
Өнгөрсөн мягмар гаригт Хонгконгийн Ламма арлын ойролцоо олон зорчигчтой хоёр гатлага онгоц мөргөлдсөний улмаас амиа алдагсдын тоо хамгийн сүүлийн мэдээгээр 38, гэмтсэн хүний тоо 100-д хүрээд байгаа юм. Энэ өдрүүдэд аймшигт ослоор амиа алдагсдын хойноос Хятад даяар эмгэнэн гашуудаж байна. Учир нь өнөөдөр Хонконгийн төрийн тэргүүн Лян Жэньин тэргүүтэй төлөөлөгчид амиа алдагсдад эмгэнэл илэрхийлсэн аж. Хятадын Синхуа агентлагийн мэдээлснээр дээрх ослын улмаас Хонконгийн олон айл өрх өнчрөл хагацал амссан бөгөөд хохирогсдын ар гэрийхэнд зориулж хандив цуглуулах ажлыг мөн Хонконгийн Засгийн газраас эхлүүлээд байгаа аж. Түүнчлэн Хонконгийн төрийн тэргүүн онгоцны ослоор гэмтсэн хүмүүсийн эмчлүүлж байгаа эмнэлэгүүдэд очиж гэмтсэн хүмүүстэй уулзжээ. Осол аравдугаар сарын нэгэнд болдог Хятадын Үндэсний баярын өдөр гарсан бөгөөд энэ өдөр “Hong Kong Electric” компани ажилчдаа гэр бүлийнх нь хамтаар уг баярыг үзүүлэхээр тээвэрлэж явсан аж.
Э.Анхтуяа