“Оюутолгой”-н ерөнхийлөгч мэдээлэл хийв

Хуучирсан мэдээ: 2012.10.05-нд нийтлэгдсэн

“Оюутолгой”-н ерөнхийлөгч мэдээлэл хийв

Сүүлийн үед шүүмжлэлд өртөөд буй “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээ батлагдаад гурван жил болж буй билээ. Үүнийг тааруулан “Оюутолгой” ХХК-ийн ерөнхийлөгч Камерон Макрей өнөөдөр өөрийн компанийн мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.

Хурлыг тэрбээр “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Монгол Улсад 6.2 тэрбум ам.долларыг татан төвлөрүүлсэн гэдгээр эхлэв. Ингэхдээ Оюутолгой төслийг хэрэгжүүлэхийн тулд бүх зардлыг “Рио Тинто” компаниас 100 хувь гаргаж, нийт хувьцааны 34 хувийг Монголын Засгийн газар, 66 хувийг “Рио Тинто” эзэмшиж буйг онцолсон юм. Үүнээс хүртэх ашгийн 71 хувийг Монголын Засгийн газар, 29 хувийг “Рио тинто” эзэмшинэ гээд тэрбээр Оюутолгойн бүтээн байгуулалтыг цаашид тогтвортой үргэлжлүүлэхийн тулд хоёр үндсэн чиглэлд анхаарал хандуулна гэдгээ онцлов.

Хэвлэлийн бага хурлын үеэр “Оюутолгой” ХХК-ийн ерөнхийлөгч Камерон Макрейгаас зарим зүйлийг тодрууллаа.

-Монголын Засгийн газар  71 хувийн ашиг хүртэнэ гэх ч энэ нь учир дутагдалтай гэж үзэх хүн олон бий. Энэ тал дээр танай зүгээс ямар байр суурьтай байна вэ?

-Үүн дээр нэг зүйлийг сайтар тодруулж хэлэх хэрэгтэй байна. Монголын Засгийн Газрын хүртэх 71 хувь гэдэгт ашигт малтмал ашигласны, нэмэгдсэн өртгийн албан татвар гээд татвар, ажилтнуудын цалин хөлсийг хасч, бодит ашгийг тооцно гэдгийг анхаарч үзэх ёстой байх.

-Хөрөнгө оруулалтын гэрээнд анх зааснаар хөрөнгө оруулалтын хэмжээг 2.4 тэрбум ам.доллар гэж байсан бол 6.2 тэрбум ам.доллар боллоо. Үүнээс шалтгаалж Монгол Улсын хувьцаа эзэмших хувь, ашиг өөрчлөгдөх үү? 

-Хувь хэмжээ өөрчлөгдөхгүй. Ер нь дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ унасан ч Монгол Улсын хүртэх ашиг өөрчлөгдөхгүй юм. Түүхий эдийн үнэ унахад,  хөрөнгө оруулагчдын ногдол ашиг буурсан ч компанийн хувьд Монгол Улсад төлөх татвар нь багасахгүй. 2010-2012 оны хугацаанд бид нийт 803 сая ам.долларын татварыг Монгол Улсын Засгийн газарт төлөөд байна. Түүнчлэн Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засагт 22 сая ам.долларын санхүүжилт оруулсан. Харин гадаадын хөрөнгө оруулагч нар ашгаа хүртэж эхлэх болоогүй байгаа шүү дээ.

-Гэрээнд зааснаар бол ажиллах хүчний 90 хувь нь монгол ажилтан байх ёстой. Энэ биелэгдэж байгаа юу?

-Гэрээний дагуу буюу 90 хувьд нь Монгол ажилчид ажиллаж байгаа. Манай компани хотын оффис, төслийн багийнхан, газар дээрх бүтээн байгуулалт буюу компанийн гээд нийт 12 мянган ажлын байр бий болгосон байна. Цаашдаа ажиллах хүчийг тасралтгүй чадавхижуулж, зөвхөн “Оюутолгой” төсөлд гэлтгүйгээр өөр салбарт ажиллах боловсон хүчнийг бэлтгэж, нийгмийн хариуцлагаа ухамсарлахыг хичээх болно.

-Гадаадын хөрөнгө оруулагчид хэзээнээс ашгаа хүртэж эхлэх вэ?

-Одоогоор бүтээгдэхүүн гаргаж ирээгүй болохоор хувьцаа эзэмшигчид  2020 оноос ашгаа хүртэж эхлэх байх гэсэн таамаглал бий. Гэхдээ тухайн жилийн алт, зэсийн ханшаас болж ашгаа хэзээ хүртэх вэ гэдэг хугацаа өөрчлөгдөх магадлалтай. 

-Дэлхийн банкнаас Байгаль, орчин нийгмийн хүрээллийнх нь хувьд Оюутолгойг нэлээд шүүмжилсэн. Энэ үнэлгээг хэр чанартай болсон гэж та үзэж байна вэ?

-Оюутолгойтой холбоотой байгаль орчны үнэлгээг Дэлхийн банкнаас гаргаагүй, нэрийг буруу ашигласан байсан. Байгаль орчин нийгмийн үнэлгээний стандарт 1700 хуудастай,  нөр их хөдөлмөр шингэсэн,  дэлгэрэнгүй тайлан болсон.

-УИХ-ын гишүүд Оюутолгойн гэрээг цуцлах тал дээр мэтгэлцэх гэж байна.  Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-“Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээ Монгол Улсын хувьд маш ашигтай гэдгийг би дахин хэлмээр байна. Бид дэлхийн томоохон бүтээн байгуулалт хийхэд 6.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлж чадсанаараа бусад оронтой эдийн засгийн хувьд өрсөлдөхүйц хэмжээнд байгаагаа баталсан. Үүнд итгэлтэй байна.
 

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж