Зуны гурван сар театрын нээлтийг хүлээж, догдолсон үзэгчид А.Хачатуряны бардам, хүчирхэг хэрнээ гунигтай энэ хөгжмийг амьсгаа даран сонсоно. Спартакт юу болох бол гэсэн айдас төрүүлэм, сэтгэл шаналгах хөгжим, үзэгчдийг эзэмдэж байв. Хөгжмийг сэтгэл, зүрхээрээ мэдрэгч, Урлагийн гавьяат зүтгэлтэн, театрын ерөнхий удирдаач Н.Туулайхүү симфони оркестроо урамтай, зоригтой, сэтгэл хөдлөл дүүрэн удирдаж, саяхан л үзэгчдийн алга ташилтыг сонсон, тоглолт бүхийн өмнө тэр тусмын нээлтийн улирлын тоглолтын өмнө сэтгэл дэнслэн догдолдог уран бүтээлчид хэдийнэ хөгжмийн аяндаа уусан нэгджээ. Сонгодог урлагийн үнэнч шүтэн бишрэгчид, сонгодог урлагдаа хайртай уран бүтээлчдийн аль алиных нь удаан хүлээсэн тоглолт ийнхүү эхэллээ.
Театрын энэ цагийн “ханхүү” гэгдэх Соёлын тэргүүний ажилтан, балетын гоцлооч О.Ганцоож тайзнаа дүүлэн ниссээр гарч ирэв. Бүгд түүнийг хэрхэн бүжиж байгааг хараа салгахгүй харна, тэр бол энэ үдшийн хүчирхэг Спартак. Харин түүний дурлалт бүсгүйд хөдөлгөөн бүр нь уян зөөлөн, усны урсгал шиг. Соёлын тэргүүний ажилтан Г.Цолмонгийн хөдөлгөөн бүр угаасаа ийм уян налархай, сэтгэл татам. Салхинд хийсэх торгомсог алчуур шиг л тэр тайзнаа намирч байсан. Балетын гоцлооч Г.Цолмон олон үзэгчдийг театр руу соронздог бас нэгэн шигтшээ нь мөнөөс мөн. Г.Цолмонгтйн хөдөлгөөн бүрт нь дурласан үзэгчид театрт олон байдаг. Ингэж л тэр үзэгчдийг театртаа урьдаг. Түүнийг А.Адамын “Жизель”-д тоглохыг үзсэн үзэгчид заавал дахин театрт ирдэг. Харин Красс буюу Ромын эзэнт улсын цэргийн жанжин Красст А.Өлзий-Орших, татвар эм овжин бүсгүй Эгинад Соёлын тэргүүний ажилтан Ч.Ганчимэг тоглов. Театрын бас нэгэн хун Ч.Ганчимэг өнгөрсөн улиралд театртаа эргэн ирсэн юм. Алдарт П.И.Чайковскийн “Хунт нуур” балетад Ч.Ганчимэг, театрын шинэ “хун” хэмээн нэрлэдэг Б.Саруул нар гоцлодог билээ.
Сонирхолтой нь ч гэх үү гунигтай ч гэх үү энэ улиралд театрын “хун” Б.Саруул хөл хүнд болсон учир үзэгчдийн эгнээнд элсчээ. Театрынхаа нээлтэд үзэгчийн хувиар ирсэн үзэсгэлэнт хун Б.Саруул “Би сүүлийн хэдэн жил бараг ингэж сууж тоглолт үзээгүй юм байна. Үнэхээр гоё байна. Сая хөгжим сонссон чинь бүр биеийн шар үс босч байна ш дээ. Гоё байна” хэмээн завсарлагаанаа үзэгчидтэй хуучлан зогсч байна. Удахгүй ээж болох гэж буй Б.Саруулыг энэ улиралд тайзнаа бүжихыг харахгүй гэдэг жаахан харамсалтай. Тиймээс театртаа, тайзнаа хурдан эргэн ирээрэй гэж үзэгчид хүсч байв.
Балетын тухайд ярих зүйл үгүй, “Спартак” бол хүн төрөлхтний мөрөөдлийн балет. Тайзнаа О.Ганцоож эрчилсэн салхи мэт хүчтэй байж, Г.Цолмон урсах голын урсгал шиг зөөлөн, харин А.Өлзий-Орших өөртөө итгэлтэйгээр тайзыг эзэгнэж, Ч.Ганчимэг уян налархай хөдөлгөөн бүрээрээ үзэгчдийг эзэмдэж, хөгжимчид сэтгэл хөөрлийг дээд цэгт хүргэж байсан бол тайз, гэрлийнхэн бүжигчдийн хөдөлгөөн бүрийг тодруулан гэрэлтүүлж яг л үлгэрийн юм шиг нэгэн үдшийг үзэгчдэдээ бэлэглэсэн. Зарим үзэгчид “Яг л кино үзэж байгаа юм шиг байлаа” гэж байхад, нөгөө нэг нь “Төгсгөлийн хэсэгт уйлсан, манайхан үнэхээр сайн юм аа. О.Ганцоож дүрээ үнэхээр сайн гаргалаа” хэмээн уран бүтээлч тус бүрт нь дүгнэлт хийн ярилцаж, театраас сэтгэл хангалуун гарцгаасан. Харин өнөөдөр театртай 50 жил хамт байсан П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурь эгшиглэнэ.
Дашрамд дурдахад А.Хачатуряны “Спартак” балетыг үзэж, амжаагүй бол ЭНД дарж үзээрэй. Харин дараа нь заавал Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт зочлон, хүчирхэг “Спартак”-тай танилцаарай.