Алтны хэрэглээ ирэх онд гурван хувиар өснө

Хуучирсан мэдээ: 2012.10.06-нд нийтлэгдсэн

Алтны хэрэглээ ирэх онд гурван хувиар өснө

Нэг унц алтны үнэ энэ оны эхэнд 1692 ам.доллар байсан ч түүнээс хойш буурч есдүгээр сарын 1-ний байдлаар 1626 ам.долларт хүрээд байгаа билээ. Учир нь Евро бүсийн хямрал гүнзгийрч буйгаас шалтгаалан хөрөнгө оруулагчид бага эрсдэлтэй үнэт цаас буюу АНУ-н Засгийн газрын бондод хөрөнгөө ихээр байршуулж байгаа нь ам.долларын ханш бусад голлох валютын эсрэг чангарах үндэс болж байгааг Монголбанкны эдийн засагчид онцоллоо. Ам.долларын ханш чангарснаар алтны үнэ өнгөрсөн долоо, наймдугаар саруудад буурсан хэдий ч түүний ирээдүй ойрын хугацаанд тун өөдрөг байгаа аж. Учир нь эдийн засгийн өсөлтөө дэмжих зорилгоор АНУ-ын Холбооны нөөцийн банк Хятад болон Европын холбооны нэгэн адил мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх тохиолдолд ам.долларын ханш суларч алтны үнэ өсөх боломжтой гэж үзсэн байна. Түүнчлэн энэ оны сүүлийн хагас жил, ирэх онд эдийн засгийн тодорхой бус байдал нэмэгдэж, хүүгийн түвшин доогуур байхаар байгаа нь бизнес эрхлэгчид хөрөнгөө алтанд ихээр байршуулж, алтны эрэлтийг нэмэгдүүлэхээр байгаа аж. Иймд энэ онд алтны нийт хэрэглээ 3.1 хувь, ирэх онд гурван хувиар тус тус өснө хэмээн EIU-н судлаачид үзэж байна. Өнгөрсөн онд олборлолттой холбоотой асуудлуудын улмаас алтны нийлүүлэлт буурч байсан бол энэ онд нийлүүлэлт сэргэж гурван хувиар өссөн бөгөөд цаашид алтны олборлолт нэмэгдэх төлөвтэй аж.

Б.АЛТАЙ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж