Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээний талаар иргэдэд лавлагаа, мэдээлэл өгөх, санал асуулга, судалгаа явуулах, иргэдийн эрэлт хүсэлтийг хүлээн авах, нийслэлийг хөгжүүлэх талаар гарч байгаа шийдвэрт олон нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор “Улаанбаатар сонсож байна” лавлагаа мэдээллийн төв байгуулах саналыг Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун өнгөрсөн пүрэв гаригт болсон Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанд танилцууллаа. Энэхүү төв Мобиком групптэй хамтран ажиллах бөгөөд 10 дугаар сарын 1-нээс гурван сарын хугацаанд туршилтын журмаар ажиллуулахаар санал боловсруулжээ.
Нийслэлийн иргэдээс 1200, 1234 тоот тусгай дугаарын утсуудаар дуудлага хүлээн авч үйлчлэх бөгөөд эрэлт, хүсэлт, санал, мэдэгдэл, өргөдөл хүсэлт гэх зэрэг найман төрлийн үйлчилгээ үзүүлэх юм. 1200 тусгай дугаар бүхий утсанд холбогдсоноор нийслэлээс үзүүлж байгаа төрийн үйлчилгээний лавлагаа, мэдээлэл авахыг хүссэн иргэдэд оператор урьдчилсан бэлтгэсэн мэдээллийн баазаас СТI программ ашиглан мэдээлэл өгнө. Энэхүү үйлчилгээний төлбөр нь энгийн тарифаар тооцогдох бөгөөд минут нь 50-80 төгрөг байна. Лавлагаа, мэдээллийн үйлчилгээ үзүүлдэг тусгай дугаарын утаснуудын нэг минутын тариф 350-450 төгрөг байгааг мэргэжилтнүүд судалгаагаар гаргажээ. 1234 тоот тусгай дугаараар иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах бөгөөд иргэнтэй холбогдсон оператор мэдээллээ координатор руу илгээнэ. Координатор тухайн иргэний санал, хүсэлтийг холбогдох нэгж, албан тушаалтанд шилжүүлнэ. Иргэд регистрийн дугаар болон өөрийн сонгосон дөрвөн оронтой нууц дугаараа ашиглан www.ub1234.mn цахим хаягаар дамжуулан интернэтээр харах, ямар албан тушаалтан дээр өргөдөл нь байгааг хянах боломжтой болох юм. Энэ Төвийг ажиллуулснаар нийслэлийн төр захиргааны байгууллагууд үйлчилгээнийхээ талаар иргэдэд бүрэн дүүрэн мэдээлэл өгч ил тод, нээлттэй, иргэдийн хяналттай, оролцоотой ажиллах боломж бүрдэнэ гэж Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун онцолсон. “Улаанбаатар сонсож байна” лавлагаа мэдээллийн төвийг туршилтын журмаар ажиллуулж эхэлсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотын автозамын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээний хүрээнд улсын дугаарын хязгаарлалттайгаар хөдөлгөөнд оролцуулах журмыг үргэлжлүүлэн мөрдүүлэх эсэх асуудлаар нийслэлийн иргэдийн дунд санал асуулга явуулж болох талаар Удирдлагын зөвлөлийн гишүүд санал хэлж байв. Хот иргэндээ нээлттэй үйлчилдэг байх шинэчлэлийн санаачилгыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл дэмжиж байгаагаа илэрхийлээд төрийн үйлчилгээний талаархи мэдээллээр бүрэн хангаж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Нийслэлийн Засаг даргаас үүрэг болгосны дагуу 2009-2012 онд улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн тендерийн ажлуудын мэдээ, тайланд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч Н.Батаа танилцууллаа. Энэхүү хяналт шалгалтыг тухайн хөрөнгө оруулалтын ажлын үр дүнг бодитойгоор тогтоох, үйл ажиллагааны явцад гарч буй доголдол, зөрчлийн шалтгааныг илрүүлэн арилгах, хяналтыг сайжруулах, үнэн бодитой мэдээллээр хангах зорилгоор хийжээ. Нийслэлийн хэмжээнд 2009-2012 онд нийт 663.5 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд хийгдсэн байна. Үүнээс 2009 онд 52.6, 2010 онд 71.7, 2011 онд нийслэлийн нутаг дэвсгэрт 219.5, 2012 онд улс, нийслэлийн төсвөөс 319.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хэрэгжүүлж эхэлжээ. Шалгалтын дүнгээс харахад 2009-2012 онд нийт 58 бүтээн байгуулалтын ажил үр дүнгүй болж, төсвийн 57.2 тэрбум төгрөгийн хөрөнгө чанаргүй зарцуулагдсан байна. Эдгээрийг задалбал, 2009 онд 4, 2010 онд 20, 2011 онд 23, 2012 онд 11 ажил, үйлчилгээг тендерт шалгарсан компаниуд чанаргүй гүйцэтгэсэн гэлээ. Эдгээр ажил, үйлчилгээг салбараар нь ангилбал авто замын салбарт хамгийн их буюу 35 тэрбум, дэд бүтцийн салбарт 13.7 тэрбум төгрөгийн ажил, үйлчилгээ чанаргүй хийгджээ. Тендерт шалгарсан компаниуд ажлаа хаяж явдаг, чанаргүй гүйцэтгэдэг зэрэг нийтлэг зөрчил гаргадаг байна. Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажил, үйлчилгээг удаа дараа чанаргүй гүйцэтгэсэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй компаниудын талаар “хар дэвтэр” гаргаж бүртгэл хийх, тендерт оролцох эрхийг нь хязгаарлах хүртэл арга хэмжээ авах шаардлагатай байгааг хэлсэн. Эхний ээлжинд үүргээ удаа дараа биелүүлээгүй, авсан ажлаа хугацаандаа гүйцэтгээгүй “Нэмүт”, “Санко энерго строй”, “Мот металл”, “Бусана”, “Асати Монгол”, “Проспект интернэшнл”, “АХЭ” гэсэн долоон компанийн тендерт оролцох эрхийг хязгаарлах санал боловсруулжээ. Хамгийн бага зардлаар хамгийн их ажил хийлгэдэг Тендерийн хуулийн концепцийг өөрчлөхгүй бол хариуцлагагүй байдал, татвар төлөгчдийн мөнгийг үр дүнгүй зарцуулах явдал арилахгүй гэдгийг Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүд хэлж байлаа. Үүнээс гадна төр захиргааны болон мэргэжлийн чиг үүрэг бүхий байгууллагуудын уялдаа холбоо муу, мэдээлэл солилцдоггүй байдал нь хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил удаашрах, үр дүнгүй болоход нөлөөлж байгааг шүүмжиллээ. Тендерийн мэдээллийн нэгдсэн сан бий болгож, төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэх, ажил, үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа иргэд, олон нийтийн оролцоог хангадаг тогтолцоог бий болгох нь зүйтэй гэж Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүд үзлээ. Ажил чанаргүй гүйцэтгэсэн компаниудаас гадна тендер шалгаруулахдаа хариуцлагагүй хандсан төрийн албан хаагч, албан тушаалтнуудыг тодорхой болгож, хариуцлага тооцохыг холбогдох хүмүүст үүрэг болголоо. Тендерийн хуулийг өөрчлөх, шинэчлэх талаар Сангийн яам болон бусад байгууллагатай санал солилцохоор тогтож, Хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гаргахаар боллоо.
захирагчийн Ажлын алба байгуулна
Монгол Улсын засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх заалтыг үндэслэн гэр хорооллын 10 байршилд Улаанбаатар хотын захирагчийн Ажлын алба байгуулах саналыг Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа. Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль эрх зүйн хүрээнд шинээр байгуулах Ажлын албад нийслэлийн төсөвт үйлдвэрийн газрын статустайгаар ажиллах юм байна. Ажлын албад Улаанбаатар хотын захирагчийн Ажлын албаны үйлчилгээг алслагдсан гэр хорооллын оршин суугч, иргэдэд хүргэх, гэр хорооллыг хөгжүүлэх төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх оршин суугчдын Зөвлөлийг байгуулах, иргэдийг идэвхжүүлэх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэх ажээ. Сонгино, Био кобинат, Шувуун фабрик, Баянхошуу зэрэг гэр хороолол зонхилсон, хотын төвөөс алслагдсан бүсийн иргэд Улаанбаатар хотын захирагчийн Ажлын алба шинээр байгуулах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан юм. Төсөлд тусгаснаар гэр хорооллын 10 байршилд шинээр байгуулах Ажлын алба хоёр хүний бүрэлдэхүүнтэй ажиллах ажээ. Энэхүү асуудлыг Нийслэлийн ИТХ-д оруулж хэлэлцүүлэхийг Удирдлагын зөвлөлийн гишүүд дэмжлээ.
Нийслэлийн 2012 оны төсөвт дүүргүүдийн сонгогчдын тоо, тойрог, хэсгийн хорооны тоо, газар нутгийн байршил зэргийг харгалзан 3 тэрбум 955 сая төгрөгийн төсвөөр дүүргийн ИТХ-ын сонгууль хийхээр батлуулжээ. Дүүргүүдийн ИТХ-ын сонгуулийг 9 дүүргийн сонгуулийн хороо, 358 хэсгийн хороотойгоор зохион байгуулахаар төсвийн тооцоог гаргасан байна. УИХ-аас 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр баталсан Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулиар өмнө нь орон нутгийн төсвөөс санхүүжихээр заагдсан байсан сонгуулийн саналын хуудас хэвлэх, сонгогчийн нэрсийн жагсаалт хэвлэх зэрэг зардлууд улсын төсвөөс санхүүжих болж, хэсгийн хороонд ажиллагчдын тоог 7 байхаар, ажиллах хугацааг 20 хоног байхаар бууруулж баталсан юм. Нийслэлийн дүүргүүдээс сонгуулийн зардалтай холбогдуулж санал авахад 2 тэрбум 162.2 сая төгрөг буюу хүргүүлсэн төсвөөс 36.2 сая төгрөгийн бага зардлаар ИТХ-ын сонгуулийг зохион байгуулах боломжтой гэсэн хариу ирүүлжээ. Ингэснээр Нийслэлийн 2012 оны төсөвт дүүргүүдийн ИТХ-ын сонгуулийг зохион байгуулахад 3 тэрбум 955 сая төгрөг зарцуулахаар төлөвлөгдсөнөөс 2 тэрбум 162.2 сая төгрөг зарцуулж, урьдчилсан байдлаар 1 тэрбум 792.8 сая төгрөг нийслэлийн төсөвт хэмнэгдэх боломжтой болж байна. Улсын бүртгэлийн ерөнхий газрын холбогдох тооцоо судалгаа эцэслэн гарсны дараа зардлын дүн эцсийн байдлаар гарах юм. Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд сонгуулийн насны хүний тоо 814600 байгааг Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүдэд танилцууллаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.