль,
хяналтын байгууллагынхны үгнээс зөрж, худлаа яриад байгааг нь эс тооцвол
тэр гайхамшигтай хүү. Бас МАХН гэж гадаад харилцааны тал дээр
асуудалтай намыг тэр л хилийн чинадад нүдийг нь нээж өгсөн шилдэг
боловсон хүчин. Намынхаа гадаад харилцааг хариуцсан нарийн бичгийн
даргын хувьд гадагшаа цацагдсан эерэг, сөрөг мэдээллийг тэр
боловсруулсан байх магадлалтай. Яг ч “Тэгсэн” гэж хэлэх нь хаашаа юм.
Гэхдээ л тэр яалт ч үгүй МАХН-д байгаа хамгийн боловсролтой залуу нь юм.
АНУ-д Бентлигийн их сургуулийг дүүргэж, хэн хүний мөрөөдөөд ч хаалгаар
нь шагайхад хүртэл бэрхтэй “Же Пи Морган” банканд мэргэжилтэн хийж
байсан гээд бод л доо. Яах вэ, сураг дуулах нь ээ ажилласан хугацаа нь
жаахан богинохон юм шиг байна лээ. Аавыгаа албанаасаа буухад нь аргагүйн
эрхэд эх орондоо эргэж ирсэн болохоос бус ажиллаад байсан бол ажиллаад
байж болох л байсан байх.
Энэ удаад ч тэр адилхан. УИХ-ын гишүүд л Монголбанкны дэд ерөнхийлөгч
болгоно гэж зүтгээгүй бол тэр өөрөө ийм өндөр албан тушаал руу огцом
харайлт хийхгүй л байсан. Даанч гишүүд түүнийг зүгээр суулгахаас ичиж
байгаа гэж жигтэйхэн. “Ийм өндөр боловсролтой хүнийг яаж ердөө л МАХН-ын
нарийн бичгийн дарга төдийхнөөр үлдээх билээ” гээд л өөр зуураа шивэр,
авир хийлдсэн юм байх. Эцэстээ “Шударга ёс” эвсэл рүү хадаг барин
гүйлдэсний эцэст ерөнхийлөгчөөс нь ч мундаг дэд ерөнхийлөгч тавьж байгаа
нь энэ. Ай даа, ааваасаа ч мундаг хүүг олж танина гэдэг ч айхтар
улстөрчдийн л ухаан байх даа. Тэр ч бүү хэл “Ийм өндөр боловсролтой хүүг
УИХ-д суулгаж байна гэж дөрвөн жил зэврээж байхаар Монголбанканд
моджуулах хөтөлбөр ч болсон хэрэгжүүлэг” гэхдээ ийн шийдсэн гэсэн. Тийм ч
учраас энэ удаагийн томилгоог иргэд олон нийт төдийгүй экс
Ерөнхийлөгчийг шүтэгч хүн бүр “УИХ авлигачаас татгалзсан анхны
томилгоогоо хийв” хэмээн ихээхэн олзуурхаж буй гэсэн шүү.
Г.ОТГОНЖАРГАЛ