Мобикомын бэлдсэн инженер дэлхийн зэрэгт хүрчээ

Хуучирсан мэдээ: 2012.10.08-нд нийтлэгдсэн

Мобикомын бэлдсэн инженер дэлхийн зэрэгт хүрчээ

Google, Apple, Samsung, Nokia, Биллайн гэх мэт аливаа улс орон бүрт тухайн орны эдийн засгийн хөгжлийг тодорхойлдог томоохон аж ахуйн нэгжүүд нь ихэнхдээ мэдээлэл технологийн компаниуд байдаг. Монголд ч мөн адил. Манай улсын хувьд татвар төлөлт, нийгмийн хариуцлага, ажиллах хүчин, техник технологийн дэвшил гээд олон зүйлээр топ байгууллагуудын нэгд зүй ёсоор тооцогддог компани бол үүрэн холбооны анхдагч оператор Мобиком корпораци юм. Ялангуяа компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх чиглэлээр боловсролын салбарт Мобиком корпорацийн хийж гүйцэтгэсэн төслүүдийг холбогдох яамд, салбарын мэргэжилтнүүд өндрөөр үнэлдэг бөгөөд тэд энэ бүхний загвар жишээгээр “Үдийн цай” хөтөлбөр, “Мобитэмүүлэл” цахим сургалтыг хамгийн түрүүнд нэрлэдэг юм билээ. Мобиком аливаад анхдагч байдаг шигээ ажилтнуудынхаа хөгжих, сурч боловсрох тал дээр ч мөн анхаарал тавьж, бусдыгаа хошуучлан, салбартаа тэргүүлж яваа ажилтнууддаа цаашид сурч боловсрох, дэвжих боломжийг олгодог юм байна. Саяхан Мобиком корпорацийн интернэт сүлжээний төлөвлөлтийн ажилтан Д.Өлзийтогтох интернэт сүлжээ буюу IT чиглэлээр олон улсын эксперт хэмээх хүндтэй цолыг хүртээд иржээ.

-Сайн байна уу? Эн тэргүүнд та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Би “Мобиком” корпорацид интернэт сүлжээний төлөвлөлтийн инженерээр ажилладаг. 2007 онд ШУТИС-ийн Холбоо мэдээллийн технологийн сургуулийг электроникийн инженер мэргэжлээр төгсөөд энэ байгууллагад ажилд орсон доо. Одоо тав дахь жилдээ ажиллаж байна.

– Таныг саяхан интернэт сүлжээний чиглэлээр дээд түвшний шалгалтыг амжилттай өгч, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн сертификат авсан гэж сонслоо. Чухам ямар учиртай шалгалт юм бол. Энэ тухайгаа яриач?

– Интернэт гэдэг өөрөө маш том орон зай, бас маш том боломж юм. Дэлхийн хаана ч ажиллаж, сурч, амьдарч байсан бид нэг сүлжээгээр нэг орон зайд уулзаж болно. Миний энэ удаагийн амжилт бол Интернэт сүлжээ буюу IT чиглэлээр мэргэжлийн эксперт гэсэн олон улсын байгууллагын сертификат батламжийг авсан явдал. Энэ бол IT чиглэлээр дэлхий даяар ажиллаж байгаа сүлжээний инженерүүдийн авъя гэж хүсдэг, авах гэж зорьдог нэр хүндтэй өргөмжлөл юм. Ер нь дэлхийн бүх л улс оронд интернэт сүлжээ, IT чиглэлээр ажилладаг хүмүүсийн дунд эхлэн суралцагчийн буюу мэргэжлийн түвшний гэсэн тодорхой сертификатууд олгогддог. Энэ чиглэлээр ажилладаг бүх л хүмүүс мэргэжлийн сертификатыг авахын төлөө өрсөлддөг, хичээдэг, бас суралцдаг. Тийм учраас  би өөрийгөө нэлээн том амжилтанд хүрчихлээ гэж дүгнээд байгаа.

Энэ шалгалтыг дэлхийд найман газар л авах тестийн төв байдаг юм байна лээ. Миний мэдэхийн Бээжин, Хонконг, Токио, Энэтхэгийн Банглор, Лондон, Америкт авдаг гэсэн. Би Энэтхэгийн Дели хотод очиж нэг сар бэлтгэл хийгээд, Банглорт шалгалтад орж онолын болон практикийн гэсэн үндсэн хоёр шалгалтыг өгсөн. Шалгалтын хувьд маш их даалгавар өгдөг, хугацаа нь давчуу байсан. Өглөө наймаас орой таван цаг хүртэл үргэлжилдэг юм билээ. Гэхдээ сайн бэлдсэн тохиолдолд давж чадахгүй шалгалт биш ээ.

– Энэ сертификатыг авсан хүнд ямар боломж нээгдэх вэ? Хэр олон хүн авсан байдаг юм бол?

Энэ сертификатыг дэлхий даяар нийт 36 мянган хүн авсан байдаг. Хэдийгээр 36 мянга гэдэг том тоо сонсогдож байгаа ч яг салбар дотроо дэлхийд цөөднө. Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад энэ сертификатыг авсан хүн маш эрэлт хэрэгцээтэй болж, карьер нь өсч, алдартай том компаниудад ажиллах хэмжээнд хүрч байна гэсэн үг. Гол нь энэ шалгалтыг өгснөөрөө тухайн эксперт өөрийн гэсэн дугаар буюу кодтой болдог. Тэр код тухайн хүнийг интернэт сүлжээний орчинд Эксперт түвшний хүн мөн гэдгийг батлан интернэтэд бүртгэгддэг учраас  дэлхийн аль ч улсад очсон ажилд орох, өөрийнхөө мэргэжлийг үнэлүүлэх боломжтой. Үүгээрээ давуу талтай.

CISCO бол сүлжээний төхөөрөмжүүдийг үйлдвэрлэдэг дэлхийд алдартай компани л даа. Энэ сертификатыг тус компаниас гаргадаг юм. Тэдний гаргасан сертификат нь энэ салбарын томоохон компаниудад мэргэжлийн ажилд ороход хамгийн их шаардагддаг гэж хэлж болно..

– Монголд өөр хүн авсан байдаг юм болов уу?

– Би өөрийгөө CISCO-гийн эксперт түвшний сертификат авсан анхны хүн гэж хэлж чадахгүй. Хэрэв тийм хүн байгаа бол Монголд лав ажилладаггүй байх. Харин Австралид ажиллаж, амьдардаг нэг монгол хүн өнгөрсөн нэгдүгээр сард авсан гэж сонссон. Шалгалт авдаг газраас нь Монголоос хэдэн хүн авсныг асуухад мэдээлэл өгдөггүй юм билээ. 

Эксперт түвшний сертификат бол хамгийн дээд түвшнийх гэсэн үг. Үүнээс дээш байдаггүй. Харин сүлжээний дизайн чиглэлээр дахин нэг түвшин саяхан нэмэгдсэн байна лээ. Манайд архитект түвшний сертификатыг авсан долоон хүн байгаа.

-Уг шалгалтыг өгөхийн тулд хэр удаан бэлдсэн бол?

-Би жилийн өмнөөс суралцаж эрчимтэйгээр гурван сар бэлдсэн. Энэ шалгалтад арван найман сар бэлдэх боломжийг өгдөг. Эхлээд бүртгүүлнэ. Ингэхдээ онолынхоо мэдлэгийг шалгуулдаг. Тэр шалгалтаа амжилттай өгвөл 18 сарын дотор сүүлийн шалгалтаа өгөөд тэнцсэн тохиодолд дугаарыг нь өгдөг. Тэнцээгүй нөхцөлд дахиад эхнээс нь эхэлнэ гэсэн үг.

Эксперт түвшний шалгалтыг өөртөө итгэж, чадна гэж бодож байгаа л бол хэн ч өгч болно. Надад эксперт түвшний сертификат авъя гэсэн зорилго эхэндээ байгаагүй. Ажлаа бусдаас илүү хийхийн тулд, тодорхой мэдлэг олж авахын тулд эхлэн суралцагчийнхаа шалгалтыг, дараа нь мэргэжлийнхээ шалгалтыг өгсөн. Тэгээд нэгэнт энэ хоёроо амжилттай өгсөн болохоор дараагийн шатны шалгалтыг өгч үзье гэж бодсон юм. Би нэг юм хийж эхлэхээрээ маш шаргуу бэлддэг. Миний шалгалтад бэлтгээд байгааг менежер маань мэдээд, “Шалгалтаа өгөөд ир” гэж хэлэхэд нь маш их урам орсон. Гэтэл манай компаниас зардал мөнгийг нь гаргах болж, захирал маань хүртэл уулзаад “Чи заавал тэнцэх хэрэгтэй шүү” гэхээр нь айчихсан. Их хүнд даалгавар санагдсан л даа. Шалгалтад бэлтгэх явцдаа би интернэтээр шалгалтын тухай комментуудыг байнга үздэг байсан. Дийлэнх нь эхний удаагийнхаар тэнцэж чадаагүй дандаа л 3, 5, бүр 10 дахь удаагаагаа өгч байж тэнцлээ, маш хэцүү шалгалт гэж бичсэн байсан. Гадаадын сайн сайн инженерүүд өгч чадахгүй байхад би чадах юм болов уу гэж бодож байсан л даа. Сүүлд сонсоход энэ сертификатыг авсан 36 мянган хүний ердөө есөн хувь нь эхний шалгалтаараа л тэнцсэн хүмүүс байдаг юм билээ. Тэгээд гэнэт “айж”, би явахгүй гэтэл онгоцны билетийг чинь захиалчихсан, одоо буцах зүйл байхгүй гэсэн. Ингээд л шалгалтаа өгөхөөр явсан даа. Нэгэнт оччихсон хойно шалгалт өгөх нь тодорхой, хамт олныхоо итгэлийг алдахгүй юмсан гэж маш их мэрийж хичээсэн. Би энэ шалгалтыг эхний удаа өгөөд л шууд тэнцчихсэн юм чинь манайхан сайн л бэлдэж чадвал бусдаас дутаад байх юмгүй. 

-Тэгээд эхний оролдлогоороо шалгалтдаа тэнцжээ?

-Тэгсээн. Шалгалтдаа тэнцсэн тухайгаа менежер рүүгээ хэлж, би 35907 дахь эксперт болчихлоо гэхэд манайхан бүгд баяр хүргээд маш сайхан байсан. Тэгэхэд л нэг дотор онгойсон доо. Миний хувьд тэр дугаар маш чухал, бас манай хамт олны хувьд ч тодорхой бахархал нь болж чадсан байх.

Намайг Энэтхэгт очиход Хойд Солонгосын нэг залуу санаагаар их унагасан л даа. Тэр залуу энэ шалгалтыг өгөх гэж дөрвөн сар бэлдээд уначихсан юм билээ. Эхнийхээрээ тэнцэж болдоггүй юм байна, юутай ч чи ороод ямархуу шалгалт байдгийг нь үз, туршлага суу, чамд л хэрэгтэй гэж хэлсэн. Гэтэл би өгч үзэх гэж яваагүй, тэнцэх гэж л энд ирсэн болохоор дотроо “заавал чадах ёстой” гэж бодсон. Надад өөр боломж байгаагүй ээ. Дахиж тийшээ ирж шалгалт өгөх боломж ч байхгүй. Харин тэнцсэнийхээ дараа бодож байлаа. Монголчуудад хэнээс ч дутаад байх юм алга. Тэр тусмаа манай сүлжээний технологийнхонд.

-Энэ шалгалтыг өгөхөд хэлний мэдлэг маш сайн байх ёстой биз?

– Хэлний мэдлэг зайлшгүй шаардлагатай. Гэхдээ техникийн хэл тусдаа л даа. Нэг шалгалт өгөхөд найман зуун хуудас ном унших шаардлагатай болдог юм. Хүнтэй ус цас шиг ярьдаг хэрнээ техникийн хэл ойлгохгүй хүмүүс байхад техникийн хэлээ сайн мэддэг ч яриандаа сайнгүй хүмүүс ч бас зөндөө л байдаг. Би техникийн номоо уншаад бүрэн ойлгоно. Мобикомд сүлжээний инженерүүд бүгд өөр өөр систем хариуцдаг. Надтай хамт ажилладаг инженерүүдийн маань гурав нь CCIE-ийн эхний түвшнийг авсан байгаа. Тэд удахгүй дараагийн шатных нь шалгалтыг өгч, сертификатаа авах байх.

Ер нь Монголын мэдээллийн технологийн салбар бусад улс орны хэмжээнд хэдийнэ хүрчихсэн шүү дээ. Инженерүүдийн нь ч гэсэн мэдлэг хэнээс ч дор орохгүй гэдгийг би баталж чадлаа. Бид нар гадаадын сайн инженерүүдээс суралцаж, дэмжлэг авч ажилладаг. Тэгэхээр англи хэлээ л сайжруулбал дэлхийн хэмжээний инженерүүдээс дутах юм ер байхгүй, эн зэрэгцэж чадах юм байна гэж бодсон.

– Түрүүн өөрөө хэллээ. Энэ сертификатыг авснаар гадаадын том компаниудад ажиллах боломжтой гэж. Таны хувьд цаашдын зорилго?

– Би Монголдоо ажиллана гэж боддог. Мобикомдоо,бас салбартаа хийнэ бүтээнэ гэж төлөвлөсөн зөндөө ажил байна. Хариуцсан системээ сайжруулна. Ойрын хоёр жилийн төлөвлөгөө бол тэр. Юм сурчихаад гадагшаа явчихдаг хүмүүсийг би хувьдаа зөвтгөдөггүй. Монголд сайн боловсон хүчин яг өнөөдөр маш их хэрэгтэй байна. Тийм ч учраас сурсан мэдсэнээ байгууллагадаа, Монголчууддаа зориулж, Монголынхоо интернэтийн сүлжээний орчинг хүссэн хэмжээндээ хүртэл хөгжүүлнэ гэж бодож байна даа.

– Ярилцлагa өгсөн танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж