Оросын цэргийн баазын хугацааг сунгав

Хуучирсан мэдээ: 2012.10.07-нд нийтлэгдсэн

Оросын цэргийн баазын хугацааг сунгав

201-р баазын цэргүүд. Фото РИА Новости, Сергей Гунеев    

Орос Тажикистаны байгуулсан гэрээгээр Оросын цэргийн баазыг Тажикистанд 2042 он хүртэл байлгахаар болжээ.

Оросын ерөнхийлөгч Владимир Путин Душанбед айлчлах үеэр энэ сарын 5-нд шинэ гэрээ байгуулжээ. Тус улс дахь Оросын баазын талаарх өмнөх гэрээний хугацаа нь 2014 онд дуусч байсан юм.

Шинэ гэрээний талаар Путины туслах мэдэгдэхдээ Оросын цэргийн бааз нь түрээсийн төлбөр бараг байхгүй, бараг буцалтгүйгээр байрлах болно гэсэн байв.

Путины туслах Ушаков гэрээний дагуу баазын цэргийн албан хаагчид ба тэдний гэр бүл дипломат албаны захиргаа, техникийн бүрэлдэхүүний статустай байна гэжээ. Тэд  Тажикистаны засаг, хуулиас дархан хамгаалалтай байх ажээ.

Сануулахад, шинэ гэрээ байгуулж байгааг 2011 онд Медведев ерөнхийлөгч байхдаа мэдээлсэн бөгөөд энэхүү гэрээнд 2012 оны эхний улиралд гарын үсэг зурна гэж байлаа. Медведев Душанбед айлчлахдаа баазыг байрлуулах хугацааг 49 жилийн хугацаагаар сунгаж байгаа гэсэн юм.

Өнгөрсөн зун Оросын цэргийнхэн хэлэлцээрийн талаар сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Хуурай замын цэргийн командлагч нар “бараг шийдэхээргүй болж байна”, “Дорнын төгсгөлгүй муухай наймаа явагдаж байна” гэх мэтээр мэдэгдэж байлаа.

ОХУ-ын цэргийн баазыг 2004 онд Цэргийн тусламжийн гэрээний дагуу Тажикистанд байрлаж байсан мото буудлагын 201 дүгээр дивизийн үндсэн дээр байгуулжээ. Одоогоор Оросын цэргийн ангиуд нь Душанбе, Куляба,Курган-Тюбад байрлаж байгаа ажээ.

Владимир Путин сая Душанбед айлчлахдаа Оросын тал Зэвсэгт хүчнээ шинэчлэхэд нь Тажикистанд туслана гэж мэдэгдлээ. Мөн тэрээр Тажикийн хар тамхитай тэмцэх албанд таван сая гаруй ам.долларын тусламж үзүүлэхээр амлажээ.

Бэлтгэсэн Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж