Музейн асуудлыг цэгцэлье

Хуучирсан мэдээ: 2012.10.06-нд нийтлэгдсэн

Музейн асуудлыг цэгцэлье

МАН-ын өмчлөлд байдаг гэх В.И.Лениний музейг “MGL” хэмээх компани түрээслэн, цаашид өөр зориулалтаар үйл ажиллагаа явуулах гэж буй тухай мэдээлэл өнгөрч буй долоо хоногийн онцлох сэдвүүдийн нэг байлаа. Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд М.Түмэнжаргал өнгөрөгч лхагва гаригт дээрх мэдээллийн дагуу музейн байдалтай очиж, танилцсан. Гэтэл музей хариуцсан албаны хүн болоод барилгын талаар мэдээлэл өгөх хүнгүй, музейн барилгын хоёрдугаар давхарт засварын ажил явуулж байсан юм. Цаашид үйлчилгээ эрхлэх зорилготой гэнэ. Гэхдээ музейн сан хөмрөгт багтах олдвор, ховор бүтээлүүдийг хаана, хэн хадгалж буй нь тодорхой бус байсан юм. Нэгэнт байдал ийм байгаа тул салбар хариуцсан дэд сайд В.И.Лениний музейн захиргаанд албан тоот илгээж, эзэн холбогдогчийг олж тогтоон энэ асуудлыг яаралтай шийдвэрлэхийг даалгаад буцсан.

Нэг хэсэг төрийн эзэмшилд байсан уг музейн барилга одоо МАН-ын өмчлөлд /МАН-ын нэгэн гишүүнийх гэх яриа ч байв/ байдаг бололтой. Тодруулбал, 1997 онд Төрийн өмчийн хороо  байгуулагдаж, улсын өмчийг тоолоход 60 орчим барилгад өмчийн маргаан үүсч байсны нэг нь Лениний музей  байсан аж. Учир нь уг газрыг  төрийн өмч гэж үзээд тоолох гэтэл  МАН-аас /хуучнаар МАХН/ "Манай намын өмч" гэсэн хариулт өгснөөр  маргаан үүсч байжээ. Ингээд 1996 онд "МАН-ын өмч мөн" гэсэн шүүхийн шийдвэр гарсан цагаас хойш одоог хүртэл МАН-ын өмч гэдгээр бүртгэлтэй байдаг аж. Харин өдгөө “MGL” хэмээх компани түрээсэлж буй гэнэ.

Дашрамд дуулгахад, Монголын түүхийн болоод байгалийн хосгүй үнэт олдворыг хадгалж, таниулах учиртай Байгалийн түүхий музей хэзээ мөдгүй нурах шахсан учраас яаралтай нүүлгэх шаардлага үүсээд байгаа. Байгалийн түүхийн музейг музейн зориулалттай ганц барилга гэдэг утгаар нь В.И.Лениний музей рүү шилжүүлэх тухай яригдаж байсан ч музейн барилга байшингийн асуудал ийнхүү маргаан дагуулж эхэллээ.

Түүнчлэн Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музей гээд хамгаалалтынх нь бүсэд халдаж газар олгогдсон асуудал нэг бус бий.

Энэ мэт асуудлаас үүдэн Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас аравдугаар сарын 8-нд буюу ирэх даваа гаригт 10.00 цагт Үндэсний музейд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон билээ. Хэлэлцүүлгээр хөндөх гол сэдэв нь музейн хамгаалалтын бүсэд халдан газар олголт хийсэн, алдсан газраа буцаан авах тухай байх юм. Энэ үеэр Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музейн хамгаалалтын бүсэд халдаж, газар олголт хийгдсэн асуудлыг мөн сөхнө. Хэлэлцүүлэгт МХЕГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёл, хяналтын хэлтсийн дарга Ч.Даариймаа, Нийслэлийн газрын албаны захиргаа удирдлагын газрын дарга Б.Амаржаргал, Богд хааны ордон музейн захирал О.Мэндсайхан, Чойжин ламын сүм музейн захирлын түр орлон гүйцэтгэгч Б.Ангирмаа, ССАЖЯ-ны Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Соёлын өвийн хэлтэс, Төрийн захиргаа удирдлагын газрын  Хуулийн хэлтэс,  Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Н.Туяа, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Д.Цэвэлмаа нарын албаны хүмүүс оролцох ажээ. Хэлэлцүүлгийн дараа В.И.Лениний музейн асуудлыг тусгайлан авч хэлэлцэх бөгөөд музейн эзэн, эзэмшигчийг тогтоох, музейн барилгыг зориулалтаар нь ашиглах талаар хэлэлцэх юм байна.

Улсын өмчид хамаарах барилга байшин нь хүртэл хэний мэдэлд байгаа нь ойлгогдохоо больж, эмх замбараагаа алдсан үл хөдлөх хөрөнгийн маргаанд холбогдох байгууллагууд яаралтай анхаарлаа хандуулах цаг хэдийнэ болжээ.

А.ЗУЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж