“Монгол Улсад тарваган тахал өвчнөөр өвчлөгсдийн тоо 20 хүрч, улс даяар хорио цээрийн дэглэм тогтоож, энэхүү аюулт өвчин Оросын нутаг дэвсгэрт дэлгэрэх магадлал өндөр байна” гэж ОХУ-ын “Биржевой лидер” сэтгүүлийн өнгөрсөн есдүгээр сарын 26-ны өдрийн дугаар мөн Буриадын “Baikal daily” сайтад нийтлэгдсэн. Уг мэдээлэл ор үндэслэлгүй ташаа мэдээлэл болохыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдэгдлээ. Түүнчлэн манай улсад энэ оны эхний арван сарын байдлаар тарваган тахлын хүний өвчлөл бүртгэгдээгүй гэжээ.
Харин өнгөрсөн наймдугаар сард тарваган тахлын сэжигтэй нэг дуудлагыг хүлээн авч, шинжлэхэд баталгаат шинжилгээгээр үгүйсгэгдсэн байна.
Д.ЖАРГАЛ