Таамаг, төсөөлөл, бодит байдал

Хуучирсан мэдээ: 2012.10.06-нд нийтлэгдсэн

Таамаг, төсөөлөл, бодит байдал

Монгол улсын эдийн засгийн төрх байдал дэлхийн эдийн засгийн нэгэн эд эс, түүний нэгээхэн хувь хэлтэрхий нь билээ. 2011 оны сүүлч, 2012 оны эхнээс хөгжингүй орнуудын эдийн засгийн өсөлт саарснаас өнгөрсөн 2008-2009 оны хямралын үед тогтвортой байсан Хятадын эдийн засгийн өсөлт буурч эхлээд байна. Хөгжингүй орнуудын санхүүгийн хямрал гүнзгийрч, түүхий эдийн томоохон хэрэглэгч Хятадын өсөлт саарч байгаа нь манай улсын экспортын гол түүхий эдийн үнэд сөргөөр нөлөөлж, цаашлаад экспортын орлогыг бууруулах эрсдэлтэй болов. Түүнчлэн дэлхийн санхүүгийн хямрал гүнзгийрвэл гадаадын хөрөнгө оруулалт буурч, эрчимтэй хөгжиж буй орнуудын бодит сектор, үйлдвэрлэлийг бууруулах эрсдэлтэй аж. АНУ, Евро бүс 2013 онд эдийн засгийн хүндрэлээ давж чадах эсэх, Хятад улс гадаад эдийн засгийн сөрөг шокын хариуд оновчтой арга хэмжээ авч түүхий эдийн эрэлтийг сэргээх эсэхээс манай эдийн засгийн ойрын ирээдүйн төлөв байдал, төсөв мөнгөний бодлого шууд хамаарах юм.

 Америкийн эдийн засаг 2.2 хувиар өснө

Хувийн хэрэглээ ба үйлдвэрлэлийн салбарын өсөлтөөр тэтгэгдэж энэ оны эхний улиралд АНУ-ын ДНБ хоёр хувь өссөн байна. Өнгөрөгч оны сүүлийн улиралд эдийн засгийн өсөлт харьцангуй өндөр байсан нь хувийн хэрэглээг 2.7 хувь нэмэгдэхэд голлон нөлөөлсөн бол цаг агаарын тааламжтай байдал нь улирлын чанартай эдийн засгийн салбаруудын үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлжээ. Гэсэн хэдий ч энэ оны хоёрдугаар улиралд хувийн хэрэглээ, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн өсөлт буурсан нь ДНБ-ий өсөлтийг бууруулж 1.7 хувьд хүргэсэн байна. Тодруулбал, орлогын түвшин хангалттай өсөөгүй, ажилгүйдлийн түвшин өндөр (8.3 хувь), хэрэглэгчдийн баялаг болох үл хөдлөх хөрөнгийн үнэ 2006 оны оргил үеийнхээс 30 хувь доогуур байгаа зэрэг нь хувийн хэрэглээ, жижиглэнгийн худалдаанд сөргөөр нөлөөлсөөр байна. Инфляцийн түвшин 1.4 хувьд хүрч буусан боловч нэрлэсэн цалин долдугаар сарын байдлаар дөнгөж 1.3 хувиар нэмэгдсэнээр бодит цалин буурчээ. Түүнчлэн ажилгүйдлийн түвшинг цаашид нэмэгдүүлэхгүйн тулд хамгийн багадаа сар тутам 250 мянган шинэ ажлын байр бий болгох шаардлагатай байгаа хэдий ч сүүлийн дөрвөн сард дунджаар 87 мянган ажлын байр бий болгосон нь шинээр хөдөлмөрийн захад орж байгаа ажиллагсдыг ч ажлын байраар хангахад хүрэлцэхгүй тоо юм.

Бизнес эрхлэгчид хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэн үйлдвэрлэлээ өргөжүүлэх сонирхолгүй байгаа нь Евро бүсийн хямрал, 2012 оны сүүлээр “Бушийн татварын хөнгөлөлт” хөтөлбөр дуусгавар болж, төсвийн зардал хоёр их наяд ам.доллараар автоматаар буурах тул нийт зардал ДНБ-ий дөрвөн хувьтай тэнцэхүйц хэмжээгээр буурснаар гадаад болон дотоод эрэлт буурна гэсэн хүлээлттэй холбоотой аж. Энэ оны арваннэгдүгээр сард ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаа нь конгресс төсвийн зардлын бууралтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авч чадахгүй хэмээн ажиглагчид үзэж байгаа юм.

Гадаад эрэлт буурч эхэлсэн нь АНУ-ын аж үйлдвэрийн экспортын захиалга буурч наймдугаар сард экспортын индекс 4713, нийт үйлдвэрлэлийн индекс 49.6 болж буурснаас харагдаж байна. Ийнхүү дэлхийн эдийн засгийн төлөв сул, дотоод эдийн засгийн өсөлт энэ оны сүүлээр илүү буурах төлөвтэй байгаа тул хэрэглэгчид хувийн хэрэглээгээ нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчид үйлдвэрлэлээ өргөжүүлэх сонирхолгүй байгаа юм. Холбооны нөөцийн банкнаас эдийн засгийн өсөлтийг цааш сааруулахгүйн тулд шаардлагатай үед мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээ мэдэгдээд байгаа боловч Грек улс Европын холбооноос гарч, Евро бүсийн хямрал гүнзгийрэх тохиолдолд энэ арга нь үр дүнтэй байх эсэхэд ажиглагчид эргэлзэж байна. Тиймээс энэ онд АНУ-н эдийн засаг 2.2 хувь өсч, хоёр хувийн инфляцитай байх төлөвтэй гарчээ.

Евро бүсийг ёроолгүй хямрал нүүрлэсэн үү

Евро бүсийн орнуудын өрийн хямрал, тэр дотроо Грек, Испани, Итали, Португаль зэрэг улсуудын санхүүгийн хямрал нь тус бүсийн эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж өнгөрсөн онд 1.5 хувийн өсөлттэй байсан эдийн засаг энэ оны эхний улиралд огт өсөөгүй бөгөөд хоёрдугаар улиралд 0.4 хувиар буурсан байна. Одоогоор Грекийн засгийн газрын нийт өрийн харьцаа хамгийн өндөр буюу ДНБ-ний 132 хувьтай тэнцэхээр байна. Грек улс бондын өрийг тэглэж Евро бүсээс гарсан тохиолдолд тус улсын бондыг эзэмшигч банкууд их хэмжээний алдагдал хүлээж, хөрөнгийн урсгал Грекээс гадна өрийн хямралтай байгаа Итали, Испани зэрэг улсуудыг хамарч, тэдгээрийн бонд үнэгүйдэх, Евро бүсийн банкууд мөнгөн хөрөнгийн дутагдалд орж улмаар хямрал банк санхүү, бодит секторт дамжин халдварлах эрсдэлтэй байгаа юм. Иймд Европын Холбооны Комисс, Европын Төв банк болон ОУВС Грекийг Евро бүсээс гаргахгүй байх, өрийн хямралыг давах, банкуудыг мөнгөн хөрөнгийн дутагдалд оруулахгүй байх, зээлийн тасалдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэд хэдэн арга хэмжээг аваад байна. Тухайлбал, өнгөрөгч оны арванхоёрдугаар сараас эхлэн хоёр удаа Евро бүсийн 800 орчим банкуудад нийт 1018.5 тэрбум еврогийн урт хугацаатай бага хүүтэй зээлийг Европын Төв банкнаас олгосон нь Италийн өрийн дарамтыг бууруулж бондын хүүг 5.19 хувьд хүргэх ач холбогдолтой юм байна.

Түүнчлэн Засгийн газрын хугацаа нь тулсан өрийг барагдуулах, банкны салбарыг мөнгөн хөрөнгөөр хангах зорилгоор 130 тэрбум еврогийн туслалцаа үзүүлж, үүний хариуд тэтгэвэр тэтгэмж, цалингийн зардлыг бууруулах, төрийн албан хаагчдын тоог цөөрүүлэх зэргээр төсвийн зардлыг танах нөхцлийг тавьсан. Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар Грекийн хөрөнгө оруулалт жилийн 21.3 хувь, хувийн хэрэглээ 7.5 хувь тус тус буураад байгаа ба цаашид хэрэгжүүлэх төсвийн хатуу бодлого нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөхөөр байна. Иймд Грек цаашид энэ байдлаар удаан тэсвэрлэхгүй, хамгийн эртдээ ирэх оны эхэнд засгийн газрын өрийг тэглэж, Евро бүсээс гарснаар эдийн засаг нь 8.4 хувиар буурна хэмээн Roubini Global Economics-ийн эдийн засагчид тэмдэглэжээ.

Грекээс гадна Испани, Италийн засгийн газрын өр сүүлийн саруудад ДНБ-ний 120 хувийг давж, бондын хүү тогтмол долоон хувиас дээгүүр байгаа нь Евро бүсэд бас нэгэн эрсдлийг бий болгоод байна. Испанийн банкуудыг хөрөнгийн дутагдлаас гаргах зорилгоор энэ оны тавдугаар сард 100 тэрбум еврогийн тусламж олгохоор болсон юм. Хэдий ОУВС 100 тэрбум евро хангалттай гэж тооцсон хэдий ч иргэд, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчид хангалтгүй, хямрал гарцаагүй болно гэсэн хүлээлттэй байгаа тул Испани хямралд өртөж, энэ онд эдийн засаг 2.1 хувиар буурна хэмээн Roubini Global Economics таамаглаж байна.

Евро бүсийн бусад орнуудын эдийн засгийн өсөлт хоёрдугаар улиралд мөн саарч, цаашид буурах төлөвтэй байгаа тул Европын Төв банкнаас мөнгөний төлөвийг сулруулах бодлого хэрэгжүүлж байгаа боловч төсвийн хатуу бодлогын эсрэг хангалттай сул байж чадахгүй байгаа юм. Одоогоор Европын Төв банкнаас хямралыг давахын тулд евро-бонд гаргах, өрийн хямралтай орнуудын Засгийн газруудын өрийг хамтран төлөх санал гаргаад байгаа боловч энэ саналыг Герман улс хатуу эсэргүүцэж байгаа аж. Цаашид бодлогын ямар арга хэмжээ авах, хэрхэх тухай тодорхой шийдэлд хүрч чадаагүй байна. Иймд Грек болон Испанийн байдал илүү хүндрээгүй тохиолдолд хамгийн сайндаа Евро бүсийн эдийн засаг 2012 онд-0.35 хувь, 2013 онд нэг хувь өснө хэмээн Блүүмберг таамаглаж байгаа бол дээрх хоёр улс Евро бүсийг орхивол энэ онд 0.5 хувь, ирэх онд 0.4 хувиар тус тус унах тооцооллыг зарим судалгааны байгууллагаас хийжээ.

Эрчимтэй хөгжиж буй Ази

Барууны эдийн засаг хямарч, гадаад эрэлт буурах нь экспортоос ихээхэн хамааралтай хөгжиж буй Азийн орнуудад худалдааны сувгаар дамжин богино хугацаанд сөргөөр нөлөөлөх боловч эдгээр улсын эдийн засгийн суурь үндэс нь бат бөх, макро эдийн засгийн бодлого нь зохистой явж буй тул урт хугацаанд тогтвортой өсөхөөр байна. Тухайлбал, улсын нийт өр (засгийн газрын болон хувийн секторын өр)-ийн хэмжээ бага, инфляцийн түвшин доогуур байгаа тул богино хугацааны сөрөг шокын хариуд мөнгө, сангийн тэлэх бодлого хэрэгжүүлэх боломжтой юм. Түүнчлэн Хятадын хөдөлмөрийн хөлс нэмэгдэж байгаагаас цаашид хөдөлмөрийн хөлс доогуур Вьетнам, Камбож зэрэг орнууд руу үйлдвэрлэлээ шилжүүлж магадгүй тул эдгээр улсуудад гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэнэ хэмээн ажиглагчид үзэж байна.

Өнгөрсөн онд 4.5 хувийн өсөлттэй байсан ASEAN-ны орнуудын эдийн засаг дотоод эрэлтээр тэжээгдэн энэ онд 5.2 хувь, ирэх онд 5.6 хувиар тус тус өсөхөөр байна. Энэ нь уг бүсийг энэ онд өсөлт нь сааралгүй нэмэгдэх цорын ганц бүс болгож байгаа тул гадны хөрөнгө оруулагчид ASEAN-ны бүсэд анхаарлаа хандуулснаар хөрөнгийн урсгал уг бүсийг чиглэнэ хэмээн судлаачид үзэж байна.

Латин Америкийн өсөлт саарч байна

Евро бүсийн үргэлжилсэн хямрал, АНУ-ын эдийн засгийн сул өсөлт нь Латин Америкын орнуудын экспортын эрэлтийг бууруулж байгаа нь эдийн засгийн өсөлт нь саарч энэ онд 3.1 хувьд хүрэхээр байгаа аж. Латин Америкын эдийн засаг Хятад уруу хийдэг түүхий эдийн экспорт, гадны хөрөнгө оруулалтаас их хамаардаг тул түүхий эдийн үнэ унах, хөрөнгө оруулалтын орчин муудах зэргээс өсөлт нь саарах эрсдэл байгаа гэнэ. Гэсэн хэдий ч эдийн засгийн суурь сайтай тул ирэх оноос дотоод эрэлт, Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагаатай орнууд (OECD)-ын эрэлт сэргэснээр уг бүсийн өсөлт сэргэж 2013-2016 онд дунджаар 4.1 хувь байхаар байна. Тодруулбал, OECD-н орнуудын хүү түүхэндээ хамгийн доод түвшинд хүрээд байгаа нь хөрөнгө оруулагчдыг Латин Америкыг чиглэхэд түлхэц болж байна. Үүний зэрэгцээ ДНБ-нд эзлэх гадаад өрийн хэмжээ бага, гадаад албан нөөцийн хэмжээ сүүлийн жилүүдэд өндөр өсч байгаа нь хөрөнгийн огцом гадагшлах урсгалын үед эдийн засагт богино хугацааны валютын хямрал үүсэх эрсдлийг бууруулж байгаа юм.

Харин бүс дотроо хамгийн томд тооцогддог Бразилийн эдийн засаг мөчлөгийн уналтад орж хоёр хувийн өсөлттэй байх тул уг бүсийн өсөлтийг доош нь татахаар байна. Эдийн засгийн өсөлтөө дэмжихээр Бразилийн Засгийн газар энэ онд мөнгөний төлөвийг сулруулна хэмээн ажиглагчид таамаглаж байгаа бөгөөд энэ нь үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг сулруулж экспортыг дэмжих ач холбогдолтой байх юм. Дэлхийн зах дээрх түүхий эдийн үнэ буурч байгаа тул мөнгөний бодлогыг сулруулахад инфляцийн дарамтыг нэмэгдүүлэхгүй хэмээн таамаглаж буй аж.

 Бүс нутгийн эдийн засгийг дэмжинэ

Евро бүсийн өрийн хямралаас гадна дотоод хүчин зүйлийн нөлөөгөөр АНУ болон Хятад улсын эдийн засгийн өсөлт саарч эхлээд байна. АНУ, Хятадын Засгийн газраас богино хугацаанд өсөлтийг дэмжих оновчтой арга замыг олж чадахгүй байгаа нь дэлхийн эдийн засгийн ойрын ирээдүйн төлөвийг сулруулах эрсдэлийг нэмэгдүүлэх аж. Хөгжингүй орнуудын өсөлт саарч байгаа нь дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийг унагаж, экспортлогч орнуудын гадаад худалдааны орлогыг бууруулах боловч Азийн эрчимтэй хөгжиж буй улсууд болон Латин Америкийн улсуудын (Бразилаас бусад) гадаад ба дотоод өрийн хэмжээ бага, эдийн засгийн үндэс суурь нь сайн байгаа тул ойрын ирээдүйд өсөлт нь саарахааргүй ажээ. Нөгөө талаас хөгжингүй болон хөгжиж буй орнуудын хүүгийн зөрүү, хөдөлмөрийн хөлсний ялгаа зэрэг нь гадны хөрөнгө оруулагчдыг ихээр татаж, тус бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих төлөвтэй хэмээн үзжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж