“Саутгоби” барцадтай байна

Хуучирсан мэдээ: 2012.10.08-нд нийтлэгдсэн

“Саутгоби” барцадтай байна

Монголд үйл ажиллагаа явуулдаг “Саутгоби Сэндс”-ийн эзэмшдэг Хонконгод төвтэй “Саутгоби Ресурс” өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-нд компанийхаа 60 хувийг Хятадын төрийн өмчит “Чалко” компанид зарахаар зөвшилцөх болсноо зарласан ч таван сарын дараа “Чалко” худалдаж авахгүй болсноо мэдэгдсэн.

“Саутгоби Сэндс” Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Овооттолгойд хагас кокжсон нүүрс олборлодог ба өнгөрсөн жил 3,8 сая тонн нүүрс экспортлосон манай эдийн засагт багагүй үүрэг гүйцэтгэдэг, нүүрсний зах зээл дээрх чухал тоглогчдийн нэг юм.

Хятадын төрийн өмчит компани “Саутсгоби Сэндс”-ийн наймааны талаар дуулиан дэгдсэнээр Монголын парламент стратегийн ач холбогдол бүхий салбаруудад гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль баталж “Саутсгоби Сэндс”-ийн олборлолтын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай ч яриа хөөрөө дэгдсэн. Эцэстээ  “Чалко” саналаасаа татгалзсан.  Хэрэв тэд гэрээгээ байгуулсан бол “Чалко” Овооттолгойгоос гарах бүх нүүрсийг худалдаж авах эрхтэй болохын дээр бүтэц бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах үүрэг хүлээх байсан.

“Саутгоби ресурс”-ийн толгой компани “Айвенхо майнз”-ийн удирдлагыг “Рио Тинто” /өнгөрсөн долдугаар сард 51 хувийн хувьцаа эзэмшигч болсон/ гартаа авснаар Овоотолгойг “Чалко”-д зарахаа больсон уу, эсвэл үнэхээр “Чалко” байр сууринаасаа ийм амархан ухрав уу гэсэн асуултууд бий. “Чалко” гэдэг төрийн өмчит компанийн хүсэл бол Хятадын хүсэл. Монголд суугаа суугаа Хятадын элчин сайд Ван Сяолунд хүртэл “Чалко” саналаасаа буцахгүй байх гэж хэлж байсан юм. 

“Саутгоби Сэндс”-ийн тусгай зөвшөөрлийг цуцлаагүй ч энэ бүтэлгүй наймаанаас болж олон хүндрэлтэй тулж эхэлснийг өнгөрсөн зургадугаар сараас хойш гаргаж байгаа мэдэгдэлүүдээс харж болно. Компани Ашигт малтмалын хэрэг эрхлэх газартай Заг Сууж болон Сүмбэр гэдэг хоёр нүүрсний орд дээрээ ашиглалтын өмнөх гэрээ байгуулах гэж шаардлагатай бүх бичиг баримтаа өгсөн ч тодорхойгүй шалтгаанаар гэрээ байгуулахгүй байгаа учраас тэдний гомдлыг зургаан сарын дотор шийдэхгүй хойшлуулсаар байвал Олон улсын хөрөнгө оруулалтын маргаан зохицуулах газар арбитрт хандана гэж мэдээлсэн.

Мөн дараа нь “Саутгоби” дахин Монголын албаны хүмүүс тус компанийг гадуурхаж байна гэж гомдоллосон. Нүүрс хатаах үйлдвэрийнх байгаль орчны үнэлгээг нь холбогдох яам батлаж өгөхгүй байгаа, тэр үнэлгээгүйгээр нүүрс хатаах үйлдвэрээ эхлүүлэх боломжгүй гэж мэдэгдсэн юм. Лиценцийг нь үнэхээр цуцлаагүй ч цуцална гэсэн заналхийлэл нүүрсний борлуултад хүртэл нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй гэж компани хувьцаа эзэмшигчиддээ тараасан мэдэгдэлд бичсэн байлаа. Компанийнх тогтвортой байдалд худалдан авагчид нь эргэлзсэн учраас нүүрсний худалдан авалт нь багассан ч байж болно гэж “Саутгоби” учирлаж байна. Одоогоор “Саутгоби сэндс” уурхайгаа тодорхойгүй хугацаагаар хаагаад байна гэсэн мэдээлэл байна. Зарим эх сурвалж худалдан авагчид нь нүүрсний үнийг буулгахыг шаардаж байгаа учраас нүүрс олборлохгүйгээр нүүрсний үнэ нэмэгдтэл уурхайгаа хаахаар шийдсэн бололтой гэж тайлбарлаж байгаа. Энэ үнэн бол тэнд ажилдаг 650 хүний ихэнхи нь ажилгүй бас манай төсвийн орлого орлого нэмэгдэхгүй гэсэн үг.  Авлигатай тэмцэх газар Ашигт Малтмалын газрын экс дарга Ж.Батхуягийг шалгахдаа “Саутгоби”-гийн оффисийг шөнөөр нэгжсэн хэмээсэн нь бас нэг дуулиан дэгдээгээд амжсан.

Ямартаа ч энэ өдрүүдэд “Саутгоби ресурс”-ын “Рио Тинто”-гоос томилогдсон шинэ ерөнхийлөгч Росс Троманс Монгол дахь оффистоо зочилж, нөхцөл байдалтай нь танилцаж яваа. Тэгэхээр “Саутгоби ресурс”-ийн хувь заяаг хэрхэн төлөвлөсөн бол, хамтдаа харцгаая.

Б.ХАЛИУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж