УДБЭТ-ын нээлтийн тоглолтын талаар тус театрын захирал Б.Сэргэлэнтэй ярилцлаа.
-Өнөөдөр УДБЭТ 50 дахь улирлын нээлтээ хийх гэж байна?
-УДБЭТ-ын өвөл цагийн нээлт буюу уран бүтээлийн 50 дахь улирал маань үүд хаалгаа нээхэд бэлэн болоод байна. Аливаа театрын тухайд нээлтийн тоглолт тухайн жилйн сенсаац байдаг. Тиймээс ч өмнөх жилийн онцгойрсон бүтээлээрээ нээлтийн тоглолтоо хийдэг бичигдээгүй хууль бий. Энэ дагуу бид сүүлийн 20 жил тоглогдоогүй байж байгаад хувцас, тайзаа шинэчлээд үзэгчдэдээ толилуулж, өндөр таашаал хүртэж чадсан “Спартак” хүчирхэг балетаар балетынхаа нээлтийг хийх гэж байна. Харин дуурийн хувьд бидний нүдний цөцгий мэт хайрладаг, манай театрын анхны хөшгийг нээсэн нас чацуу “Евгений Онегин” дууриар дуурийн нээлтээ маргааш хийх гэж байна.
-“Евгений Онегин” дуурийг их онцлогтой бүтээл гэдэг юм билээ?
-“Евгений Онегин” дуурийг дэлхийн театрууд тэр бүр тоглоод байдаггүй. Учир нь А.С. Пушкин, П.И. Чайковскийн эх хэл буюу орос хэл дээр тоглогддог учраас маш урт, нэлээн драм шаардсан. Ер нь хөгжимчид, уран бүтээлчдээс маш өндөр мэргэжлийн ур чадвар шаардсан бүтээл. Дуурь гэдэг утгаараа сайн дуулах нь гол хэдий ч үзэгч, шүүмжлэгдийн онцолж хардаг зүйл бол дүрд хувирах. Энэ дуурь маш олон дүртэй. Дүр бүр өөрийн өнгө зүстэй, яг Евгений Онегин дууриас үнэхээр Оросын үнэр ханхалж байх ёстой. Оросын гоо зүй, соёл, түүх нь үнэртэж байх ёстой юм. Тиймээс үзэгч, урлаг судлаачид энэ дууриас хэн ямар дүрд хэрхэн хувирч чадаж байна, ур чадвар нь хэр төвшинд байна гэх зэрэг олон зүйлийг хүлээдэг.
-Гоцлох уран бүтээлчдийн хувьд?
-Энэ удаагийн Онегины дүрд үнэхээр Гавьяат жүжигчин Э.Амартүвшин анх удаа дуулна. Түүний дурлалт бүсгүйд Ө.Уянга анх удаа дуулна. Мөн Гремин гээд нэлээд хүчирхэг гол дүрд О.Хүрэлбаатар бас анх удаа тоглож байгаа. Тэр ч утгаараа нээлтийн тоглолт бүр анхных мэт шинэхэн байдаг. Хэдийгээр нэг дуурь, балетыг тоглож байгаа боловч тоглолт бүрт өөр сэтгэл зүйн бэлтгэл, өөр ур чадвартай хүмүүс тоглодгоороо тайзны, хөгжмийн урлаг дандаа шинэ байдаг.
-50 дахь улирлын нээлтэд гадны уран бүтээлчид зочдоор уригдсан гэж дуулсан?
-Манай театрын тайзнаа ирэх долоо хоногт тоглох гадны зочид маань ирсэн байгаа. Энэ жил бид Герман, Англи, Америк, Орос, Хятад, Италийн уран бүтээлчидтэй хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Үзэгчид маань санаж байгаа байх. ХБНГУ-ын Дортмундын А.Моцартын нэрэмжит камерын оркестрын ерөнхий удирдаач, үндэслэн байгуулагч гурван хөгжимчний хамт ирсэн байгаа. Тэдний хамт “Моцарт Германы хөгжмийн зохиолчидтой уулзсан нь” гэдэг сонирхолтой нэртэй тоглолтыг ирэх долоо хоногт тайзнаа тавина. Бид өмнө нь эдгээр уран бүтээлчидтэй голцуу А.Моцартын уран бүтээлийг тоглодог байсан бол энэ удаад Германы Вагнер, Бах, Штраус гээд монголчуудад хэдийнэ танил болсон тийм сонирхолтой, чадварлаг, сонгодог урлагийн суут бүтээлүүдээс хамтарсан тоглолт хийхээр бэлтгэж байна.