![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/8/b18480f5abb32925/48ad953eb7928ce2big.jpg)
Гишүүн Б.Гарамгайбаатар “Чингис хааны нэрээр нэг тэрбум, таван зуун сая төгрөг амлуулсан. Гэтэл ирэх жилийн төсвийн төслөөс хайгаад олсонгүй. Чингисийн төрсөн нутаг Хэнтий аймагт энэ мөнгийг хуваарилж өгөөрэй” хэмээн захив. Ерөнхий сайдын хариулснаар Чингисийн нэг тэрбум, таван зуун сая төгрөгөөс Ц.Оюунгэрэл сайд хөшөөний төсөл гаргуулахаар нэг зуун мянган төгрөгийг эхний ээлжинд төсөвлүүлсэн гэдгийг хэллээ. Гишүүн А.Тлейхан Асгатын мөнгөний ордын ашиглалтыг сайжруулах санал тавилаа. Уул уурхайн сайд Д.Ганхуягийн хариулснаар Асгатын замыг цэргүүдийн хүчээр засч байгаа бөгөөд төлөвлөсөн ажлуудыг журмаар нь хийнэ гэж байлаа.
С.Ганбаатар гишүүн уламжлал ёсоороо босч зогсч байгаад асуулт тавьсан юм. Тэрбээр нийгмийн түншлэлийг Н.Алтанхуягийн Засгийн газрын үед ажил хэрэг болгох ёстойг шаардлаа. Төмөрлөгийн уурхай, төмөр зам, нүүрс угаах үйлдвэр бодитой болох эсэхийг тэрбээр сонирхож байв. Сайд Х.Баттулга эдгээр ажлын эхлэл бүгд тавигдаад байгааг хэллээ. Гишүүн О.Содбилэг наадмын дараа орсон ширүүн борооны уршгаар Орхон аймагт их хэмжээний хохирол учирсан. Хохирол барагдуулах хөрөнгө хэзээ газар дээрээ очихыг асуулаа. Мөн Эрдэнэтийн аж үйлдвэрийн паркийг хэзээ ашиглалтад оруулахыг сонирхсон юм.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Орхон аймгийн хохирлыг барагдуулахаар 300 гаруй сая төгрөг төсөвлөсөн. Бусад газрын хохирлыг ирэх жилийн төсөвт суулгана гэсэн хариулт өгөв. Эрдэнэтийн үйдвэрлэл-технологийн паркийн хувьд бичиг баримт гүйцэд бүрдээгүй. ТЭЗҮ, мастер төлөвлөгөөг бэлэн болгох шаардлагатай байгаа юм байна.
Үүгээр Ерөнхий сайдын асуулт хариулт дуусч чуулганы хуралдаан 18.10 цагт өндөрлөлөө. Хуралдааны төгсгөлд “Шударга ёс” эвслийн Ц.Оюунбаатар УИХ-ын гишүүний тангараг өргөнө гэсэн яриа гарч байсан ч энэ удаа уг асуудал хөндөгдсөнгүй.