![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/8/3e69dab6e75bf233/2dcc8fca8a3521b8big.jpg)
УИХ-ын гишүүн С.Бямбацогт баруун аймгуудад үнэ ханш өндөр байгаа талаар асуудал сөхлөө. Мөн цементийн үйлдвэр аймгуудад хэрэгтэй байна гэсэн юм. Улаанбаатарт нэг тонн цемент 100 мянган төгрөг. Гэтэл Ховдод ачиж аваачихад тонн бүр дээр 300 мянган төгрөг нэмэгдэж, 400 мянган төгрөг болдог гэж байлаа.
Сайд Х.Баттулгын хэлснээр аймаг болгонд цементийн үйлдвэр барих нь бас учир дутагдалтай. Түүхий эдийг нь аймгуудад нийлүүлээд цемент үйлдвэрлэж болно гэж байв. Гишүүн Б.Бат-Эрдэнэ аймгийн төвүүдийг хот болгох тухай Засгийн газрын хөтөлбөрт тусгасан талаар асуудал хөндлөө. Ирэх 2013-2014 онд энэ чиглэлээр юу хийх, сумдыг хэрхэн хөгжүүлэх вэ, хөрөнгө мөнгө хүрэх үү гэсэн асуултыг тавилаа. Мөн Оюутолгой, Тавантолгойг хэрхэн ашиглах талаар ч хугацаатай асуулт тавьсныхаа хариуг нэхсэн юм .
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Мөнгө гэхээсээ илүү ажлаа чанартай хийж сурах хэрэгтэй. Сум, аймаг, дүүрэг, хот төлөвлөгөөгөө гаргаж, тэр нь сайн байвал мөнгө төсөвлөж ажил хэрэг болгоно” гэж байв. Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Засгийн газар байгуулагдаад 45 хонож байна. Ажил дөнгөж эхэлж байхад гишүүд ажил яаж хийв гээд нэхээд байгаа нь арай яаруу байна. Надад Оюутолгойтой холбоотой ашиг сонирхлын зөрчил байхгүй. Монголд хууль байдаг бол хэрэгжих ёстой. Улстөрчдийн нэг хэсэг нь эх оронч байдал гаргаж, нөгөө хэсэг нь уул уурхайгаа зарах гээд байгаа юм шиг байж таарахгүй. Монгол Улсын нэгдмэл бодлого байх ёстой” гэлээ.
Ерөнхий сайд сар бүрийн нэг, гурав дахь долоо хоногийн лхагва гаригт гишүүдийн асуусан асуулт бүрт хариулна гэдгээ амлалаа. Мөн гудамжинд өлгөсөн Оюутолгойн сурталчилгааны самбар Ерөнхий сайдад ямар ч хамаагүй гэсэн юм.