Эдийн засаг сульдах үед баячууд алтанд хамгийн их хайртай болдог. Тэд одоо ч тэр, ирээдүйд ч гэсэн энэ үнэт металлд хайр зарласаар л байх болно… Яагаад гээч. Яагаад гэвэл ойрын хэдэн жил алтны үнэ өсөх учраас тэр. Цагтаа 270 ам.доллар /2001 онд/ байсан металл өдгөө 1600-1800 ам.долларт хүрэх болов. Бүр цаашдаа 2100 “ногоон” шүргэх төлөвтэй байгааг шинжээчид олж харжээ. Өчигдөр л гэхэд BBC.com вэб сайтын металлын үнийн буланд алтны үнэ 1790 ам.доллар буюу өмнөх өдрөөсөө 3.50 нэгжээр нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Түүнчлэн Лондонгийн металлын бирж дээр өнгөрсөн баасан гарагийн байдлаар 1783 ам.доллар байв. Зарим эдийн засагчид “Монголын Оюутолгой 2013 онд ашиглалтад орж эхэлбэл алтны үнэ олон улсын зах зээл дээр нэг их өсөхгүй. Бүр 700 ам.доллар хүртэл унах магадлалтай. Гэхдээ үүнд дан ганц Оюутолгойн нийлүүлэлт ч биш хөрөнгөтнүүд тус металлд итгэхээ больсон учраас ийм дүгнэлтэд хүрч байна” хэмээж байлаа. Гэтэл тэдний эл төсөөлөл талаар болох нь ээ. Учир нь эдийн засагчид алтны сүүлийн үеийн дундаж үнэд хийсэн судалгаагаар 2012 онд 1850 ам.доллар, ирэх онд 2100 ам.долларт хүрнэ гэсэн өөдрөг төсөөлөл гаргасныг эдийн засагч Т.Батболд хэлж байсан. Тэгвэл шар металлын ханш ийнхүү өсөхөд чухам юу нөлөөлөв гэдэг асуулт урган гарч ирнэ. Үүний хариулт нь ам.долларын ханш суларсан, АНУ зэрэг үйлдвэрлэгч орнуудад алтны хэрэгцээ өндөр байгаа. Мөн Евро бүсийн хөрөнгөтнүүд мөнгөө алтанд хувиргаж буй нь уг металлын үнийн өсөлтөд нөлөөлөхөд гол үүрэг гүйцэтгэж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, алтыг хамгийн найдвартай хөрөнгө хэмээн үздгээс 10-20 жил хадгалсан ч алдагдалд орохгүй гэдгийг судлаачид хэлдэг. Түүнчлэн АНУ-ын Холбооны нөөцийн банк ам.долларын нийлүүлэлтээ өсгөсөн нь алтны үнэд нөлөөлж байгаа гэнэ. Тэгвэл манай улсын эдийн засагт уг металлын эзлэх хувь яаж нөлөөлөх бол. 2000 оны дунд үед эдийн засгийн 70 хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг байжээ. Харин алт эдийн засгийн 13 хувийг эзэлдэг байсан судалгаа бий. 2006-2015 он хүртэлх уул уурхайн салбар тэр дундаа алтны олборлолт, үйлдвэрлэлийг наанадаж дөрөв дахин өсгөх гэнэ. Тухайлбал, Эрдэс баялгийн салбарыг 2015 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөнд ирэх онд 39 тонн алт, 2014 /40/, 2015 онд 44 тонныг олборлох аж. Гэвч эдийн засагт илүү орлоготой ажиллахын тулд мэдээж хэрэг боловсруулах, газрын хөрснөөсөө гарсан алтыг цэвэршүүлэх нь чухал. Харамсалтай нь шар металлын ирээдүй нь зэс хайлуулах үйлдвэр барихаас ихээхэн шалтгаалахыг манай эдийн засагчид онцолж байна. Эдийн засгийг түших газрын баялгийн гол гурван хүчний нэгд алтыг оруулдаг нь ч их учиртай аж. Энэ онд гэхэд манай улсын эдийн засагт тэргүүлэх байрыг эзэлдэг нүүрсний үнэ олон улсын зах зээл дээр буурах хандлагатай байгаа. Тэгвэл алтаа гайгүй олборлоод байвал халаасан дахь хөрөнгөө нөхөх боломжтойг учир мэдэх нэг нь хэлсээр буй юм.
Л.БААТАРХҮҮ