нутгийн захиргааны байгууллагаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээний
талаар иргэдэд лавлагаа, мэдээлэл өгөх, санал асуулга, судалгаа явуулах,
иргэдийн эрэлт хүсэлтийг хүлээн авах, нийслэлийг хөгжүүлэх талаар гарч
байгаа шийдвэрт олон нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор “Улаанбаатар
сонсож байна” лавлагаа мэдээллийн төв байгуулах саналыг Засаг даргын
Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун өнгөрсөн пүрэв гаригт болсон
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанд танилцууллаа. Энэхүү төв
Мобиком групптэй хамтран ажиллах бөгөөд аравдугаар сарын 1-нээс гурван
сарын хугацаанд туршилтын журмаар ажиллуулахаар санал боловсруулжээ.
Нийслэлийн
иргэдээс 1200, 1234 тоот тусгай дугаарын утсуудаар дуудлага хүлээн авч
үйлчлэх бөгөөд эрэлт, хүсэлт, санал, мэдэгдэл, өргөдөл хүсэлт гэх зэрэг
найман төрлийн үйлчилгээ үзүүлэх юм. 1200 тусгай дугаар бүхий утсанд
холбогдсоноор нийслэлээс үзүүлж байгаа төрийн үйлчилгээний лавлагаа,
мэдээлэл авахыг хүссэн иргэдэд оператор урьдчилсан бэлтгэсэн мэдээллийн
баазаас СТI программ ашиглан мэдээлэл өгнө. Энэхүү үйлчилгээний төлбөр
нь энгийн тарифаар тооцогдох бөгөөд минут нь 50-80 төгрөг байна.
Лавлагаа, мэдээллийн үйлчилгээ үзүүлдэг тусгай дугаарын утаснуудын нэг
минутын тариф 350-450 төгрөг байгааг мэргэжилтнүүд судалгаагаар
гаргажээ. 1234 тоот тусгай дугаараар иргэдийн санал, хүсэлтийг хүлээн
авах бөгөөд иргэнтэй холбогдсон оператор мэдээллээ координатор руу
илгээнэ. Координатор тухайн иргэний санал, хүсэлтийг холбогдох нэгж,
албан тушаалтанд шилжүүлнэ. Иргэд регистрийн дугаар болон өөрийн
сонгосон дөрвөн оронтой нууц дугаараа ашиглан www.ub1234.mn цахим
хаягаар дамжуулан интернэтээр харах, ямар албан тушаалтан дээр өргөдөл
нь байгааг хянах боломжтой болох юм. Энэ Төвийг ажиллуулснаар нийслэлийн
төр захиргааны байгууллагууд үйлчилгээнийхээ талаар иргэдэд бүрэн
дүүрэн мэдээлэл өгч ил тод, нээлттэй, иргэдийн хяналттай, оролцоотой
ажиллах боломж бүрдэнэ гэж Засаг даргын Тамгын газрын дарга
Ё.Гэрэлчулуун онцолсон. “Улаанбаатар сонсож байна” лавлагаа мэдээллийн
төвийг туршилтын журмаар ажиллуулж эхэлсэнтэй холбогдуулан Улаанбаатар
хотын автозамын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээний
хүрээнд улсын дугаарын хязгаарлалттайгаар хөдөлгөөнд оролцуулах журмыг
үргэлжлүүлэн мөрдүүлэх эсэх асуудлаар нийслэлийн иргэдийн дунд санал
асуулга явуулж болох талаар Удирдлагын зөвлөлийн гишүүд санал хэлж байв.
Хот иргэндээ нээлттэй үйлчилдэг байх шинэчлэлийн санаачилгыг Нийслэлийн
Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл дэмжиж
байгаагаа илэрхийлээд төрийн үйлчилгээний талаархи мэдээллээр бүрэн
хангаж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.