Хуучирсан мэдээ: 2012.10.08-нд нийтлэгдсэн

Оодорсон автобусууд

Нэгдүгээр эгнээг чөлөөлснөөс хойш том оврын автобусууд ёстой л эрх чөлөөгөө эдлэх мэт дураараа давхилдаж эхэлсэн билээ. Иргэд хурдан, шуурхай зорьсон газартаа очиж байгаа болохоор ам сайтай байгаа. Гэхдээ автобусууд хэцүү зангаа одоо л гаргаж байна.

Наян настай эмээ автобусанд дөнгөж орж байхад жолооч хурдаа нэмэн хөдөллөө, хөөрхий эмээ унаж хүмүүс ч сандралдан босгож, тоосыг нь гөвж өглөө. Сандарсан эмээ мэдээж хэрэг кондуктор, жолоочийг загнаж, хэд, арван хатуу үг хэлж орхисон юм. Харин жолооч уурсаж “Бариулаас барихад яадгын унахаа мэдэж байсан юм бол” гэж том дуу гаргах. Зөвхөн энэ бол юу ч биш. Тасалбар түгээгчид буюу бидний нэрлэдгээр кондукторууд зорчигчдод дэндүү ууртай хандах болж. “Хурдал, түргэл, арчаагүй новшнууд, чихэлдээд, сэгсчүүлээд байгаа бол таксигаараа яв” энэ үгс амны уншлага болжээ. Настайчуудыг чирж, гулдчих шахам автобус руу оруулж, үйлчилгээний талаар санал гомдол хэлэнгүүт урдаас нь хэрүүлийн үг шидэж, “тэгвэл буу” гэх бардам үг шидэлнэ. Буудалдаа дөнгөж ирсэн автобус хүнээ оруулахгүй зогсч байгаад яваад өгнө. Хүмүүс араас нь гүйлдээд, хаалгаа онгойлго гэж орилолдож байсан ч жолооч тоолгүй давхиад явчихна. Эсвэл хаалгаа дөнгөж нээж, хүмүүсээ буулгасны дараа хурдхан хаачихаад хурдаа нэмнэ.

Эрх чөлөөгөө эдэлж, зорчигчдод эд хаваа үзүүлж байгаа автобуснууд эхнээсээ зам тээврийн осол гаргаж эхэллээ. Өнгөрсөн буй долоо хоногт 15 автобус том, жижиг осол гаргасан мэдээ байна. Өнгөрөгч пүрэв гаригт Москва хорооллын урд талын авто замд том оврын автобус 12 настай хүүг дайрч хүнд бэртээсэн хэрэг гарав. Зорчигч дүүрэн чихсэн автобус Гачууртын аманд онхолдов гээд яриад байвал мундахгүй олон. Ямар сайндаа өнөөдөр л гэхэд монгол гуравдугаар сургуулийн урд талын замд том оврын автобус Марк-2 машины ар талыг юу ч үгүй дайрч байхав дээ.

Автобусны жолооч зорчигчоо зодсон тухай мэдээлэл ч олон нийтийн цахим хуудсуудаар ам дамжин яригдаж байна. Иймэрхүү мэдээллийн доор жолооч нар, кондукторуудыг харааж, муулсан сэтгэгдэлүүд чамгүй. Гэхдээ хүн бүрийн фейсбүүк хуудас бүрт өөр, өөр ийм төрлийн баримтууд бий. Твиттерт ч ийм мэдээллүүд их байна.

Том оврын автобуснуудыг яах вэ? Хурдан болсон ч үйлчилгээ өмнөхөөсөө дордов. Нэгдүгээр эгнээнд ганцаараа гэсэн шиг хурдалж, түүнээсээ бол осол гаргах нь ч ихэслээ. Хэрхэн шийдэх вэ хотын удирдлагуудаа…


Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж