Сонгуулийн асуудлаар олон улсын семинар болно

Хуучирсан мэдээ: 2012.10.06-нд нийтлэгдсэн

Сонгуулийн асуудлаар олон улсын семинар болно

Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (АОХН)-ийн дарга орны хувьд  “Шинэ тулгар ардчилсан орнууд дахь сонгуулийн сорилтууд: Ази, Арабын орнуудын туршлагаас хуваалцах нь” сэдэвт олон улсын семинарыг аравдугаар сарын 8-11-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын Хүрээлэн (АСТОУХ)- тэй  хамтран зохиож буй уг семинар нь Ази, Арабын шилжилтийн үеийн орнуудын сонгуулийн үйл явцыг төлөвшүүлэхэд дэмжлэг болгох үүднээс Монгол болон ардчилсан шилжилтийн үедээ яваа Азийн орнуудын туршлагаас хуваалцах зорилготой.

Семинар нь сонгуулийн менежментийн бие даасан байдлыг  хангах, төлөөллийн засаглалыг бий болгох, сонгуулийн тогтолцоо болон улс төрийн намуудын зохицуулалт, улс төрийн санхүүгийн зохицуулалт, хүн бүрийг сонгуулийн үйл явцад оролцуулах, түүнд иргэний нийгмийн гүйцэтгэх үүрэг, сонгуулийн холбогдолтой эмх замбараагүй байдлаас зайлсхийх, холбогдох бодлого, практик алхмууд  гэсэн таван үндсэн сэдвийн хүрээнд өрнөх аж. Семинарт Балба, Бутан, Египет, Индонези, Йордан, Киргиз, Ливи, Монгол, Морокко, Малайз, Мьянмар, Филиппин, Өмнөд Солонгос, Тайланд,  Тимор Леште, Тунис, Энэтхэг зэрэг улсын 40 орчим төлөөлөгч, АСТОУХ-ийн мэргэжилтнүүд оролцох юм.

Семинар ирэх даваа гаригт 09.30 цагт Гадаад харилцааны яаманд эхлэх юм байна.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж