Ромни гялалзаж, Обама тааруухан харагдлаа

Хуучирсан мэдээ: 2012.10.07-нд нийтлэгдсэн

Ромни гялалзаж, Обама тааруухан харагдлаа

Сонгуулийн өмнөх халз мэтгэлцээнд Бүгд найрамдах намын Митт Ромни давуу байлаа
     

Чансаагаараа хоцорч явсан бүгднайрамдагч Митт Ромни телевизийн халз мэтгэлцээнд өнөөгийн ерөнхийлөгч Барак Обамаг ялав. Халз маргааны дараа CNN-ий явуулсан олон нийтийн санал асуулгаар, Ромнийг үзэгчдийн 67 хувь дэмжсэн бол Обамаг дөнгөж 25 хувь нь дэмжсэн гэж гарчээ. Шинжээчид Ромнийн чансаа цаашид өснө гэж үзэж байна. Тэрээр сайн ярьж чадсан нь штабынхных нь ч таамаглаагүй үзэгдэл болсон гэж тэд тэмдэглэв.

Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригийн орой ерөнхийлөгч Барак Обама Бүгд найрамдах намаас  ерөнхийлөгчид нэр дэвшигч Митт Ромни нарын сонгуулийн сурталчилгааны халз мэтгэлцээн болсон.

Телевизийн халз мэтгэлцээн Америкийн сонгогчдын санаа бодлыг тандах бас нэгэн боломж гэж тооцогддог. Шоуг 60 сая орчим хүн үздэг бөгөөд тэд саналаа ирүүлэн нэр дэвшигчдээс хэн нь илүү байсныг хэлэх боломжтой. Үзэгчдийн нас мэтийн сонгуулийн  хязгаарлалт энэхүү саналд нь хамаардаггүй.

Халз мэтгэлцээний өмнөх олон нийтийн санал асуулгаар сонгуулийн өрсөлдөөнд Обама  тэргүүлж байв. Гэсэн ч Денверийн их сургуулийн индрээс Ромнигийн өөртөө итгэлтэйгээр 90 миутын турш ардчилагчийг атакласан нь гэнэтийн явдал болсон юм. Тодорхойгүй шалтгаанаар Обама сонгуулийн өрсөлдөөндөө ашиглаж байсан дуртай сэдвүүдээ ч ярьж чадсангүй гэж Reuters тэмдэглэсэн байна. Ерөнхийлөгч цагаачдын асуудлаар өрсөлдөгч бүгд найрамдагч нь ямар хатуу байр суурьтай байгааг тооцоолж чадсангүй. Америкийн  үйлдвэрүүдийг хааж, үйл ажиллагааг гадаад орнууд руу шилжүүлсэн “Bain Capital” компанийн удирдлагад Ромний хамаатай байсан эсэх талаар ч тэрээр дуугарсангүй.

Денверийн уулзалтын гол сэдэв нь Обамагийн хувьд нэлээд эмзэг эдийн засгийн бодлого байсан юм. Нэр дэвшигчид татварын хэмжээ, нийгмийн бодлого, эрүүл мэндийн салбараар маргаж, харин Ромни одоогийн ерөнхийлөгч эдийн засгийн зогсонги байдалд хувийн хариуцлага хүлээх ёстой хэмээн довтолж байлаа. Бүгднайрамдагч маргаанаа эдийн засгийн өсөлт сулхан, ажилгүйдлийн төвшин өндөр 8,1 хувь байгаад ардчилагчдыг буруутгаснаар эхлэв. Үүний зэрэгцээ Засгийн газар шинэ ажлын байр бий болгоход саад болсон хэт хатуу бодлого явуулж байгааг тэрээр шүүмжлэв.

“Бид буруу зам дээр зогсч байгаа нь миний сэтгэлийг ихээхэн зовоож байна. Ерөнхийлөгч дөрвөн жилийн өмнөх шигээ л ихийг үрж, их татвар цуглуулж, илүү зохицуулалт хийх үзэл санаатай хэвээрээ байж байна… Энэ бол Америкт хэрэгтэй зүйл биш” гэж Ромни хэлэв.

Обама Ромнид хариу өгөхдөө бүгднайрамдахчуудын татварын бодлогыг задлан ярив. Татварын орлогыг 20 хувиар буулгах нь байж боломгүй зүйл, ингэснээр төсөвт таван их наяд ам.доллар дутагдана. Үүнийг татварын цоорхойг бөглөснөөр алга болгоно гэж  бүгднайрамдахчууд тооцож байгаа нь бүтэхгүй гэж Обама дуулгалаа. “Захирагч таны тайлбарласнаар татварыг буулгаж, дунд ангийнханд дарамт үзүүлэлгүй, тэдэнд хомсдол гаргалгүйгээр зөвхөн өндөр орлоготой хүмүүст нөлөөлөх тэр их хэмжээний цоорхойг бодож, үүсгэх боломж ч огт гарахгүй. Энэ бол зүгээр л математик тооцоо, тооны ухаан” гэж Обама хэлжээ. “Миний татварын төлөвлөгөөний тухай түүний хэлсэн нь бараг бүгд л буруу байна” гэсэн хариултаар Ромни Обамаг зогсоов.

Ардчилагч хариуд нь Ромнийн санал болгож байгаа бүх санааг өмнөх ерөнхийлөгч Жорж Буш дэвшүүлсэн байсан гэж сануулав. Тэрээр 2001, 2003 онд ийм санааг Конгресст оруулан батлуулсан нь төсвийн асар их зөрөөг үүсгэн дараа нь “Их депрессийн үеэс хойш гараагүй эдийн засгийн уналтад оруулсан” гэж Обама хэлээд түүний захиргааны үед эдийн засаг доройтсон гэх хамгийн алдартай буруутгалаас хамгаалахыг оролдов. Обама Бушаас муу эдийн засаг өвлөн авсан гэж Обамагийн штаб ээлж дараатайгаар  ухуулж байгаа.

Обамагийн эрүүл мэндийн даатгалын хөтөлбөр нь жижиг бизнест сөрөг нөлөөтэй гэж Ромни хэлэхээр оролдов. Массачусетс мужийн захирагч байхдаа Ромнийн хэрэглэсэн хөтөлбөрөөс үндэслэн тэрээр энэ төлөвлөгөөг гаргасан юм. Яагаад ч юм вэ, тэр нь ажлын байрыг буулгаагүй гэсэн хариуг Обама барив.

Уолл-стритэд төрийн хэсэгчилсэн зохицуулалт байх эсэх талаар тэдний удаан хугацааны маргаан халз мэтгэлцээний үеэр гэнэтхэн шийдэгдлээ. Хэдэн сар эсрэг зогсч байсан Ромни өөрөө эрсдэлтэй санхүүгийн ажиллагаанд Обама шиг хяналт оруулахыг хүлээн зөвшөөрлөө.

Маргагч талууд үзэгчид болон улс төрийн шинжээчдийг “баярлуулахаар” хувийн дайралт хийсэнгүй. Тэд баримт дурьдан тоо тооцсоор бие биенийхээ ялгааг үе үе сануулан өрсөлдөгчөө “ядраан” давах эрмэлзэлтэй байсан мэт харагдаж байлаа. Бүгд найрамдагч Обамаг тэмдэглэлийг хэтэрхий их харж байна гэж буруутгалаа. Харин ардчилагч маргааныг явуулж байсан Жим Лейрерийг яриаг цагт нь зогсоосонгүй гэж элдгээр сануулав. “Надад таван секунд үлдээд байтал  та намайг тасалчихлаа” гэж ерөнхийлөгч инээмсэглэн хэлэв.

CNN сувгийн судалгаагаар бүгднайрамдагч халз маргаанд ялав. Телевизийн үзэгчдийн 67 хувь нь Ромнийг үнэлсэн бол Обамаг 25 хувь нь илүү гэж үзэв. Энэ нь Ромнид саяхан гарсан дуулианы дараа чансаагаа нэмэх боломж олголоо. Саяхан Ромни сонгогчдын 47 хувийг “тэжээлгэгчид” гээд тэд Засгийн газраас хамааралтай учир түүний төлөө санал өгөхгүй гэж ярьсан видео бичлэг тарж шуугиан дэгдээсэн. 

Обама тэргүүлэх байр суурийг хадгалах үүднээс мэтгэлцээний турш хамгаалалтын байдал байлаа гэж хэлж болохоор.  Тэрээр хэтэрхий их болгоомжилж байсан гэж шинжээчид дүгнэв.

Politico портал маргааны дараа улс төрийн шинжээчдэд хандан нэр дэвшигчдийн маргааныг дүгнэх санал тавьжээ. Тэд Обамаг тааруухан байлаа ерөнхийдөө дүгнэжээ. Ромни харин итгэлтэй гялалзаж илүү тод байсан гэнэ.

“Минийхээр бол Ромни өөртөө сайн ажиллалаа. Харин Обама бол тэгсэнгүй. Ромний халз маргаанд хэний ч хүлээж байгаагүй галзуу бэлтгэлтэй байлаа. Багийнхан нь хүртэл ийм юм болно гэж бодоогүй” хэмээн  Улс төрийн инновацийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Том Жиованетти дүгнэв.

“Хэрэв би хэний төлөө саналаа өгөх вэ гэж эргэлзэж байсан бол энэ халз мэтгэлцээн миний тодорхойлолтод тус болохгүй л байлаа. Энэ бол тооны маргаан байснаас сэтгэлийн маргаан байсангүй.  Нэр дэвшигчдээс хэн нь ч сонсогч нартаа хандаагүй. Хоюулаа л давтсан хичээлээ санахаар хичээсэн сурагч нар шиг байлаа. Ерөнхийлөгч Обама үе үе нервдэж харагдлаа. Ромни байр сууриа арай итгэлтэй илэрхийлж байв. Түүнийг ингэнэ гэж хэн ч хүлээж байгаагүй. Обама хүлээгдэж байсан хэмжээнд хүрсэнгүй. Ромни стилиэр яллаа. Гэхдээ хэн нь ч үнэндээ бол хожиж чадсангүй” хэмээн Sanderson Strategies-ийн дэд ерөнхийлөгч бөгөөд The Washington Post сонины сурвалжлагч байсан Молли Мур тайлбар хийжээ.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль хүртэл таван долоо хоног үлдээд байна. Энэ хугацаанд хоёр гол нам гурван уулзалт хийнэ. Аравдугаар сарын 11-нд Кентукки мужид дэд ерөнхийлөгч Жозеф Байден, Ромнийн дэд ерөнхийлөгчийн сонголт болсон Пол Райан нар халз мэтгэлцээн хийнэ.

Бэлтгэсэн Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж