АНУ-ын Элчинг хөнөөсөн сэжигтнүүдийг барьжээ

Хуучирсан мэдээ: 2012.10.06-нд нийтлэгдсэн

АНУ-ын Элчинг хөнөөсөн сэжигтнүүдийг барьжээ

Лалын шашинтнуудын эгдүүцэл, дургүйцлийг төрүүлээд буй “The Innocence of Muslims” киног эсэргүүцэгчид Ливийн Бенгази хот дахь АНУ-ын Элчин сайдын яам руу халдаж, Элчин сайд болон Америкийн гурван дипломат ажилтны амийг хөнөөсөн билээ. Мөн Элчин сайдын яамны байр бүхэлдээ шатсан. Түүнчлэн гэрчүүдийн мэдүүлгээр жагсагчид Элчин сайдын яам руу гранат харвагч зэргээр буудсан бөгөөд Элчингийн хамгаалалтад ажилладаг Ливийн ажилтнууд объектоо хаян зугтсан байна. Хэргийг АНУ-ын Холбооны мөрдөх товчоо шалгаж байгаа юм. Харин өчигдөр тэд энэ хэрэгтэй холбогдуулан Тунисийн хоёр иргэнийг Туркээс баривчилсан байна. Туркийн нутаг дэвсгэрээс баривчилсан тул сэжигтнийг мөрдөн байцаах ажлын бүрэлдэхүүнд АНУ болон Туркийн албаныхан багтжээ. Тэд сэжигтнүүдийг өнгөрч буй долоо хоногийн эхээр Турк руу зугтсан гэж таамаглаж байгаа юм. Мөн Туркийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сэжигтнүүдиг хуурамч бичиг баримт ашиглан, тус улсын хилээр нэвтэрсэн байж магадгүй гэжээ. Одоогоор тэдний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байгаа юм.

Америкийн албаны зарим эх сурвалжууд Ливи дэх Америкийн Элчин сайдын яам руу халдаж, Элчин сайд болон өөр гурван ажилтны амийг хөнөөсөн уг хэргийг зохион байгуулалттай байсан гэж үзэж байгаа талаар мэдээлжээ. Америкийн тагнуулын албанаас энэхүү халдлагыг террорист үйл ажиллагаа хэмээж,  аль-Кайда бүлэглэлтэй холбоотой байж болзошгүй тухай ч мэдэгдээд байгаа юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж