Хуучирсан мэдээ: 2012.10.06-нд нийтлэгдсэн

Хэмжээ. Ертөнцийн найм дахь гайхамшиг гэмээр энэ төсөлд нийт 10 000 ажилчин, 4 500 техник оролцож; өдөрт 2 500 тн цементийг 127 машинаар тээвэрлэн Брэга, Сарир хотуудын бетон хоолойн үйлдвэрт хүргэдэг байжээ. Дөрвөн метрийн голчтой, 7.5 м урт, 80 тн жинтэй төмөр бетон хоолойг долоон метрийн гүнд булахад өдөртөө 100 000 шоо м газар шорооны ажил хийгджээ.

Арабын хаврын гал газар авсан наймдугаар сарын бүгчим өдөр иран залуус Тегераны төв талбайд усан буугаар шүршилцээд лалын ёсонд харш хэрэг үйлдсэн үндэслэлээр цагдаад баривчлагдав. Удахгүй манай УИХ усан буу улсын хилээр нэвтрүүлэхэд хориг тавих хууль баталж мэднэ.

 Хурандаад хэн ч баярлаагүй

Сар гаруйн дараа аймшигт ой тохионо. Жилийн өмнө Муаммар Каддаафиг Ливийн Үндэсний шилжилтийн зөвлөлийн цэргүүд төрсөн хотынх нь ойролцоо золбин нохой мэт хороосон өдөр. Хэмжээгүй эрхт хаант засгийг зэвсгийн хүчээр булааж авсан бедуин эр уул нь нефтийнхээ орлогоор эх орноо улс шиг улс болгосон. 1979 онд бүх эрх мэдлээсээ татгалзаж, хурандаагаараа хоцорсон Муаммар бэн Мухаммад Абу Мэньяар Абдээл Саляам бэн Хамийд ал-Каддаафи хэмээх ер бусын урт нэртэй хүнд алуулах шалтгаан байсан шигээ мөнхрөх гавьяа бас бий. The New York Times-ын 1997 оны арванхоёрдугаар сарын 02-ны дугаарт Рэймонд Боннэрийн бичсэн Ливийн уудам цөлд байгуулж буй дамжуулах хоолой цэргийн зориулалттай байж мэднэ нийтлэл хурандаагийн 1984 онд эхлүүлсэн 25 тэрбум ам.долларын төслийг хардсан өнгө аясаар дүүрчээ. Иргэд нь дэлхий дээр хамгийн их ус хэрэглэдэг АНУ Канадаас ус импортлох арга сүвэгчилж суусан жилүүдэд Муаммар Каддаафи жараад онд нефтийн хайгуулын үеэр илэрсэн цэвэр усны 35 000 шоо км нөөцтэй Куфра, Сирт, Морзук, Хамада дөрвөн ордоо түшиглэн элсэн цөлийг ногооруулах төсөл хэрэгжүүлж эхлээд, улмаар 1996 оны зун Триполийг байнгын усан хангамжид холбочихоод байлаа. 2008 онд Гиннесийн ном-д “Хүний гараар бүтсэн их мөрөн” гэж бүртгэгдсэн, ангамал цөл дундуур дөрвөн мянган км зам туулдаг, тагнай ташим цэвэр усны өртөг шоо метр нь 35 цент. Харин Дэлхийн банк Саудын Арабт далайн усны шоо метр тутмыг нь дөрвөн ам.доллароор давсгүйжүүлэх төсөл хэрэгжүүлдэг. Их бүтээн байгуулалтын ойн дээр хурандаа “Ливийн ард түмний хийж бүтээсэн нь хэний ч нүдэнд ил болоод ирэхээр манай оронд үзүүлэх АНУ-ын аюул хоёр дахин нэмэгдэнэ” гэж хэлсэн гэнэ. Зургаан сая хүн амтай Ливийн цэвэр усны нөөцөөр 100 м гүнтэй сан байгуулбал Германы нутаг дэвсгэрийн хэмжээтэй дүйх юм.

…2011 оны хоёрдугаар сарын 17-нд Ливийн Бэнгази хотод ус бус ардчилал нэхсэн хүмүүс үймээн дэгдээснээр иргэний дайны гал ассан билээ.

 Алтан аяга байвч ус алга

Азийн ардчиллын үлгэр дууриал Монгол аль 1971-1975 онуудад Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн тогтоосноор 608.29 шоо км усны нөөцтэй. Үүний 15.75 шоо км-ийг ашиглах боломж бий, харин усны бүх нөөцийн 1.96 хувь нь л хур тунадас, ган гачгаас үл шалтгаалах газрын гүний сан. Гэвч тэр өчүүхэн хэсгийн нэлээд нь цэнгэг ус биш.

Ногдол. Хөдөөгийн хүн ам, мал аж ахуйг усаар хангах зориулалттай худаг 2011 оны байдлаар 36 мянга гаруй байгаагийн 25 мянга орчим буюу 68 хувь нь гар худаг, 12 мянга орчим нь инженерийн хийцтэй худаг аж. Нийт малчин өрхийн ус хэрэглээ 2.5 сая шоо м орчим бөгөөд хөдөөгийн зарим малчин өрх өдөрт 8 литр хүрэхгүй ус хэрэглэж байна.

Өнгөрсөн оныг “Усны жил”-ээр зарласан Байгаль орчин, аялал жуулчлалын яам есөн зорилт тавиад 37 арга хэмжээ зохион байгуулахдаа хувь, хувьсгалын 140 тэрбум төгрөг зарцуулсан байна. Мөнгөний 293 саяар нь дөрвөн жил тутмын усны тооллогоо хийснээс гадна 172 сургалт, 128 семинар, 95 хэлэлцүүлэг зохиожээ. Усны тооллогын ажилд 1 586 хүн дайчлан хоёрын сарын дотор дүнгээ гаргасан бол жилийн 365 хоногийн хугацаанд зохиосон 395 сургалт, семинарын үр дүн яваандаа харагдана гэж найдах л үлдэж. Энэ зуур харин Говь-Алтай аймагт усны бохирдлоос үүдэлтэй шар өвчин гаарч, зарим сумдад нь хөл хорио тогтооход хүрсэн, харин нийслэлд гарсан халдварт өвчний 28.9 хувийг гэдэсний халдвар эзэлсэн дүн мэдээ хэвлэлээр гарч байлаа. Шалтгаан нь ус. Хэзээнээс амны ус муутай Дундговь, Говь-Алтай аймгийн талаар юм яриад ч яахав. Гэтэл Усны газар цэвэр усны 446 эх үүсвэрээс дээж авч шинжилгээ хийхэд 11 аймгийн 94 сумын ундны усны химийн үзүүлэлт хэвийн хэмжээнээс их, зургаан аймгийн 54 сумынх байх ёстойгоосоо бага гарчээ. Хөдөө орон нутагт савлагаатай цэвэр усны үйлдвэрүүд ар араасаа нээгдсээр байгаа нь цангаа тайлмаар мэдээ боловч хүчин чадал хийгээд хүн ардынх нь бэл бэлчин санаа зовооно.

Усны газар 2005-2011 онд 31 ордын газар доорх нөөцийг тогтоожээ. Гэсэн ч бүх аймаг сумдын нутаг дэвсгэрийг бүрэн хамруулж чадаагүй аж. Гол нь төсөв хүрээгүй байна. Харин намууд тэр хугацаанд “Хүүхэд бүхэнд сар бүр 3 000”, “Шинээр гэрлэсэн хосуудад нэг удаа 500 000” төгрөг олгохоор амалж хэлсэндээ хүрчээ. Дараагийн сонгуулиар амлалт замаа алдаж сар тутам иргэн бүртээ нэг сая, нэг сая таван зуун мянган төгрөг өгөхөөр болсон. Дэлхийн банкнаас 2009 онд гаргасан Монголын өмнөд бүсийн дэд бүтцийн стратегийн тайланд олон цэгт газрын гүний усны судалгаа, эрэл хайгуул хийх, хөрөнгө оруулалтын зардалд 260 сая ам.доллар хэрэгтэй гэжээ. Хорин сая орчим ямаа тутамд өгсөн таван мянган төгрөгөөр хүн уух усны нөөц хэдийг илрүүлэх байсныг бурхан л мэднэ. Монголын газар нутгийг сөөм ч үлдээхгүй хайгуулын тусгай зөвшөөрөл цацсан атлаа алд газар ухаад ус хайх ухаан сийлээгүй улстөрчид салаавч, шанаа хоёроороо уралдана.

Эдний дийлэнх нэрийг нь сонсоогүй, Египетийн парламентийн гишүүн байсан гэхээсээ илүү ухаантан хэмээн алдаршсан Исмаил Сэрагэльдин “XX зууны дайн тулаан нефтиэс үүдэлтэй байсан бол XXI зууны бид усаа зөв зарцуулахгүй бол түүний төлөө дайтна” гэсэн юм. 1979 онд анх Жон Уотэрбэри Нил мөрний хөндийн гидрополитик номын нэрдээ ашигласан “гидрополитик” гэдэг үг өнөө термин болж, улс гүрнүүдийн төрийн бодлогын салшгүй хэсэг болчихсон явна. Уул уурхайгаас өөр зүйл бодох завгүй явах хооронд, өнөөдөр 50 мянган шоо метр байгаа Монголын өмнөд бүсийн усны хэрэглээ хоёрхон сонгуулийн дараа 350 мянгад хүрэх гэнэ. Иргэн бүр нь үнэгүй хувьцаа эзэмших уурхайтай Монголын цэнгэг ус дэлхийн нөөцийн 0.000000044 хувьд л хүрдэг. Ноднин Үндэсний аудитийн газраас гаргасан Монгол орны усны нөөцийн хамгаалалт, ашиглалтын байдал тайлан хавтас дээрээ “Усны асуудал эрхэлсэн төрийн байгууллагуудын нэгдсэн бүтэц, удирдлага, зохион байгуулалт оновчгүй, ажлын уялдаа холбоо хангалтгүй байна” гэдэг сануулгатай. Айл бүр алтан аягатай боллоо ч ус л олдохгүй…

Хурандаа хэрэггүй ус чухал

Муаммар Каддаафид эхэндээ үнэхээр аз таарсан. Түүнд бас ухаан заяасан байж. Хурандаагийн гадаадаас сохор зоос авалгүй байгуулсан усан сан иргэний дайн дэгдэх хүртэл багцаагаар 160 мянган га талбайг усжуулж байлаа. Ард түмэндээ 5 000 жил уух ус бэлтгэж өгсөн талийгаачийг лалын суртахуунд цээртэйгээр хөнөөгөөд мусульманы ёсоор оршуулсан юм. Ливичүүдэд хурандаа хэрэггүй болжээ. Монголд бол хурандаа хэрэгтэй. Ус гаргаад ирвэл профессорт нь ч хамаагүй хурандаа цол шагнаад, ташаанд нь усан буу зүүгээд өгөх юмсан. Монголын газар шорооноос алт биш ус л олдчихоосой, эс тэгвээс мянган хурандаа байгаад маньтай хэн усаа хуваах юм бэ.

Зохиогчийн эрх:  ҮНДЭСТНИЙ ТОЙМ сэтгүүл
Д.БАТБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж